Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар “Ногоон байгууламж, хог хаягдлын менежмент” Хангайн бүсийн нэгдсэн зөвлөгөөн Орхон аймагт өнөөдөр нээлтээ хийлээ. Хот суурины ногоон байгууламжийн эрх зүйн орчныг сайжруулахад орон нутгийн санал зөвлөмжийг тусгах, ногоон байгууламжийн өнөөгийн төлөв байдлыг үнэлэхэд мэргэжилтнүүдийн оролцоог бүрдүүлэх болон хог хаягдлын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор тус зөвлөгөөнийг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл өсч, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж байгаа болон иргэдийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотойгоор үүсч буй хог хаягдлын тоо хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байна.Улсын хэмжээнд 2018 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн 390 цэгт 3,4 сая тонн хог хаягдал цугларсан бол, зориулалтын бус газарт 151 мянган тонн хог хаягдал хаягдан, 22 мянган га талбайг бохирдуулсныг цэвэрлэсэн байна.
Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн орчин хангалтгүй, аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж байхгүйгээс ихэнх нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрс усанд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байна.Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ 10%-д ч хүрэхгүй байгаа юм.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдэд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилт тавьжээ.