Учир нь эмэгтэйчүүдийн ихэнх эрх монгол бүсгүйчүүдэд бэлэг болон ирсэн юм.
Тэмцэж олсон эрх
Даян дэлхийн эмэгтэйчүүд, ялангуяа европын эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүстэй ижил тэгш эрхтэй болохын тулд олон зуун жилийн ширүүн тэмцлийг өрнүүлж байж дараах эрхүүдийг олж авчээ.

Эрэгтэйчүүдтэй ижил цалин авах, ажлын байраар хангагдах
Маш олон мэргэжлийг эмэгтэй хүнд зохисгүй хэмээн хориглож байв. Швейцарт гэхэд 1965 он хүртэл нөхөртэй багшийг ажиллуулахгүй байх хууль үйлчилж байжээ. Хөрш Герман улсад нь нөхөртэй бүсгүй нийтийн албанд ажиллахыг 1954 он хүртэл хориглодог байж гэнэ. Харин 1977 оноос нэгэн нааштай хууль гарсан нь нөхөр нь албан ёсоор зөвшөөрөл өгсөн нөхцөлд эмэгтэй хүнийг ажилд авч болдог заалттай болжээ. Англид эмэгтэй дипломатуудыг нөхөрт гарахыг хориглосон хууль 1972 он хүртэл үйлчилж байсан агаад нөхөрт гарснаар англи бүсгүйчүүдийн дипломат замнал дуусдаг байжээ.
Эрэгтэйчүүдтэй ижил хэмжээний цалин авах шаардлага бүр хожим хэрэгжсэн. Гэхээ одоо ч ялгавартай хандлага оршсоор байгаа.
Өмчлөх эрх

1855 оны тав дугаар сарын 1-нд New York Times сонинд хэн үл мэдэх Люси Стоун, Хенри Блэквилл нарын хуримын талаар дуулиантай нийтлэл гарав. Хурим дээр ямар ч алдартай зочин, ямар ч тансаглал байгаагүй хирнээ юу нь анхаарал татсан бэ гэхээр Эмэгтэйчүүдийн сонгох эрхийн төлөө тэмцэгч сүйт бүсгүйн санаачлагаар хурим номлогчийн үгээр бус Америкийн гэр бүлийн тухай хуулийн эсрэг тунхаг уншсанаар эхэлж байжээ. Тэр тунхагт эмэгтэй хүн нөхөрт гармагц өмчлөх эрхээ алддаг байсныг голлон эсэргүүцсэн юм. Ийм хуулийн заалт Англид XX зууны дунд үе хүртэл хүчинтэй байсан. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэг Люси Стоун хуримын дараа нөхрийнхөө овгийг аваагүй, охин цагийн нэрээ хадгалж үлдсэн анхны америк эхнэр болсон юм.
Уушгиа хордуулах эрх

«ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ТАМХИ ТАТАХЫГ ХАТУУ ХОРИГЛОНО» гэсэн гарчигтай нийтлэл New York Times сонин дээр 1908 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гарчээ. Нью-Йорк хотын захиргаанаас гаргасан журмаар зочид буудал, ресторанд тамхи татсан эмэгтэйг тэр даруй хөөж гаргаагүй бол тухайн байгууллага хатуу хариуцлага хүлээх ёстой болов. Журам гарсны маргааш цагдаа нар анхны зөрчил гаргасан тамхичин эм Кэти Малкахиг баривчилж гэнэ. Бүсгүй 5 долларын торгууль төлөхөөс татгалзсэн учраас шоронд илгээгджээ.
Пиар - олон нийтийн харилцааны эцэг гэгдэх Эдвард Бернейзд тамхи үйлдвэрлэгчид хандснаар Бернейз эмэгтэй тамхичдад тавьсан хоригийн эсрэг нэн сонирхолтой эсэргүүцлийн кампанит ажлыг бодож олсон байдаг. Lucky Strike тамхины компаний Ерөнхийлөгч Жорж түүнд хандахдаа, «Эмэгтэй худалдан авагчдаа алдснаар бид орлогынхоо 50 хувийг алдах нь» хэмээн уурсаж байжээ.
