Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер А.Норовын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр Монголын бөхийн өргөөнд боллоо.Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. Улсын заан Б.Бат-Өлзийгийн хувьд энэ улиралд гурав дахиа түрүүлж байгаа нь энэ.
Барилдааны их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Бөхбилэгт” дэвжээний бөх, харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.
Бэлтгэл сургуулилтаа хийж Монгол бөхийн өргөөнд болж буй барилдаанд барилдах болсон улсын арслан Э.Оюунболд энэ жилийн наадмаар зодоглоно. Тэрээр зургаан жилийн дараа дахин үзүүрлэлээ.