Жил бүрийн энэ өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг. “Halloween” буюу сүнсний баяр нь 2000 гаруй жилийн өмнө одоогийн Ирланд болон Шотланд үндэстний эртний өвөг болох Селтикчүүдийн Самхайн баяраас үүсэлтэй гэнэ. Энэ өдөр Селтикчүүд ургацын улирал дуусаж, өвөл эхэлж байгааг тэмдэглэж, сүнснүүд дэлхий дээр бууж ирдэг гэж итгэдэг байжээ. Тиймээс тэд муу сүнснүүдээс өөрсдийгөө болон гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд гал асааж, аймшигтай хувцас өмсдөг байсан гэнэ.
Өдгөө “Halloween” нь гэр бүл, найз нөхөд, хүүхдүүдийн хамтдаа хөгжилдөх баяр болон өөрчлөгдсөн. Хүүхдүүд 'Trick or Treat!' хэмээн айл бүрийн хаалга тогшин чихэр авдаг уламжлалтай. Хүмүүс сонирхолтой, аймшигтай дүрд хувирч, үдэшлэг зохиож, хулуу сийлж лаа тавин, орчноо чимэглэх болсон байна.
Харин энэ удаад сүнсний баяраар уншихад тохиромжтой найман номын тухай уншигчдадаа хүргэе.
“АРАВДУГААР САРЫН НААДААН” (өгүүллэгийн түүвэр)
Орчуулагч | Д.Дашмөнх
Хавтасны шийдлээс харахад л чухамхүү энэ өдөр уншихад зориулагдсан болох нь шууд анзаарагддаг. Энэ бол орчуулагч Д.Дашмөнхийн эмхэтгэсэн сонгомол, триллер өгүүллэгийн түүвэр.
Мэдээж уг номыг та өмнө нь хэд хэдэн удаа уншчихсан байж мэднэ. Гэвч яг энэ өдөр Брэм Стөүкэрийн “Шүүгчийн байшин”, Роберт Блохын “Танд чин үнэнч зандалчин Жэк”, “Бурамтай чихэр”, Стивен Кингийн “Буг”, Рэй Брэдбэригийн “Аравдугаар сарын наадаан” зэргийг сонгож адал, сүнсний ертөнцөөр дахин нэг аялахад гэмгүй. Нөхрөө алчихаад мушилзаж суух Мэри болоод зандалчин Жэкийн сүүдрийг мөшгин манан нэвтлэн шургасан хүйтэн чулуун гудамжуудаар чимээ бүрийг чагнаж алхахын тулд номын хуудас дээрх жихүүдэс төрүүлэм өгүүлбэр бүрийг нөмөрч, үг болгоныг нь бурамтай чихэр шиг амтархан хүлхэх хэрэгтэй.
Михаил Булгаков “МАСТЕР МАРГАРИТА ХОЁР” (роман)
Орчуулагч | Ч.Баатар
“Хаврын нэгэн нүгэлтэй бүгчим орой нар шингэхийн үес Москвад, Хамбын цөөрөм дээр хоёр хүн ирэв” гэж эхлээд л “Гестасыг жадласан хамаргүй алуурчин ч, Иудейн тавдугаар захирагч, морин хүлэгт Понтий Пилат ч, хэн ч” гэх хүртэл олон дахин удаа уншиж дуусгасан билээ.
Орос, Америкийн суут яруу найрагч Иосиф Бродский “Юутай ч, судлаачид шидэт реализмыг Латин-Америкаас эхтэй гээд байдагтай би заримдаа санал зөрмөөр болдог. Булгаковоор л төсөөлөөд үзэхэд, Оросын уран зохиолд шидэт реализмын үр хөврөл бойжиж байсан юм биш үү?” хэмээн уулга алдсан байдаг.
Азозеллогийн өгсөн тосыг түрхээд нисч яваа Маргарита, ямаан туруут, хууз хоёрын суулгаж өгсөн машинтай сар хүртэл хөөрөх шөнийн нислэг, бугийн бүжигт их наадам, амьдрал дээр өөрийнх нь тухай зохиол бичиж буй учир нөгөө ертөнцөд амьдрагч Понтий Пилат хэн нэгнийг цаазаар авсан ч сэтгэл нь тайтгарахгүй байх, Варьете театрт тоглогдсон “Профессор Воланд тамын шид, түүний бүрэн тайлан тоглолт”, Армана муурын тайзан дээрх хүний толгой тасдан буцааж залгах үзүүлбэр, Мастер, Маргарита хоёр Воланд болон түүний туслахуудыг даган нөгөө ертөнц рүү зорчиж буй зэрэг ид шид, далд хүчний тухай гайхалтай дүрслэлүүдээр эл роман дүүрэн.

