БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсч, урт дараалал үүсгэдэг билээ.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын ЭСЯ-наас ачааллыг бууруулах зохицуулалт хийжээ. Ингэхдээ мягмар гараг бүрийн 9.30-12.00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичгийн баталгаажуулалт хийлгэх иргэдийн баримт бичгийн бүрдүүлэлтийг урьдчилан шалгаж, бүрэн байгаа тохиолдолд виз болон баталгаажуулалт хийлгэх материалаа мэдүүлэх цаг олгох шинэ журамд шилжэхээ мэдэгдэв.

Иймд иргэд дээрх журмыг баримтлан тус улсын ЭСЯ-нд шууд хандахын зэрэгцээ “Виз яаралтай гаргана”, “Виз мэдүүлгийн цаг, дарааллын дугаар зарна” гэх зэрэг хууль бус үйлдлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөлөө.

Дашрамд дурдахад, БНХАУ-ын ЭСЯ  долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагийн 9.30-12.00 цагийн хооронд виз мэдүүлгийн материал хүлээн авдаг байна.