Зигмунд Фройдын зээ дүү Бернейз домогт ахынхаа психоанализын онолыг амьдралд хэрэгжүүлэгч байсан бөгөөд тэрээр янжуурыг эр бэлэг эрхтний төсөөлөл, эр хүний чадамжийн илэрхийлэл гэдгээр эмэгтэйчүүдийн далд ухамсарт буудаг гэсэн итгэл үнэмшилтэй байв. Тэгээд янжуурыг эмэгтэйчүүдийг эр хүн шиг хүчирхэг харагдуулах бэлэгдэл, дуудлага, илэрхийлэл гэсэн холбомж үүсгэх аргыг эрэлхийлжээ. Тэгээд "Эрх чөлөөний бамбар" гэх санааг олсон. Нью-Йорк хотноо жил бүрийн хавар болдог Easter баярын парадын үеэр Бернейз чинээлэг бүсгүйчүүдийг олны өмнө бөөнөөрөө чамин дэгжин байдлаар янжуур татахыг ятгав. Хурсан олны дунд бэлтгэгдсэн тамхичин бүсгүйчүүд зогсож байгаад утаа уугиулж буй бардам бүсгүйчүүдийг бахдан хашгирч, "Хараач, жинхэнэ эрх чөлөөтэй бүсгүйчүүд", "Тэд эрчүүдээс огтхон дутахгүй харагдаж байна" хэмээн орилолдсоор тэдэнтэй нийлж бүлэг тамхидалт үүсгэнэ.
Энэ зуур Бернейз хэвлэлийнхнийг цуглуулан, би тэдгээр эмэгтэйчүүд эрх чөлөөгөө олж авахын тулд тамхийг Эрх чөлөөний бамбар болгон асааж байгаа гэж сонслоо гэхчилэн “шургажээ”. Бернейзийн худалдаж авсан фото зурагчид баярын үеэр ихэмсгээр асаалттай янжуур өргөсөн бүсгүйчүүдийн зургийг маргааш нь бүх сонин, сэтгүүл дээр «Эрх чөлөөний бамбар» гарчгийн дор нийтлүүлсэн байв. Хотын захиргаа хоригоо цуцлаж, энэ цагаас эмэгтэй тамхичид хаа сайгүй "жаргалаа" эдлэх болжээ. Lucky Strike компани янжуурын рекламдаа Атлантын далайг анх удаа онгоцоор туулсан эмэгтэй нисгэгч Амелия Эрхартыг тоглуулснаар эмсийн тамхидалт улам гаарав.
Олимпид оролцох эрх
Эртний Грект Олимпийн тоглолт зөвхөн эрэгтэйчүүдийн дунд явагддаг байжээ. Энэ уламжлалын дагуу орчин цагийн Олимпийн анхны тоглолт 1896 онд Афинд явагдахад бас эмэгтэйчүүдийг оролцуулаагүй юм. Олимпизмыг үндэслэгч Барон Пьер де Кубертен ч, эмэгтэй тамирчдыг «тун эвгүй, эвсэлгүй, сонирхолгүй, гоо зүйгүй» харагдах байх хэмээн хэлж байлаа. Гэлээ ч де Кубертений эсэргүүцлийг үл тоон дараагийн олимп болсон Парист, 1900 онд нийт 997 оролцогчийн 19 нь эмэгтэй тамирчид болов. Тэд теннис, гольфийн төрөлд тэмцэлдсэн байна. 1960-аад оныг хүртэл зуны Олимпид оролцдог эмэгтэй тамирчдын тоо 6-7, өвлийн олимпийнх 2-3 орчимд л эргэлддэг байжээ. Ганцхан морин спортод эрэгтэй, эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөх боломжтой.
Өмд өмсөх эрх

Дорнын эмэгтэйчүүдэд өмд өмсөх нь ямар ч хүндрэлгүй зүйл байсаар ирсэн. Гэтэл өөрсдийгөө орчин цагийн соёл иргэншлийн өлгий хэмээн хөөргөдөг Европт XX зууны дунд үе хүртэл энэ тал дээр хатуу хориг таьдаг байжээ. Бүр саяхан 2010 онд л Парис хотод эмэгтэйчүүдийг өмд өмсөхийг хориглож байсан хуулийн заалтуудыг албан ёсоор хүчингүй болгосон юм. Тийм хууль 1799 онд батлагдсан байжээ.
XX зууны эхэнд Англид Уиган гэх уурхайн хотод уурхайчин бүсгүйчүүд цооногт ажиллахдаа эрэгтэй ажлын хувцасны өмд өмссөн нь галзуурсан эсэргүүцлийг дуудаж байсан байна. Тэгээд аргагүй ажлын нөхцөл байгааг ойлгон зөвшөөрөхдөө өмдний гадуур банзал өмсөхийг шаардах болжээ.
