Эмэгтэй хүний хоёр инээмсэглэлд л сахиусан тэнгэрүүд атаархдаг гэнэ лээ. Эхнийх нь хэн нэгний хайрыг хүлээж авах үед нүүрэнд тодордог гэрэл цацарсан инээмсэглэл. Дараагийнх нь хүүхдээ дөнгөж төрүүлчихээд, өвөр дээрээ авах үед нь тодордог ээж хүний ариун инээмсэглэл юм.
Харамсч суухгүйн тулд дараах зүйлсийг нэг удаа ч болов ээждээ хэлж, инээмсэглэхийг нь хараарай. Хүүгийнхээ, охиныхоо хэлсэн ганцхан үгэнд хичнээн их баярладгийг та харах болно.
Өмнө нь хэлж байгаагүйд уучлаарай. Би үргэлж танд талархаж явдаг шүү. Та надад амьдрал бэлэглэж, нойр хоолгүй халамжлан, хайр энэрэлээ харамгүй хайрласан. Та үргэлж мөрөөдлийн минь хүн байсан. Таниараа үргэлж бахархдаг шүү. Орчлон хорвоо таньгүйгээр оргүй хоосон байх байсан.
Хүнд, хэцүү үед та л сайн муугийн ялгааг хэлж өгдөг. Та надад бусдыг сонсох, ойлгох, хайрлах сэтгэлийг зааж өгсөн. Аливаа асуудлыг шийдэх гарцыг таны сургаал үг л нээж өгдөг. Намайг хаана байна, тэнд үргэлж та байдаг.
Та үргэлж намайг дэмждэг. Уйтгарлах үед минь инээлгэж, шалтгаангүйгээр “Би чамд хайртай шүү” гэсэн мессэж илгээдэг ганцхан хүн. Сэтгэл тавгүйтсэн өдөр та л надад цаг гаргаж, асуудлыг даван туулах хүчийг өгдөг.
Та үргэлж зөв зүйлийг хэлдэг. Заримдаа таны хэлсэн үгийг сонсохыг хүсдэггүй ч бүх зүйл өнгөрсний дараа таны зөв байсныг ойлгодог. Та л надад бусдаас илүү сайн сайхныг хүсдэг.
Миний хамгийн том фэн байдагт баярлалаа. Ялалт, хожигдолт бүрийг минь хуваалцдаг. Бороо, цас, нар, салхитай ямар ч үед би танд найддаг.
Эйнштейнээс ухаантай миний ээж. Ямар ч асуудал тулгарсан үед хэдийнэ мэдчихсэн байдаг. Та яаж бүхнийг мэддэгийг би мэдэхгүй.
Миний хамгийн сайн найз байдагт баярлалаа. Таны тусламж, дэмжлэг байгаагүй бол өнөөдрийн би гэдэг хүн байхгүй байх байсан. Ийм сайхан ээжтэй учраас би өөрийгөө энэ дэлхийн хамгийн азтай охин/хүү гэж боддог.
Тиймээ би ээжийгээ энэ дэлхийн хамгийн сайхан хоолны үнэрээс, ганцаардан алхаж явахдаа мэдрэх навчны сэрчигнээнээс, өмссөн цамцнаас нь ханхалдаг байсан хамгийн сайхан цэцэгний үнэрээс үргэлж мэдэрдэг. Ээж минь намайг тайвшруулах борооны чимээ, солонгын өнгө, Ээж минь миний инээмсэглэл, бас нулимсны минь сувдан дусал билээ.