
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн “ажиллана, ажиллана, ажиллана, ажиллана, бас ажиллана” гэх уриа нь эрүүл мэндэд нь нөлөөлж эхэлсэн байж болзошгүй байна. Тэрээр даваа гарагт эмнэлэгт 6 цаг 30 минутын турш үзлэгт оржээ.
Такаичи даваа гарагийн өглөөний 10:00 цагийн орчим Токиогийн нэгэн эмнэлэгт очиж, үдээс хойш Ерөнхий сайдын албан ёсны өргөөндөө буцсан байна. Түүнтэй ойр эх сурвалжуудын мэдээлснээр одоогоор онцгой асуудал илрээгүй аж.
Ерөнхий сайд ревматоид артриттай. Тэрээр энэ оны хоёрдугаар сард Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн кампанит ажлын үеэр сонгогчидтой мэндчилж байхдаа баруун гараа гэмтээсний дараа мөн энэ эмнэлэгт үзүүлж байжээ.
Такаичи тухайн үед гарын гэмтэл нь өмнөх өвчнийг нь сэдрээсэн гэж мэдэгдэн хамгаалалтын чиг зүүх болсон юм.
Тэрээр хоёрдугаар сарын үзлэгийн дараа X олон нийтийн сүлжээнд “Хоёр хуруу нэлээд их мурийсан байсан тул хугарсан байж магадгүй гэж санаа зовсон” хэмээн бичиж байжээ.
Шинжилгээгээр яс хугараагүй, үрэвсэл, өвдөлт намдмагц эдгэрнэ гэж эмч нар хэлсэн байна.
Даваа гарагийн үзлэг нь ердийн хяналт байсан байж болох ч 6 цаг 30 минут үргэлжилсэн нь Такаичигийн эрүүл мэнд болон түүний тасралтгүй, хэт ачаалалтай ажиллах хэв маяг урт хугацаанд тогтвортой үргэлжлэх эсэх асуудлыг дахин сөхөхөд хүргэв.
Тэрээр долоодугаар сарын 20-нд X платформд нийтэлсэн бичлэгтээ Ерөнхий сайдын албан тушаалд очсоноос хойш өдөрт 0-3 цаг унтах нь хэвийн үзэгдэл болсон гэжээ. Харин амралтын өдрөөрөө ховорхон тохиолддог таван цаг унтаж чадсандаа хүртэл баярласан тухайгаа бичсэн байна.
Тус нийтлэл нь түүний ажлын ачааллын талаар тодорхой дүр зураг өгчээ. Такаичи амралтын өдрүүдээрээ өглөөнөөс орой болтол зузаан бодлогын баримт бичгүүд уншиж, “овоорсон баримт бичигтэй тэмцэн”, парламентын асуултад бэлтгэдэг гэжээ.
Ажлын өдрүүдэд бичиг баримтын ажил нь түүнийг үүр цайтал сэрүүн байлгах нь олон гэнэ.
Японы хамгийн том баяруудын нэг болох О-Боны баярын үеэр ч Такаичи амарсангүй. Тэрээр дайны дурсгалын ёслолд оролцож, олон нийтийн сүлжээн дэх нийтлэлүүдээ шинэчилж байжээ.
Японы Эрүүл мэндийн яам насанд хүрсэн хүмүүсийг шөнөдөө дор хаяж зургаан цаг унтахыг зөвлөдөг ч хүний унтах хэрэгцээ харилцан адилгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин Такаичигийн өөрийн мэдээлсэн унтах хугацаа энэ зөвлөмжөөс эрс доогуур байдаг.
Энэ намар парламентын ээлжит бус чуулган, мөн хүлээгдэж буй боловсон хүчний өөрчлөлтүүд Такаичид амрах боломж төдийлөн олгохгүй бололтой. Түүний хэт ачаалалтай ажиллах хэв маяг цаашид хэр удаан үргэлжлэх вэ гэсэн асуудал анхаарал татаж байна.