Зургаадугаар сарын 26-ны өдөр тохиох “Хар тамхи, мансууралтай тэмцэх” дэлхийн өдрийг угтан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтууд болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байна.
Мөн зорилтод бүлгийн иргэдэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, ажилтнуудтай хамтран хор хөнөөлийн талаарх сургалт мэдээллийг зохион байгуулахын зэрэгцээ тухайн аймгуудын хилийн боомтод ажиллаж буй хууль сахиулах байгууллагын алба хаагчдад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд анхаарах асуудал сэдвээр мэргэшүүлэх сургалтыг тус тус зохион байгуулах юм.
2018 онд энэ төрлийн 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдон шалгагдаж байна.
/Урд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 7,3 хувиар буюу 7 нэгжээр, холбогдогч 1,1 хувиар буюу 2 нэгжээр өссөн байна./

Нийт холбогдогчийн 87,2 хувь буюу 164 нь эрэгтэй, 13,8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4,7 хувь буюу 9 нь насанд хүрээгүй хүн байна.
Гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй байжээ.
Боловсролын байдлаар нь үзвэл: 67,5 хувь нь бүрэн дунд, 23,4 хувь нь дээд, 6,3 хувь нь бүрэн бус дунд, 1 хувь нь тусгай дунд боловсролтой байна.
Гадаад улсын 7 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос ХБНГУ-ын дөрөв, БНСУ-ын нэг, Франц нэг, Энэтхэгийн нэг иргэн байна.
Орон нутагт 2019 оны хагас жилийн байдлаар 13 гэмт хэрэг бүртгэгдсэн ажээ.