Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин дэд ажлын дөрөв дэх хэсэг буюу Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг тус бүр тодорхой саналуудыг нэгтгэн ирүүлснийг танилцуулав. Мөн тойрогтоо ажиллаад, иргэдэд төслийг танилцуулсан УИХ-ын гишүүд иргэдээс ирүүлсэн саналуудыг Дэд ажлын хэсгүүдэд хүргүүлсэн байна. Хуралдаанаар Дэд ажлын хэсгүүдээс боловсруулсан санал нэг бүрийг хэлэлцэж, нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд монгол хэлний мэргэжлийн судлаач, эрдэмтэн ажиллуулах санал ч гарсан байна.