1930-аад оны алдарт жүжигчид, кино одод Марлен Дитрих, Кэтрин Хепберн нар гудамжаар өмдтэй гунхахад үүнийг зөвхөн супер од, урлагийнханд л хамаатай үзэгдэл хэмээн тооцож байв. Жирийн бүсгүй ингэж зүрхлэх аваас элэг доог эсвэл улайрсан эсэргүүцэлтэй тулгарна. 1949 онд феминизмийн дууч Симона де Бовуар «Хоёрдогч хүйс» номдоо өмд өмсөхийн улс төрийн агуулгын талаар ингэж бичжээ:«...эмэгтэй хувцаснууд илүү байгалийн харагдуулдагтай маргах хэцүү. Мэдээж, эрэгтэй хувцас бага зэрэг хиймэл харагдуулах ч илүү энгийн амар, биед эвтэй, үйл хөдлөлд саадгүй байдаг. Эр хүний хувцсыг, өндөр өсгийгүй гутлыг Жорж Санд, Изабелла Эхберард гээд бүхий л идэвхтэй үйл ажиллагаа явуулж, манлайлж асан хүүхнүүд өмсдөг байсан нь учиртай».
1969 онд английн баатар-нисгэгч Фрэнсис Таунсэнд Ритц зочид буудалд болсон «Британий төлөөх тулалдаан» киноны нээлтэд эхнэрээ дагуулан иртэл үүдэнд: «Өмдтэй бүсгүйчүүдийг оруулахгүй» гэсэн анхааруулга угтжээ. 1970 онд Германы парламентын дэд дарга Рихард Егер танхимаас өмд өмсч ирсэн эмэгтэй депутатуудыг хөөн гаргахыг шаардаж байв. Өмднөөс гадна усны хувцас, богино банзал өмсөх эрхийг эмэгтэйчүүд шаргуу тэмцлийн үрээр олж авсан юм.
Боловсрол эзэмших эрх
1873 онд Харвардын Их сургуулийн профессор Эдвард Кларк, «Боловсрол дахь хүйс» хэмээх шинжилгээний бүтээлдээ өнөө цагийнхны элгийг хөшөөхөөр зүйл бичжээ. "Коллежд суралцдаг эмэгтэйчүүдийн тархи томорч, хүндэрдэг. Үүнээс болоод тархийг цусаар хангахын тулд хамаг цус дээш шахагдснаар өндгөвч нь тэжээлгүй хоцорч, улмаар үргүйдэлд хүргэдэг" Энэ бол хошигнол биш итгэл үнэмшил байсан юм.
1915 онд Тюрингийн Их сургуульд шалгалт өгч байгаа эмэгтэй оюутныг харсан хүмүүс «Ямар өрөвдөлтэй юм бэ! Эмэгтэй хүн сурахаар ийм муухай болдог байна шүү …» хэмээн хөөрхийлж байжээ.
Сонгох, сонгогдох эрх

Өнөөдөр эмэгтэй удирдагчидтай орон цөөнгүй. 35 орчим улс Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүнийг сонгожээ. Дэлхийн нийт сайдын суудлын 17 хувьд эмэгтэйчүүд сууж байна. Бараг бүх улсад эмэгтэйчүүд сонгох эрхээ эдлэх болсон. Гуравхан улс Бутан, Бруней, Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцдоггүй.
Гэвч энэ эрхийг олж авахын төлөө ямархуу хүнд тэмцэл өрнөсөн гээч. Цонх хагалах, хаалга үүд эвдэхээс өгсүүлээд сонгуульд оролцох тухай ярьсан эмэгтэйн гэрийг галдах, зодох, алах зэрэг гүжирмэг арга хэмжээ авч, хариуд нь бүх нийтийн ажил хаялт, жагсаал цуглаан амиа хорлолт, тэслэлт дэлбэлэлт явуулах зэргээр цуст тэмцэл өрнүүлж байж олон оронд эмэгтэйчүүд сонгуулийн эрхээ олж авсан байдаг. Суфражист хөдөлгөөн (suffrage – сонгуулийн эрх) бол ХХ зуунд монгол эмэгтэйчүүдийн бэлэг маягаар бэлэн авсан эрх тул ач холбогдлыг төдийлэн мэдэрдэггүй, үнэлдэггүй юм.
