
BTS хамтлагийн эргэн ирэлтийн тоглолттой холбоотойгоор Сөүл хотын жижиглэн худалдаа болон зочид буудлын салбарын борлуулалт эрс өссөн байна.
Гванхвамүн талбайн орчимд байрлах гудамжны дэлгүүрүүдийн BTS франчайзын бараа бүтээгдэхүүний борлуулалт өмнөх долоо хоногоос хэдэн зуун хувиар өсжээ.
Гэсэн хэдий ч энэхүү тоглолт жижиглэн худалдааны бүх салбарт адил ашиг авчраагүй байна. Гванхвамүн талбайгаас явганаар 20 орчим минутын зайд орших Мёндон дүүргийн ресторан, дэлгүүрүүдийн хувьд эсрэгээрээ борлуулалт буурсан тухай мэдээлжээ. Олон хүн төв талбай руу төвлөрснөөс бусад бүсийн хөл хөдөлгөөн багассан байна.
Тав тухтай дэлгүүрүүд (convenience store) хамгийн их ашиг хүртсэн салбаруудын нэг байв. Тус улсын тав тухтай дэлгүүрийн дөрвөн том сүлжээ бүгд борлуулалтын мэдэгдэхүйц өсөлт үзүүлжээ.
GS Retail компанийн мэдээлснээр, Гванхвамүн орчмын GS25 дэлгүүрүүдийн борлуулалт бямба гарагт өмнөх долоо хоногоос дунджаар 233 хувиар, үйлчлүүлэгчдийн тоо 181 хувиар өссөн байна. Зарим дэлгүүрийн борлуулалт 378 хувьд хүрч өсжээ.

Хамгийн их зарагдсан бүтээгдэхүүнд хоол хүнс, ундаа, халуун жийргэвч (hot-pack) буюу гар дулаацуулагч, зөөврийн цэнэглэгч, батарей, нийтийн тээврийн урьдчилсан төлбөрт картууд багтсан байна. BTS-ийн гишүүн Жинтэй хамтран гаргасан IGIN highball ундааны борлуулалт 1742 хувиар өссөн гэж мэдээлжээ.
BGF Retail компанийн CU дэлгүүрүүдийн хувьд тоглолтын талбайд хамгийн ойр гурван салбарын борлуулалт 547 хувиар, ойролцоох 10 салбарынх дунджаар 270 хувиар өссөн байна. Хүмүүс тоглолт эхлэхээс хэдэн цагийн өмнө цугларч, дууссаны дараа ч удаан хугацаанд тархалгүй байснаар борлуулалт нэмэгдсэн гэж компанийн зүгээс тайлбарлажээ.
CU дэлгүүрүүдэд кимбаб, сэндвич, BTS-ийн шинэ “ARIRANG” цомог, мөн гэрэлт саваанд зориулсан AAA батарей хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн тоонд багтжээ.
Korea Eleven компанийн 7-Eleven дэлгүүрүүдийн борлуулалт 101 хувиар, Emart-ийн Emart24 дэлгүүрүүдийн борлуулалт дунджаар 39 хувиар өссөн бөгөөд зарим салбар 301 хувийн өсөлт үзүүлсэн байна. “Дэлгүүрүүд зөвхөн худалдааны биш, үзэгчдэд зориулсан хоол, зууш, дулаацуулах хэрэгсэл, гар утасны дагалдах хэрэгсэл нийлүүлдэг төв болсон” гэж GS Retail-ийн төлөөлөгч мэдэгджээ.
Зочид буудлууд ч их хэмжээний ашиг хүртсэн байна. Lotte Hotel, The Plaza, Four Seasons зэрэг зочид буудлууд тоглолтын өмнө болон дараа бүрэн дүүрсэн байжээ.
Хууль зүйн яамны мэдээлснээр, гуравдугаар сарын 1-18-ны хооронд Солонгост ирсэн гадаадын жуулчдын тоо өмнөх оноос 32.7 хувиар өсч, 1.1 саяд хүрсэн байна.
Мёндон дахь Lotte Department Store-ийн борлуулалт гуравдугаар сарын 20-21-нд өмнөх оноос 20 хувиар өссөн бол гадаад худалдан авагчдын худалдан авалт 2.4 дахин нэмэгджээ.
Shinsegae Department Store-ийн борлуулалт мөн 41 хувиар өссөн бөгөөд бэлэн хоол, амттаны борлуулалт 2.8 дахин өссөн байна.
Гэсэн хэдий ч Мёндон дахь зарим ресторанууд борлуулалт буурсан талаар гомдол гаргажээ. Нэгэн гахайн шийрний рестораны менежер “ердийнхөөс хоёр дахин их бэлтгэл хийсэн ч борлуулалт буурсан” гэж хэлсэн байна. Салбарын мэргэжилтнүүд үүнийг хүмүүс олноор цуглахаас зайлсхийж, тухайн бүсийг зориуд тойрч өнгөрсөнтэй холбоотой гэж тайлбарлажээ.
Анхны таамгаар 260 000 хүн ирнэ гэж байсан ч HYBE компани 100 000 орчим хүн оролцсон гэж мэдээлсэн нь Сөүл хотын захиргааны 40 000 гэсэн үнэлгээнээс харьцангуй өндөр үзүүлэлт байв.
Мөн цагдаагийн аюулгүй байдлын зохицуулалтын улмаас хүмүүсийг нэг газарт бөөгнөрүүлэхгүй, хөдөлгөөнд байлгах шаардлага тавьсан нь зарим дэлгүүрийн үйлчлүүлэгч татах боломжийг бууруулжээ.