
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. О.Номинчимэг тэргүүтэй 78 гишүүний санаачлан өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Уг хуулийн төслийн агуулга нь электрон тамхины хэрэглээг хуулиар зохицуулах, янжуур тамхины татварыг нэмэгдүүлэх тухай юм.
УИХ-ын дарга Н.Учрал "Хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн энэхүү хуулийн төслийг ажлын хэсэг анхны хэлэлцүүлэгт сайн бэлтгэх хэрэгтэй. Иргэд, олон нийт, бизнес эрхлэгчид, бусад сонирхлын бүлгүүдийн саналын сайн сонсох нь зөв. Ажлын хэсэгт тамхи татдаггүй, аймаг, дүүрэг удирдаж байсан УИХ-ын гишүүдийг оруулна" гэлээ.