“Мөнгөн гүүр” эмнэлгийн Сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасгийн эрхлэгч Ж.Соёлмаатай сэргээн засах эмчилгээний талаар ярилцлаа.
Сэргээн засах эмчилгээ гэхээр иргэд шууд л уламжлалт эмчилгээ гэж ойлгох гээд байдаг. Уламжлалт эмчилгээ, сэргээн засах эмчилгээний ялгаа юу вэ?
Хүмүүс сэргээн засах эмчилгээг уламжлалт эмчилгээтэй ижилхэн, нэг зүйл гэж ойлгодог. Энэ бол буруу ойлголт юм. Уламжлалт эмчилгээ дорнын анагаах ухаанаас гаралтай бол сэргээн засах эмчилгээ Европоос гаралтай. Сэргээн засах эмчилгээ нь бүх төрлийн өвчин эмгэг, гэмтлийн улмаас хүн чадвараа алдахаас урьдчилан сэргийлэх, нэгэнт чадвар алдсан бол чадвар алдалтыг арилгах болон багасгахад чиглэгдсэн анагаах ухааны биеэ даасан салбар.
Хүмүүс чадвар алдалт гэж юу вэ гэж их асуудаг. Бидний ярих, хооллох, явах, шилжих, бие засах нь бүгд өөрөө өөртөө үйлчлэх болон өдөр тутмын чадварууд юм. Хүний танин мэдэх чадвар гээд бүхий л чадварууд өвчин, эмгэгийн улмаас алдагддаг. Жишээ нь хөл нь өвддөг хүн явах чадвараа алдан бие дааж явж чадахгүй бусдын тусламжтай болон таяг тулан явдаг болдог гэх мэт. Тэгэхээр тэр чадварыг яаж сэргээх вэ гэдэгт чиглэгдэн ажилладаг салбар гэж ойлгож болно.
Тодорхой нэг өвчний үед хэд хэдэн чадварууд зэрэг алдагддаг учраас сэргээн засах эмч, хөдөлгөөн засалч, ахуй засалч, хэл засалч, сэтгэл засалч гэх мэт мэргэжилтнүүд хамтарч ажилладаг.
Хүмүүс сэргээн заслын эмчилгээ гэхээр физик эмчилгээ, шарлага, массаж төдийхнөөр ойлгох гээд байдаг. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь юм.
Танай эмнэлэг дээр сэргээн засах эмчилгээнд голчлон ямар өвчний улмаас иргэд хандаж байна?
Манайх гэмтлийн анхны хувийн эмнэлэг гэдэг утгаараа гэмтлийн дараахь сэргээн засах олон. Түүнээс гадна өвдөгний үеийн остеоартрит өвчний улмаас сэргээн засах эмчилгээнд хандах нь их болсон. 2018 онд манай тасгийн үйлчлүүлэгчдийн 64 хувь нь остеоартриттай үйлчлүүлэгч байсан.
Остеоартрит нь өвдөгний үеийн шингэн багасах, үенд яс ургах, үений жийргэвч мөгөөрс элэгдэх зэрэг өөрчлөлтүүдээс үенд гардаг эмгэг юм. Олон улсад хийсэн судалгаагаар 60-аас дээш насанд түгээмэл тохиолддог. Гэтэл манай монголчуудад энэ өвчин 40-өөс дээш насныханд ч тохиолдож байна. Энэ нь Монголын эрс тэс уур амьсгал, ажлын хүнд нөхцөл, биеийн жингийн илүүдэл, олон давтагдсан гэмтэл зэргээс үүдэлтэй эрт өвдөж байна гэж боддог.
Иргэд эрт оношлуулж, арга хэмжээ аваагүйгээс ихэвчлэн хожуу шатандаа буюу 4-р үедээ орсны дараа эмнэлэгт хандах нь цөөнгүй байна. Энэ өвчин нь дөрвөн үе шаттай. Нэгдүгээр шатандаа эрүүл амьдралын хэв маяг, биеийн жингээ зохистой түвшинд барьж, үений нэмэлт тэжээл уух, дасгал хөдөлгөөн хийснээр эмчилж болдог. Харин хоёр болон гуравдугаар шатанд орсон тохиолдолд сэргээн засах эмчилгээг өвчний зовиур шаналгааг арилгаж, чадвар алдахаас урьдчилан сэргийлэх, дараагийн үе шатанд орохыг удаашруулах зорилготой хийдэг. Сэргээн засах эмчилгээнд физик эмчилгээ, лазер эмчилгээ, хөдөлгөөн заслын эмчилгээнүүдийг хийхээс гадна үений гиалурин тарилгыг хийдэг. Харин дөрөвдүгээр үед бол үе солих хагалгаа хийхээс аргагүй байдалд хүрдэг.
