
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг 2025 оноос хэрэглэж байна. 2026 онд дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэнэ. Энэ хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Дорноговь аймагт ажиллаж байна.
Мөн үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Ирэх халаалтын улирал эхлэхэд Улаанбаатар хот дотооддоо үйлдвэрлэсэн хагас коксон нүүрс худалдаанд гаргах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Хагас коксын үйлдвэр Монгол Улсад нэн тэргүүнд шаардлагатай байна. Ирэх жил хамгийн багадаа 300-350 мянган тонн хагас коксон нүүрс авах төлөвлөгөөтэй байгаа.
Нэгдүгээр сарын 15-наас хойш ЖАЙКА-гийн мэргэжилтнүүд ирж, нийслэлийн агаарын бохирдолд дүн шинжилгээ хийнэ. Улмаар агаарын бохирдлыг юу, юу хэдэн хувиар үүсгэж байна гэх нарийвчилсан судалгаа хийж өгнө. Мөн агаарын бохирдол хэдэн хувиар буурсныг олон нийтэд танилцуулна" гэв.