Монгол Улсаас Франц, Итали Улсад суугаа Элчин сайдын яамдаас тус улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй монгол иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлжээ.
Тодруулбал, аравдугаар сарын 17-нд Францын Парис, Марсель, Лион зэрэг хотод амьжиргааны өртгийн өсөлт, нийгэм, эдийн засгийн асуудлыг эсэргүүцсэн жагсаал болж, зарим газарт хүчирхийлэл, галдан шатаах, дээрэм тонуул гаржээ. Мөн Италийн Милан, Ром, Турин зэрэг хотод бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, татварын дарамтыг эсэргүүцсэн жагсаал болж үймээн самуун үүсээд байна.
Иймд иргэдийг жагсаал цуглаан болж буй газраас зайлсхийх, орон нутгийн эрх бүхий байгууллагын мэдээллийг тогтмол шалгах, нийтийн тээвэр болон замын хөдөлгөөний өөрчлөлтийг урьдчилан нягтлахыг зөвлөлөө.