
Гэр хорооллын айл өрхүүдэд үзүүлдэг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн нөхцөлд энэ жил өөрчлөлт оржээ. Тодруулбал, өмнө нь 380В-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон айл өрх сард 3000 кВт.ц хүртэлх цахилгааны хэрэглээндээ хөнгөлөлт эдэлдэг байсан бол энэ өвлөөс 1500 кВт.ц болгон бууруулсан байна.
Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос дараах тайлбарыг хийж буй юм. Тайлбар мэдээлэлд "Эрчим хүчний зохицуулах хороо нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу жил бүрийн хүйтний улирал эхлэхээс өмнө хөнгөлөлт олгох цахилгаан хэрэглээний дээд хязгаарыг тодорхойлон тогтоож ажилладаг.
Өмнө нь 2017-2025 онд шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хэрэглээний дээд хэмжээ 220В сүлжээнд холбогдсон өрхөд сард 700 кВт.ц, 380В сүлжээнд холбогдсон өрхөд сард 1500 кВт.ц байсан. Өнгөрсөн 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдөх тогтоолоор 220В-ын өрхөд 1500 кВт.ц, 380В-ын өрхөд 3000 кВт.ц болгон нэмэгдүүлж, хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21.00-09.00 цаг болгон сунгасан. Энэ нэг жилийн хугацаанд гэр хорооллын айл өрхүүдэд хөнгөлөлтөд хамрагдах хэрэглээний дээд хязгаарыг ялгаатай байдлаар тогтоосон нь дараах үр дагаврыг үүсгээд байна.
1. 380В хүчдэлийн түвшинд холбогдох хүсэлтүүд маш их ирж байгаа нь эх үүсвэр, түгээх сүлжээний хүчин чадлын хувьд шийдвэрлэх боломжгүй;
2. Өрхүүдэд хүчдэлийн түвшингээр ялгаатай хөнгөлөлт үзүүлж байгаа нь бусад хууль, эрх зүйн зарчимд нийцэхгүй;
3. Гэр хорооллын тарифын хөнгөлөлтөд зориулж 2026 онд 89 тэрбум төгрөгийн зардал үүсэж байгаагийн 70.0 тэрбум төгрөгийг улсын төсвийн татаасаар санхүүжүүлж, үлдсэн 19 тэрбум төгрөгийн орлогын дутагдлыг нөхөх санхүүгийн эх үүсвэргүй байна.
Иймээс 2026-2027 оны өвлийн улиралд хөнгөлөлт үзүүлэх хэрэглээний дээд хэмжээг гэр хорооллын бүх айл өрхөд ижил тэгш байдлаар сард 1500 кВт.ц байхаар тогтоосон. Шөнийн хэрэглээ нь сард 1500 кВт.ц-аас их байдаг өрхийн тоо хөнгөлөлтөд хамрагддаг нийт 289.6 мянган өрхийн 2.6 хувийг бүрдүүлдгийг дурдах нь зүйтэй. Мөн Үндэсний аудитын газраас 2025 онд хийсэн гүйцэтгэлийн аудитаар Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д хөнгөлөлт үзүүлэх хэрэглээний дээд хэмжээнээс илүү хэрэглэсэн цахилгаанд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх заалт байхгүй ба журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр дүгнэлт, зөвлөмжийг ирүүлснээр нэмэлт 50 хувийн хөнгөлөлтийг үзүүлэх боломжгүй болсон" хэмээжээ.