Хамгийн анх эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрх олгосон улс бол Ардчилал, Эрх чөлөөний туг гэгдэх АНУ биш юм. Анхлан Шинэ Зеландад 1893 он дэмэгтэйчүүд санал өгөх эрхээ эдэлжээ. Харин сонгогдох эрхийг эмэгтэйчүүдэд анхлан олгосон улс нь Финлянд бөгөөд 1906 онд парламентэд эмэгтэй хүн анх сонгогджээ.
Европт хамгийн сүүлд Лихтенштейнд 1984 онд эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг хүлээн зөвшөөрсөн аж.
Бэлгэнд ирсэн эрх

Эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш байдал гэх мэт зүйлсийн тухай огтоос сонсоогүй, мэдээгүй, шаардаагүй байхдаа монгол хүүхнүүд олон гоё "эрхийг" Коминтернээс бэлгийн журмаар авчээ. Ийм эрхүүдийг дэлхийн хүүхнүүд яаж зовж зүдэрч олж авсныг монгол хүүхнүүд мэдрэх ч боломж гарсангүй. "Хүмүүн төрөлхтний дотроос хүнд ихээр дарлагдсан хөөрхий бидний бүсгүйчүүд" хэмээн өөрсдийгөө өрөвдөхчөөн аядаад эдлэж гарчээ. Тэмцэж олсон бус угаас өөрсдөд нь заяагдмал шахуу байсан эрхүүдийг олдмол хэлбэрээр эдлэх нь олон гажиг дагуулсан. Хамгийн гол нь яагаад ийм эрх эдлэх гэж байгаагаа огтоос ойлгохгүй, мэдрэхгүй нь гачлан.
Үнэндээ бол монгол ахуйд өрхийн тэргүүн нь эр хүн, нөхөр нь мэт харагдах ч үнэн чанартаа үндсэн гол шийдвэрүүд эхнэр, эмэгтэй хүний оролцоогүйгээр гардаггүй явсаар өнөөг хүрсэн юм. Нэг хошин шогийн үзүүлбэр байдаг. Баахан эрчүүд бөөгнөрөн зогсож байтал Лхагваа зарлана. "Эхнэрээсээ айдаггүй эрчүүд баруун талд зогс!" Бооёогоос бусад нь яаран сандран ялгарав. Лхагваа үлдсэн ганц "зоригт эр" Бооёогоос асууна. "Чи эхнэрээсээ айдаггүй хүн үү?" Бооёо: “Үгүй ээ, эхнэр маань олон хүнтэй газар битгий очиж бай гэсэн юм аа”. Хошин тоглолт төдий мэт боловч монгол ахуйн мөн чанарыг харуулсан үзүүлбэр. Эрт үедээ ч ийм л байсан. Чингис хаан атаат дайснаасаа эмээгээгүй мөртөө Өүлэн эх, хатан Бөртэгээс айдаг байсан юм. Хасарыг шоглочихоод ээжээсээ хулган зугатаж, Хулантай нөхцчихөөд Бөртэгээс уучлал эрнэ. Хатнаасаа айсан их хаан Аргусан хуурчийг явуулж аргадсан домог бий. Бөртэ үжин харин “эр хүн шиг” хариу өгсөн байдаг. "Энэ их улсад эмс охид олон гэнэм. Эрэн аваачихыг эзэн та минь мэднэм зээ"
Монгол ахуй дахь эмэгтэйчүүдийн байр суурь Европ шиг байсангүй. Гэвч коммунистууд монгол хүүхнүүдийг та нар дарлагдсан, ямар ч эрх чөлөөгүй амьтас гэж итгүүлэв. Хамгийн сүүлд жендерийн тэгш байдал, эмэгтэй хүн төр барихгүй бол алдуураад гажуудаад явчихдаг гэх мэт зүйлсийг Европ зүгээс тэдний сэтгэхүйд суулгав. Монгол эмэгтэйд өмд өмсөхөөсөө айх, тамхи татахдаа эмээх, морь унахаа асуух, сургуульд суух эсэхдээ эргэлзэх шаардлага огт тулгарч байсангүй. Цалингийн хувьд ч эмэгтэй учраас гээд бага цалин тогтоодог жишиг үгүй. Халамжийг бол нэн тэргүүнд хүртэнэ. Гэтэл улс төрд л эрх нь дутаад байна хэмээн бухимдацгаана.
