Монгол Улсад сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний станц бий болсон. Дэлхий дахинд ч байгальд ээлтэй эрчим хүчийг чухалчилж, хөрөнгө оруулалт энэ салбарт чиглэж байгаа. Монгол Улсын тухайд Сэргээгдэх эрчим хүчний хуулийг 2007 онд баталж, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Харин 2017 оны намраас эхлэн тус хууль дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлууд явагдсаар, 2018 оны сүүлчээр УИХ-д өргөн мэдүүлж, өнгөрсөн сард баталсан юм. Хуульд ямар гол өөрчлөлт орсон талаар хүргэе.
Нэгдүгээрт, тарифын өөрчлөлт. Нарны эрчим хүчнээс үйлдвэрлэх 1 кВт.ц цахилгааныг 0.12 цент хүртэл, салхины эрчим хүчнээс үйлдвэрлэх 1 кВт.ц цахилгааныг 0.08 цент хүртэл гэж...,
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр сэргээгдэх эрчим хүчний технологийн өртөг буурч, сэргээгдэх эрчим хүчний үнэ нүүрс, байгалийн хий гэх мэт уламжлалт эх үүсвэрээр үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний үнэтэй өрсөлдөх хэмжээнд хүрсэн. Энэ аргыг нэвтрүүлээд үр дүнд нарны эрчим хүчний үнэ дэлхийн зах зээл дээр 1кВт.ц-н үнэ 2.4 - 9.3 ам.цент хооронд болж буураад буй. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Хууль баталж байх 2007 оны үед ам.долларын ханш 1200 төгрөг байсан. Гэтэл жил ирэх тусам ам.долларын ханш огцом өсч эхэлсэн. Ханшийн зөрүүнээс болж сэргээгдэх эрчим хүчний үнэ, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ хоёрын хооронд үнийн зөрүү гарч эхэлсэн. Арабын нэгдсэн Эмират улсад 1 кВт.ц нарны эрчим хүчний үнэ монгол төгрөгөөр тооцоход 57.3 төгрөг, АНУ-д 64.5 төгрөг, Мексикт 78.8 төгрөг, Германд 193.6 төгрөг, БНХАУ-д 186.4 төгрөг байгаа. Гэтэл Монгол Улсад 358-430 төгрөгийн үнэтэй байна. Хоёрдугаарт, эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдал үүссэн. Тиймээс яалт ч үгүй Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа эргэж харах ёстой” гэсэн юм.
Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хөгжүүлэгчийг тендерээр ялагчийг тодруулах буюу Аукчионы зах зээлийг нэвтрүүлэхээр. Өөрөөр хэлбэл, хамгийн хямд тарифтай төсөл хөгжүүлэгч ялна гэсэн тайлбарыг хууль санаачлагчид өгсөн.
Гуравдугаарт, “Хөрөнгө оруулалтын баталгаа” гэсэн томъёолол оруулсан. Тайлбараас нь сонсвол 10 МВт-ын станц байгуулахын тулд 500 мянган ам.долларын барьцаа хөрөнгө байршуулах юм.
Дөрөвдүгээрт, Дамжуулах сүлжээнд холбогдох өргөтгөлийн зардлыг төсөл хэрэгжүүлэгч гаргахаар болсон.