Хүмүүс ихэвчлэн дөрөвдүгээр шатандаа орсон тохиолдолд эмнэлэгт ханддаг байдал цөөнгүй. Дөрөвдүгээр үе шатандаа орсон хүнд бид нэгдүгээр шатны эмчилгээг хийгээд ямар ч үр дүнгүй учраас цаг хугацаа, эдийн засгаараа хохирон зовуурь нь огт багасахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эмч нар хэзээ ч нэг, хоёр, гуравдугаар шатандаа байгаа хүнд хагалгаанд ор гэж зөвлөхгүй. Эмч нар танд хагалгааг зөвлөсөн л бол та орохоос өөр аргагүй шүү. Та хагалгаанд ор гэхээр өөр сайн эмч хайн хагалгаанд орохгүйгээр эмчлэх ид шидтэй эмч хайн үендээ алтан, мөнгөн зүү тавиулан янз бүрийн эм тариа хийлгэн улам л эдийн засгаараа хохирон зовуурь, шаналгаагаа нэмсэн үйлдлүүд хийдэг. Тиймээс эмчийн зааврыг сайн биелүүлж, бага шатандаа буюу дөнгөж зовуурь илрэхэд мэргэжлийн эмчид хандан оновчтой эмчилгээг цаг алдалгүй хийх хэрэгтэй.
”Өвдөгний үе, үе мөч өвдсөн бол энэ тос маш сайн, 2-3 сар хэрэглээд бүрэн эдгэнэ” гэсэн сурталчилгаа сүүлийн үед их гарах болсон. Тэдгээр эм, тоснууд хэр үр дүнтэй байдаг вэ?
Ийм рекламууд хоёр төрөл байдаг. Нэг нь эм, нөгөөх нь жоргүй олгох нэмэлт бүтээгдэхүүн. Гэтэл хүмүүс бүгдийг нь эм гэж ойлгоод байдаг. Жишээ нь эмчийн жоргүй олгодог нэмэлт бүтээгдэхүүнүүдийг аваад хэрэглэж болно. Гэтэл үрэвсэл, өвдөлт намдаадаг эм, түрхлэгүүдийг хэзээ ч эмчийн зааваргүй хэрэглэж болохгүй. Учир нь тухайн үедээ өвдөлт намдааж байгаа боловч үрэвсэл намдаадаг бэлдмэл үений мөгөөрсийг маш ихээр гэмтээн үений шингэнийг багасгах гэх мэт хор хөнөөл ихтэй. Зарим иргэд “Би энэ эмийг хоёр сар уусан, нэг жил уусан” гээд бариад ороод ирдэг. Ингэснээр нэгдүгээр шатанд дөнгөж өвдөж байхад ууж эхэлсэн эмээ дөрөвдүгээр үе шат хүртэл уусан байдаг. Энэ өвчин 6-12 сард дараагийн үе шатандаа шилждэг. Гэтэл иргэд дураараа эм хэрэглэснээр өвчний үе шатыг хурдасган, үений эмгэгээ хүндрүүлж, үений мөгөөрсөө гэмтээдэг.
Энэ эмгэгийн улмаас манай эмнэлэгт хандсанаар бүх үе шатны олон төрлийн эмчилгээг мэргэжлийн баг та бүхэнд үзүүлэх болно.
Манай үе солих мэс засал нь сэргээн засах эмчилгээтэйгээ нийлэн нэг багц болон хийгддэг. Манай эмнэлэгт үе солиулахаар хандсан иргэд мэс заслаа хийлгээд тэр өдрөөс эхэлж шархны эдгэрлийг дэмжих болон өөрөө өөртөө үйлчлэх чадвар, явах чадварыг сэргээх сэргээн засах эмчилгээг хийдэг. Ингэснээр та эмнэлгээс гарахдаа чадвар алдалтгүй болоод гарах боломжтой.
Тэгвэл бусад энэ төрлийн эмчилгээ хийж байгаа эмнэлгүүдээс ”Мөнгөн гүүр” эмнэлгийн давуу тал юу вэ?
Манайх бусад гэмтлийн эмнэлгүүдээс давуу тал нь сэргээн засах эмчилгээг хавсарч хийдэг учраас хүмүүсийн чадвар алдалтыг илүү хурдан хугацаанд нөхөн сэргээдэг. Ямар нэгэн байдлаар хүний яс хугарлаа гэхэд гэмтлийн эмч нар тухайн ясыг хаддаг юм уу, бэхлээд хэвд оруулдаг. Гэтэл нөгөө хүний алхах чадварыг сэргээхэд ганцхан ясыг нийлүүлснээр тухайн хүн алхдаггүй. Түүнийг алхахад хугарсан ясны эргэн тойрны зөөлөн эд, шөрмөс, булчингууд нь ямар үрэвсэл, хавантай байвал яаж бууруулах уу, эсвэл чангарч, суларсан бол түүнийг яаж суллах уу, алхахад тухайн хүний булчингийн хүч, тэнцвэр хангалттай эсэхийг үнэлэн түүнд бэлдэж эмчилгээ явуулан алдагдсан чадварыг сэргээдэг. Гэмтлийн дараа сэргээн засах эмчилгээ хийлгээгүйгээс болж гэмтлийн үлдэцтэй болох нь цөөнгүй байна.
Анагаах ухааны ихэнх салбарууд өвчтөний амь нас эрүүл мэндийг аврахад чиглэсэн байдаг бол сэргээн засах эмчилгээ өвчтөний амьдралыг чанарыг аврахад чиглэгдсэн байдаг. Амь нас хэдийгээр чухал ч чанаргүй амьдрал гэдэг хэцүү. Энэ бол нэг зүйлийн хоёр тал учраас хоёулаа байх нь чухал.