Үр дүнд нь эмэгтэйчүүдийн квот гэж зүйлийг бий болгосон. Түүгээр бол монголын сонгогчид 76 гишүүнийхээ 30 хувьд нь нэн ухаалаг эмэгтэй түшээгээ сонгож байж энэ улс хазгай гишгэхгүй явах учиртай аж. Үүнийгээ зөвтгөх гэхдээ эмэгтэй улс төрчид "лалын тулгуур үзэлтнээр дүүрчихсэн, эмэгтэйчүүдийг илтэд ялгаварлан гадуурхадгаараа зартай Афганистаны парламентийн гишүүдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байгааг юу гэж дүгнэх вэ? Манайхаас илүү ардчилал тэнд байгаа юм бишүү?" хэмээн асуудаг. Үүний зөв хариулт нь: Афган бүсгүйчүүд эрх нь байнга зөрчигдөж, жинхэнэ дарлалд байдаг учраас үүнийгээ зөөллөх гэхдээ шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахаас аргагүйд хүрдэг. Тэрнээс ардчилсан, ардчилсан бусдаа асуудал оршоогүй. Бодит хэрэгцээ шаардлага байгаа учраас. Харин монголд эсрэгээрээ эмэгтэйчүүдийг илэрхий ялгаварлан гадуурхах хандлага байхгүй. “Эмэгтэй хүн учраас...” хэмээн дор үзэх нийгмийн сэтгэхүй ч их биш. Ажил олгогчид "залуухан, царайлаг, нуруулаг, англи хэлтэй" эмэгтэйг л ажилд авахыг хүсдэг гэх гомдлоос цаашгүй. Тийм үзэгдэл тэгэсгээд ул болсон.
Харин улс төрд буй эмэгтэйчүүд өөрсдийн сонгогдох, томилогдох боломжийг баталгаажуулах, өргөн байлгах хүсэлдээ хэт автахдаа "дарлагдан, гадуурхагдсан, эмэгтэйчүүдийн тэгш эрх алдагдсан" гэх зүйлсээр гул барин нэр дэвших квот гэж зүйлийг өөрсдөдөө зориулан гаргасан юм. Бодит байдал дээр монголын эмэгтэй сонгогчдод Их хуралд эмэгтэй хүн сонгох онцгойлсон хүсэл, хэрэгцээ огт байхгүй нь удаа дараагийн судалгаагаар тогтоогдсон аж.
Орон нутгийн ИТХ-д квот тогтоосонгүй гэх гомдол байгаа олоогүй бөгөөд зарим сумын ИТХ-д эмэгтэйчүүд 60 хувьд хүрсэн түүх ч бий. Гэтэл нэг эмэгтэй улс төрч 30 хувийн квотоо ч чамлах аястай зүйл ярьсан байдаг. "Их британий парламентийн гишүүдийн 20 хувь нь эмэгтэй. Тэд үүнийг бага байна гэж шүүмжилж цаашид квотоо нэмэгдүүлэх тухай ярьж байна. Африкийн Руандагийн парламентийн гишүүдийн 56 хувь эмэгтэй гэсэн үзүүлэлтээр дэлхийд дээгүүр ордог бол Шведэд энэ тоо 45 хувь, Германд 40 хувь, Данид 38 хувь байдаг" хэмээн шунагласан байх юм.
Монголын аль ч намд хуулинд заасан 30 хувьд хүргээд нэр дэвшүүлчих, тэгээд сонгогчдын итгэлийг олчих тооны эмэгтэй улс төрч байхгүй. Намын дарга нарын аргаа барж байгаа ганц зүйл нь өнөөдөр сонгуульд өрсөлдчихөөр хэмжээний боловсрол, чадвартай, дэмжлэгтэй 22 хүртэлх тооны эмэгтэй нэр дэвшигчийг олох явдал болоод байгаа гэнэ. Мэдээж дуртай хүүхнүүд зөндөө бий. Дур эзнээ голохгүй ч сонгогчдод тоогдох нь хуруу дарам. Тийм учраас парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 30 хувьд хүртлээ хол байна даа, хол байна. Мартын 8 болох гэж байхад билэггүй юм бичлээ гэж бухимдах хэрэггүй. Яаж ч сайхнаар төсөөлөөд бодит байдал бол бодит байдал шүү дээ.
Товчхондоо монголын улс төрд феминизмийн тугийг өндөрт өргөлөө ч намиртал нь үлээх салхи хараахан алга аа.
Г.Мөнгөнчимэг
