Монголын геодези, зураг зүйчдийн нэрэмжит талбайн шавыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тавьжээ. Монголын хүүхэд, залуучуудад ард түмэнд Монгол Улсын газар нутгийн хэлбэр хэмжээг таниулах, геодези, зураг зүйн салбарын инженер нийгэм эдийн засагт юу бүтээдгийг олон нийтэд ойлгуулахаар тус талбайг нээх юм байна. Мөн тус салбарын 90 жилийн ойд Монголын Геодези, зураг зүйчдийн зүгээс барьж буй бэлэг аж. Уг талбайд Монгол Улсын ерөнхий төлөвлөгөөний газрын зураг, газар орчны байр зүйн зураг, засаг захиргааны зураг, гурван метр өндөр багаж бүхий хүний баримал зэргийг байгуулах гэнэ. Эл ажлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо хамтран хийхээр болжээ.