Олон хүний урсгал дунд хамт яваа хүмүүсээсээ хоцрохгүй бас төөрөхгүйн тулд орчин тойрноо ажиглах сөхөөгүй явтал гэнэт улаан зам дээр хэн нэгэн хэвтэж байхтай таарав. Өнөөх олон хүний урсгал түүний дээгүүр алхах нь холгүй өнгөрөх юм. Хүйтэн пилтан дээр нэг даавуу хаяад л дээр нь хэвтсэн тэр хүн ихэд туранхайн дээр үе үе татавганах нь яг л үхэж гэж байна уу гэмээр эвгүй. Эргэн тойрныг ахиулан харах нь ээ, хүйтэн чулуун пилтан дээр хэвтсэн хүмүүс хаа сайгүй. Ил гал түлж хоол хийж идэх нь, хөл нүцгэн жаалууд тэднийг тойрон тоглох нь энэ хүмүүсийн амьдрах орон зай нь ерөөсөө л энэ ажээ. Нохой, сармагчинтайгаа хоолоо хувааж идэж, зэрэгцэн амьдрах тэдний эд хогшил нь ердөө алчуурт баадагнаж боосон бяцхан ачаа. Энэтхэгт очоод энэ дүр байдалд анх балмагдав. Дэлхийд хүн амынхаа тоогоор хоёрдугаарт ордог энэ улсын нэг том асуудал бол ядуурал. Хятад улс хүн амынхаа тоог саяхныг хүртэл “нэг айл нэг хүүхэд” гэсэн бодлогоор хазаарлаж байсан бол Энэтхэг улс ардчилсан тогтолцоотой учраас төрөлтийг хязгаарлах бодлого зөвхөн уриалгын чанартай байдаг учраас хүн амын тоо эрчимтэй нэмэгдсээр байгаа. Аль ч улсын хүн амд ядуу давхарга бий. Хүн ам олон тусмаа ядуусын тоо бусад улс оронтой харьцуулахад өндөр харагдах нь зүй. Гэхдээ энд ядуурлын механик шалтгааны тухай ярих гэсэнгүй. Ядуурлын тухай ойлголт руу, “оюун санаа” руу орохыг хүссэн билээ. Эгэл жирийн энэтхэг хүмүүсийн амьдрал өөрөө энэ тухай эргэцүүлэхэд хүргэсэн юм.

“Энэ дэлхий хүний хэрэгцээг хангаж хүрэх ч шуналыг нь гүйцээж дийлэхгүй”

Энэтхэгийн ард түмний оюун санааны удирдагч, хүн төрөлхтөний хүмүүнлэг үзлийн “туг” нь болсон Махатма Ганди ингэж хэлсэн нь бий. Тэрбээр хэдийгээр дэлхий дахинаа алдар хүндтэй хүн байсан ч эх нутагтаа үйлдвэрлэсэн хэдэн ам цагаан даавуугаар бие ороон явдаг энгийн хүн байсан гэдэг. “Байгаль эх бидэнд өлсөх мэдрэмжийг заяасан бол өлсгөлөнг дарах хүнсийг мөн л заяасан. Харин хүн л шуналдаа хөтлөгдөн хэрэгцээнээсээ илүү ихийг хэрэглэн хомсдол үүсгэдэг. Хэрэв хүн бусдын эд зүйлсэд шунадаггүйсэн бол бидний хамтын амьдрал хичнээн амар амгалан байхсан.” (“The Collected Works of Mahatma Gandhi” номоос эдийн засагч А.Баярцэцэгийн орчуулгаар) хэмээх үзэл баримтлалаа тэрбээр өөрийн амьдралаараа харуулж байжээ. Түүний энэхүү үзэл эдийн засгийн хөгжлийн бодлогод ч тусч, экспортыг дэмжих бодлогоос татгалзаж, импортыг орлох амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан нь хожим нь Энэтхэг оронд аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжүүлээгүй гэдэг шүүмжлэлийг хүртэж байсан аж.

Энэтхэг улс өдгөө эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд долоод ордог, мэдээлэл технологи зэрэг орчин үеийн хөгжлийн үзүүлэлтүүдээрээ толгой цохих орон болжээ. Харин энгийнийг эрхэмлэдэг энэтхэг ухамсар хэвээр үлдсэнийг анзаарсан юм. Үүнээс үүдээд ядуу хүн, энгийн байдлыг эрхэмлэдэг хүн хоёрыг ялгах хэрэгтэйг ойлгосон. Пилтан дээр унтдаг, орон гэргүй хүн болгоныг ядуу хүн гэх үү, хүсэл шуналаасаа ангижирсан ухаантан гэх үү. Энэтхэгт үгээгүй ядуу нь ч, үнэхээр ухаантан нь ч байгаа гэж хэлнэ. Гэхдээ тэр бүгдийг өнгөн талаас нь харж, ядуурал гэдэг нэг катагорид оруулж яавч боломгүй.

