
Засгийн газраас Тавантолгой бүлэг ордын Бортээгийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах төслийг олон нийтэд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлэх болсон.
Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах илэрхийлсэн дотоод, гадаадын нийт 7 аж ахуйн нэгж, консорциум саналаа ирүүлсэн байна. Сонгон шалгаруулалтыг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарлаж, материалыг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл хүлээн авсан юм.
Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг баримталж байгаа бөгөөд Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ирүүлсэн саналуудыг санхүү, эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтээр харьцуулан үнэлж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын шийдлийг Засгийн газарт танилцуулах юм.
Энэхүү төсөл нь Монгол Улсад уул уурхайн томоохон ордыг анх удаа нээлттэй өрсөлдөөн, ил тод шалгаруулалтаар эдийн засгийн эргэлтэд оруулж буй жишиг загвар болж байна.