
Засгийн газрын хуралдааны дараа Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга, Гуравдугаар цахилгаан станцын сэргээн босголтын бүрэн эрхэт төлөөлөгч Н.Таванбэх мэдээлэл хийлээ.
Тэрээр "Гуравдугаар цахилгаан станцад гарсан ослын уршгийг арилгаж хэвийн болгох ажлын хүрээнд таван багц ажил хийгдэх ёстой. Үүнээс гурвыг нь өвлийн ачааллаас өмнө дуусгана. Өнөөдрийн байдлаар 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Үлдсэн хоёр ажлыг нь ирэх өвлийн ачааллаас өмнө дуусгахаар төлөвлөж байгаа. Гурван багц ажлыг нь хийж дуусгаснаар Гуравдугаар цахилгаан станцаас шалтгаалсан ямар нэгэн саатал, доголдол үүсэхгүй. Хэвийн хэмжээнд ажиллана. Гэхдээ Гуравдугаар цахилгаан станц өнгөрсөн онд нийлүүлж байсан дулаан, цахилгааныхаа 50 хувьтай дүйцэхүйц дулаан, цахилгаан нийлүүлнэ. Үлдсэн 50 хувийг нь шинэ эх үүсвэрээс хангахаар ажиллаж байна.
Гуравдугаар цахилгаан станц эрсдэлтэй хэвээрээ байгаа. Ягаад гэвэл, 58 жил ашигласан энэ станцын ашиглалтын хугацаа дууссан. Ослоос үүдэлтэй сэргээн босголтын хүрээнд дөнгөж 30 хувийг нь шинэчилж байгаа. Үлдсэн 70 хувийг шинэчлэх шаардлагатай. Үүний санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгөөс гаргаж өгөхийг Засгийн газраас хүсэж байгаа.
Өвлийн оргил ачааллын үед дулаан, цахилгааны хэрэглээ тооцоолсон хэмжээнээс давахгүй бол хязгаарлалт хийхгүй" гэлээ.