“Үнэн ялгарна”

Энэ бол Энэтхэг улсын төрийн сүлд дээрх уриа үг. Харин Махатма Гандийг оршуулах ёслол болсон газарт “Үнэн буй” гэдэг бичээст самбар бий. Энэтхэг улсын тусгаар тогтнолын болоод энэтхэгчүүдийн оюун санааны удирдагч нь гарцаагүй Махатма Ганди байж, үнэнийг тод тунхаглаж үлдээснийг эндээс харж болно. Тэрхүү үнэн энэтхэгчүүдийн голлох шашин болох хиндуизмд гүн шингэсэн байдаг. Тухайлбал хиндуизмд оюун санааныг хөгжлийн дөрвөн үе шат байдаг бөгөөд энэ нь өргөн утгаараа өөрийн шунал тачаалуудаа бүрэн хянах, хатуу сахилга батыг барих тухай юм. Шашны нөлөө их байсны нэг жишээ нь Энэтхэгт эртнээс бий болсон кастын системд Махатма Гандигийн барьж байсан бодлогоос харагдана. Брахмин, цэргийнхэн, худалдаачид болон зарц дөрвөн хэсгээс бүрдэх кастын системийг тэрбээр үйлийн үртэй холбон зөвтгөдөг байжээ. Тухайлбал,  “Кастын системийг устгаж барууныхны нийгмийн системийг авбал өв уламжлал, итгэл үнэмшлээ алдаж, үйлийн үрийн үүрдийн жамыг үгүйсгэнэ гэсэн үг. Түүнчлэн энэхүү систем нь нийгэмд хэт өрсөлдөөн цаашилбал ангийн тэмцэл үүсэхээс хамгаалдаг” (“The Collected Works of Mahatma Gandhi”) гэж үздэг байжээ.

Түүнчлэн энэтхэгчүүд зөвхөн шашин гэлтгүй оюуны соёлын хөгжлөөрөө асар эртний түүхтэй. 6000 гаруй жилийн тэртээгээс соёлын хөгжлийн үр бүрэлдэх болсон нь Энэтхэгийн газар нутаг түүхийн ихэнх үед худалдааны зангилаа бүс байсаар ирсэнд оршдог. Тиймдээ ч олон суутан хийгээд оюун санааны гэгээрэлд хүрсэн хүмүүс эндээс төрөн гарсан биз ээ. Түүнээс бидний хамгийн сайн мэдэх нь буддын шашныг үндэслэгч Гаутама Будда. Буддын шашны үзэл номлол ч мөн шунал хүслийг хорьж, хайрлаж, нигүүсэхийг сургадаг. Сонирхолтой нь буддын шашин Энэтхэгт үүссэн хэдий ч хүн амынх нь арав хүрэхгүй хувь нь шүтдэг юм билээ. Дийлэнх хувь нь хинду шашинтай бол тэдний араас ислам, христийн шашин шүтэгчид ордог ажээ. Бас нэг сонирхолтой зүйл нь Энэтхэг дэхь түүхэн дурсгалт сүм хийдүүдийн олонхи нь ислам шашных. Учир нь эртний эзлэн түрэмгийллийн үед ислам шашинтай монгол гаралтай хаад тэрхүү сүм хийдүүдийг барьж байсан байдаг. Үүний нэг нь алдарт Таж махал гэдгийг бид мэднэ.

Өдгөө бясалгал, йогийг энэтхэгчүүд голлон дэлхий нийтэд түгээж байна. Үүний мөн чанар нь бас л сэтгэлийн амар амгалан хийгээд шунал хүслээсээ ангид энгийн амьдралыг сонгох билээ. Ийнхүү Энэтхэгийн хөрсөн дээр урган төлжсөн энэ олон шашны хийгээд оюун санааны урсгал чиглэл өргөн утгаараа нэг уулзвар дээр нэгддэг нь энгийн үгээр хүн гэгч маш бага хэрэгцээнд амьдарч болдог бодьгал гэдгийг ойлгуулах. Үүнийг лавшруулан бодвол цэвэр оюун санааг амьдралын үнэн рүү энэтхэг ухамсар залж байна ч гэж хэлэхэд буруудахгүй. Нэг цагт хэтэрхий их эрх чөлөө, технологийн хөгжилд шунахдаа Америк мөрөөдлийн орон байсан бол материаллаг хөгжил эргээд хүнээ дарлахын цагт өөр рүүгээ өнгийх орон газар нь Энэтхэг ч байж болох юм.

Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж үг бий. Энэ гурав тус тусдаа асар өргөн ойлголт бөгөөд биеэ засахын тухайд л гэхэд хүн бараг нэг насаараа суралцаж үл барах том философи гэж боддог. Бид бие хүн болсон цагаасаа л амьдралын тухай, түүний үнэний тухай асуулттай бэдэрсээр явдаг болов уу. Анх цочирдон хүлээж авсан энэтхэг амьдрал сэтгэлд дотно хийгээд үл мартагдах дурсамж болсон нь амьдралын үнэний тухай асуултын зарим хариултыг олж авсан, ойлгосонд байлаа. Танихгүй атлаа бидэнд сайн сайхныг хүсч, духан дээр үнссэн түк түк ( Энэтхэгийн хамгийн хямд хөлсний унааг ингэж нэрлэдэг)-ийн жолооч өвөөгийн сайхан сэтгэл, шива бурхны болоод ядуурлын тухай бодлоо хуваалцсан “Палика” захын худалдаачны хөгжилтэй зан, хоёр цаг хичээл заасан йогийн багшийн үнэнч чанарыг хэзээ ч мартахгүй.

Д.Пүрэвсүрэн