
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Давлагаа” богино өгүүллэгийн наадмыг түүний нэрэмжит болгон зохион байгууллаа.
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн Ярих урлаг, театр, кино судлалын тэнхим хамтран зохион байгуулдаг тус наадам нь анх 1998 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 28 жилийн хугацаанд хоёр жил тутамд тогтмол болж байна. “Давлагаа” наадам нь зөвхөн шилдэг бүтээлийг шалгаруулаад зогсохгүй, үгийн урлагийг тайзнаас амилуулах уран уншлага, жүжигчилсэн тоглолттой хослуулдгаараа бусад уралдаанаас онцлог юм.
Наадмын үеэр уран зохиол нь нийгмийн оюун санааны тусгал, үндэсний дархлааны чухал хөдөлгүүр болохыг онцолж, үндэсний хэл соёл, түүх, гүн ухаан, ахуй амьдралын үнэт өвийг уран сайхны аргаар өвлүүлэн үлдээхэд утга зохиолын үүрэг чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Энэ удаагийн наадамд хэл шинжлэл, утга зохиолын хөтөлбөрт суралцагч 50 гаруй оюутан уран бүтээлээ ирүүлснээс шалгарсан шилдэг 10 бүтээлийг тайзнаа толилууллаа. Мөн энэ үеэр сүүлийн таван наадмын шилдэг бүтээлүүдээс бүрдсэн эмхэтгэлийг хэвлүүлэн олны хүртээл болгов.