Ямартаа ч “Ёозгүй байр”, “Азарган тахианы алдар бадартугай”, “Азгүй гийчид”, “Нислэг”, “Бугийн бүжигт их наадам”, “Коровьев Армана хоёрын сүүлчийн паян” зэрэг бүлэгийг өнөөдөр сонгож уншихад тохиромжтой.
“ХАТСАН ГАР” (өгүүллэгийн түүвэр)
Орчуулагч | Н.Энхбаяр
“Хатсан гар” шилмэл өгүүллэгийн түүвэрт Роберт Луис Стивенсоны “Чөтгөртэй лонх” өгүүллэг багтсан байдаг. Бие зарсхийлгэж, жихүүдэс төрүүлэм зүйлс үгүй. Гэлээ дракулагийн амьдралыг амттай хөнгөн болгож, хошин байдлаар үзүүлсэн “Харанхуй зугаа” кинотой харьцуулж болно.
Мэдээж эл өдөр сонирхолтой адал явдал хүсч байвал “Чөтгөртэй лонх”, “Сохрын орон” зэрэг өгүүллэгийг эргэлзэлгүй эхлүүлэх хэрэгтэй. Харин Томас Хардигийн “Хатсан гар”, Дикэнсийн “Сумчин” зэрэг өгүүллэгүүд байшингийн харанхуй булан руу удаан ширтэх тусам хоёр эвэр, урт сахалтай сатаны дүр өөрөө биежих шиг төсөөлөлд автуулна. Английн сонгодог зохиолчдын шилмэл өгүүллэгүүд багтсан тус түүврийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр орчуулжээ.
Роберт Блох “PSYCHO” (роман)
Уран зохиолд аллага, орилооноор айдсыг дүрслэх явдал түм бум бий. Харин тус зохиол дахь дүрүүдийн айдас чимээгүй хийгээд тэр хэрээр бодитой байдаг. 1959 онд хэвлэгдсэн тус роман нь хүний сэтгэцийн хуваагдал, ёс суртахууныг хил хязгаарыг хөндсөн гүн ухааны бүтээлээс гадна айдас уншигчийг үргэлж дагадаг.
Хэчнээн сэрхийлгэм гэмт хэрэг үйлдсэн ч уншигч Норманыг үзэн яддаггүй. Харин өөрийн айдсыг таньж мэдэхээс эмээдэг. Энэ бол Блохын гол зорилго. Учир нь айдсын жинхэнэ хэлбэр бол гаднах бус, дотоод оршихуй. Тэгээд ч Норманы хийсэн гэмт хэрэг айдас төрүүлэхээс илүү өөрийгөө хянах чадвар алдагдсан мөчид хэчнээн аймшигт зүйлтэй нүүрэлдэж болохыг сануулдаг. “Хүн бүрийн дотор Норман Бэйтсийн сүүдэр орших” билээ.
Энд гарч буй “эх” бол бодит хүн бус, ёс суртахууны хяналтын дуу хоолой. Тэр нь Норманд үзэгдэхгүй ч дотроос нь идэж, устгаж байдаг. Энэ нь Фрейдийн “Супер-Эго” буюу нийгмийн хяналт ухамсарт хэрхэн нэвтэрдгийг уран сайхны хэлээр тайлбарласан мэт санагдана.
Эдагова Рампо “ДОКТОР МЭРАГИЙН ГЭМТ ХЭРЭГ” (өгүүллэгүүд)
Орчуулагч | Д.Дашмөнх
Санаанд оромгүйгээр аллага үйлдэж, жинхэнэ садомазохист тоглоомыг амьдралд хэрэгжүүлсэн баатруудыг детектив буюу адал явдалт зохиол бичдэг эрхмүүд өөрсдийн гайхалтай уран сэтгэмжийг ашиглан барьдаг агаад алуурчид ч гэсэн адал явдалт зохиолын хорхойтнууд байдаг.
Эдогава Рампо гэдэг нь японы адал явдалт зохиолын титэмгүй хаан Таро Хирaигийн уран зохиолын нэр юм. Үүний шалтгааныг мэдэхгүй уншигч ховор биз ээ. Детектив зохиолыг үндэслэгч Эдгар Аллан Погийн нэрийг ханзаар бичсэн дуудлага нь Эдогава Рампо болно. Титэм угаас Эдгар Аллан Под л байх учиртай бус уу. Артур Канон Дойл, Эдогава Рампо, Роберт Блох, Артур Уильяамс, Брэм Стөүкэр, Стивен Кинг… Тэд үүнд сэтгэл хангалуун явдаг, өөрсдөд нь титэм байх ёсгүйг сайн мэддэг хаад.

“Хар муур” хэвлэлийн газраас түүний өгүүллэгүүдийг Д.Дашмөнхийн дуун хөрвүүлснээр эмхэтгэн “Доктор Мэрагийн гэмт хэрэг” нэртэйгээр уншигчдад хүргэжээ.
Стивен Кинг “ГАСЛАН” (роман)
Орчуулагч | А.Оюунзул
Аймшигт мангасуудын тухай тэр л мэдэхгүй бол өөр хэн сайн мэдэх билээ. Стивен Кинг бол өдгөө дэлхийн хамгийн амжилттай яваа зохиолчдын нэг.
Түүний “Гаслан” роман алдартай зохиолч Пол Шелдон номер нэг шүтэн бишрэгчтэйгээ учирсан үйл явдлаар эхэлдэг. Осолд орж, ухаангүй болсон түүнийг Энни Уилкс гэх эмэгтэй олж, гэртээ асарна. Гэтэл номынх нь хайртай дүрийг үхүүлчихсэнд хилэгнэсэн Энни зохиолч эрийг алс бөглүү гэртээ хорьж, гагцхүү өөрт нь л үлдэх ном бичүүлнэ. Түүнд хүслээ гүйцэлдүүлэх олон арга бий. Нэг нь тариур. Нөгөөх нь сүх. Аяыг нь дагахгүй бол тэр юу ч хийж мэднэ.
Стивен Кинг “Гялбаа”, “Гаслан”, “IT” тэргүүтэй 80 гаруй ном бичсэн нь дэлхий даяар 400 сая гаруй хувь борлогджээ. Бидний сайн мэдэх “Шоушенкийн шоронгоос оргосон нь”, “Ногоон бүс” кино бол Кингийн зохиолоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээлүүд юм. Орчин цагийн хамгийн шилдэг зохиолчдын нэгт зүй ёсоор тооцогдох Кингийн онц сонирхолтой үйл явдал, “амьд” зохиолын дүрүүд, зүүдэнд ормоор сэртхийм дүрслэлтэй бүтээлүүдийг сая сая уншигчид 40 жил шимтэн уншиж байгаа билээ.
Сэтгэл зүйн триллер, аймшгийн кинонд дуртай хэн ч энэхүү номыг нэг л эхлүүлсэн бол салахгүй уншина гэдэгт итгэлтэй байна.
М.Л.Рио “IF WE WERE VILLAINS” (роман)
2017 онд уншигчдийн хүртээл болсон эл номын үйл явдал Оливер Маркс хэмээх дүрийг тойрон өрнөх ба тэр өөрийнхөө хийгээгүй аллагын хэрэгтээ гүтгэгдэн арван жил шоронд хоригддог.
Харин шоронгоос суллагдах өдөр нь түүнийг хорьсон мөрдөгч арван жилийн өмнө яг юу болсон талаар ярилцана. Оливер болон түүний зургаан найз томоохон урлагийн коллежид Шекспирийн жүжигт дүр бүтээдэг залуу жүжигчид байжээ. Тэд тайзан дээр баатар, хорон санаатан, эзэрхийлэгч, сэтгэл татам цагаахан дүрүүдэд тоглодог байсан ба бодит амьдрал дээр ч эдгээр дүрийн адил үйлдэл гаргаж, аягладаг нь хачирхалтай.
Нэг өдөр дүрүүдийн хуваарилалт өөрчлөгдөж, туслах дүрүүд гол дүрүүдийн оронд гарч ирэх үед жүжиг нь бодит амьдралтай холилдож эцэстээ нэгнийх нь үхлээр төгсөнө. Харин амьд үлдсэн бусад найзууд нь цагдаа нарт өөрсдийгөө гэмгүй гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа хамгийн том жүжгийг тоглох шаардлагатай болно.

Айра Левин “РОЗМАРИГИЙН ХҮҮХЭД” (роман)
Энэхүү зохиол нь сэтгэл зүйн триллер жанрын шилдэг бүтээлүүдийн нэг. Бурхан, чөтгөр, урвалт хуйвалдаан... Одоо яах бол гэж догдлуулсан мэдрэмжийг уншигчид төрүүлнэ.
Гай болон Розмари Вудхауз хоёрыг цагаан блокоор барьсан барилгууд бүхий нэгдүгээр гудамжинд орших таван өрөөтэй байрыг түрээслэх гэрээнд гарын үсэг зурсны бараг дараахан тэдэн руу хатагтай Кортез утсаар ярьж Брэмфордод дөрвөн өрөөтэй байр суларлаа гэсэн сайхан мэдээг дуулгажээ. Хуучны том хар барилгууд бүхий Брэмфорд дүүрэг өндөр тааз, камин зуух, Викториан стилийн сийлбэр чимэглэлээрээ алдартай байв. Хуримын өдрөөсөө хойш тэр дүүрэгт байр хөлслөх захиалга өгөөд хүлээж байсан Гай, Розмари хоёр найдвараа бараг алдаад байжээ.
Зохиолын үйл явдлын эхэнд жирийн нэгэн гэр бүлийн тухай уншиж байгаа мэт санагдах боловч алгуурхнаар тэр бүхэн айдаст хувирч, чөтгөр өөрийн дүрээр дэлхийд төрөх болно.
Б.Алтанхуяг

