
Улс төрийн ертөнц бэлгэдэлд дуртай. Эртний Грекийн хот улсын тогтолцооноос эхлээд Францын хувьсгал, ХХ зууны иргэний эрхийн хөдөлгөөн ч ялгаагүй иргэншлийн түүхэнд тохиосон эсэргүүцэл тэмцэл бүр тодорхой бэлгэ тэмдэг, уриа лоозон дор нягтарч ирсэн.
Харин сошиал медиагийн эринд тэмцлийн шинж чанар үндсээрээ өөрчлөгдсөн болохыг Азиас түүчээлэн Африк, Латин Америкийн орнуудад эрх баригчдыг барьц алдуулж буй GenZ үеийнхний жагсаал тод харуулж буй. Төрийн институцид итгэл алдарсан дижитал үеийхний хувьд тэмцлийн гол зэвсэг нь буу шийдэм бус харин цахим орчинд хил хязгааргүй давлагаалах меме хошигнол, доромжлолыг эргүүлэн өөртөө ашиглах тактик болжээ.
Үүний тод жишээ нь өдгөө Энэтхэгт ид хүчээ авч буй “Жоомны Ардын нам” (Cockroach Janta Party - CJP) хөдөлгөөн юм.
Жоом хүмүүсийн төсөөлөлд бохир заваан, устгах ёстой шимэгч амьтнаар л буудаг. Гэтэл 2026 оны тавдугаар сард Энэтхэгийн ерөнхий шүүгч Сурья Кант ажилгүй залуусыг “жоом, шимэгч”-тэй зүйрлэсэн нь нийгэмд нэгэнт үүссэн бухимдлын гал дээр тос нэмэв. Элсэлтийн шалгалтын даалгавар задарч, авлигын улмаас ирээдүй нь бүрхэг болсон залуус үүнийг зүгээр нэг шүүмжлэл гэж хүлээж авсангүй. Бостоны их сургуулийн төгсөгч Абхижит Дипке цахим сүлжээнд “Хэрэв бүх жоомнууд нэгдвэл яах вэ?” гэсэн ганц өгүүлбэр бичсэн нь эсэргүүцлийн шинэ давлагаа эхлүүллээ. Ерөнхий сайд Нарендра Модигийн эрх баригч Бхаратия Жаната Намыг егөөдөн эсэргүүцлийн хөдөлгөөнөө “Жоомны Ардын Нам” хэмээн нэрийдсэн залуус ганцхан сарын дотор 22 сая дагагчтай болж цахим орчинд нэр хүндээрээ улстөрчдийг хол хаяжээ. Хэдийгээр албаны ёсны бүртгэлтэй нам бус ч зорилгоо “Залуучуудын төлөө залуучуудын үүсгэсэн улс төрийн фронт”-оор тодорхойлсон тус хөдөлгөөн эхний ээлжид Боловсролын сайд Дхармендра Прадханыг огцруулахыг шаардан ойрмогхон хоёр ч удаа парламентын ордны гадаа нүсэр жагсаал зохион байгууллаа. Тавдугаар сард болсон ЭЕШ-аар анагаахын сургуульд элсэхээр хоёр сая оюутан өрсөлдсөн ч шалгалтын асуултууд задарсан тул Боловсролын яам хүчингүй болгож ахин товлосон. Хэвлэлд мэдээлснээр, тавдугаар сард болсон эхний шалгалтаас хойш 12 оюутан амиа хорлож нас баржээ. Энэтхэг залуусын хувьд уламжлалт кастын системийн хүлээсээс ангижран дундаж давхаргад багтах цорын ганц боломж нь анагаах, инженерийн сургуульд элсэх шалгалт байдаг. Гэвч шалгалтын материал байнга задардаг тогтолцооны авлига олон жилийн хөдөлмөр, итгэл найдварыг нь үгүй хийж буйд залуус цөхрөнгөө баржээ. “Жоомны Ардын нам”-ыг үндэслэгч Абхижит Дипкегийн бодлоор доромжлолыг хошигнолоор сөрсөн тэмцэл дөнгөж эхэлж байна. Өнөөгийн улс төрийн тогтолцоонд итгэл алдсан залуучуудыг нэгтгэсэн олон шинэ байгууллага төрж Энэтхэгийн нийгэм өөрчлөгдөнө гэдэгт Дипке гүнээ итгэдэг.
Энэтхэгийн 1.4 тэрбум хүний 27% нь 15-29 насны залуус.
Дэлхийн хамгийн том залуу хүн ам зүйн бүлэг болох 367 сая залуусын 263 сая нь БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖГҮЙ ДООД ДАВХАРГЫНХАН.
ЗОЛООР СУРГУУЛЬД ЭЛССЭН Ч 15-25 насны төгсөгчдийн бараг 40%, 25-29 насныхны 20% нь АЖИЛГҮЙ.
Хаа газрын эрх баригчид өөрсдийн бодлогыг сөрсөн жагсагч, тэмцэгчид болон цөөнх угсаатны бүлгийн нэр хүндийг унагахаар амьтадтай зүйрлэдэг нь гэм биш зан. Угтаа эсэргүүцэгчдийг “харх”, “жоом”, “ялаа” гэх мэтээр амьтан, хортон шавьжтай зүйрлэх нь тэдний эсрэг хүч хэрэглэх явдлыг зөвтгөх аюултай байдаг.
Руандагийн хоморголон устгалын үеэр үндэсний цөөнх тутси иргэдийг “жоом” гэж нэрлэн хүйс тэмтэрсэн аймшигтай жишээ ч бий. Ливийн дарангуйлагч Муаммар Каддафи, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Асад ч дэглэмийг сөрсөн хэн бүхнийг “террорист хархнууд” хэмээн нэрлэж, босогчдын хяналтад байгаа хотуудыг бүслэх, бөмбөгдөх ажиллагаагаа “хотыг хортон шавьж, хархнаас цэвэрлэж байна” хэмээн зөвтгөдөг байлаа.
Харин Энэтхэгийн шинэ үеийнхэн цөмийн дайныг ч тэсэж гарч чадах усташгүй амьтан жоомоор өөрсдийгөө төлөөлүүлснээр Засгийн газрын ямар ч дарамт шахалтыг тэсэх асар том хүч болохоо бэлгэджээ. 2019 онд Хонконгт өрнөсөн ардчиллыг дэмжих жагсаалын үеэр Бээжингийн Засгийн газрыг дэмжигчид болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмцэгч залуусыг нийгэмд хор хөнөөлтэй, устгах ёстой паразит мэтээр харуулахын тулд “жоом” хэмээн нэрлэн гоочилж байв. Тэрс үзэлтэн, уран бүтээлч Ай Вэйвэй Хонконгийн түүхэн үйл явдлыг өгүүлсэн баримтат киногоо энэхүү доромжлолын үгээс сэдэвлэн “Cockroach” (Жоом) хэмээн нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш. Орчин үеийн улс төрийн эсэргүүцлийн бэлгэдэл нь уламжлалт хүнд сэдвүүдээс татгалзаж, поп соёлтой нягт уялдсан. Аагим халуунд Шинэ Делигийн төв талбайд цугласан залуус улс төр ярихаас гадна хип-хоп үглэн бүжиглэж байна. Энэ нь эсэргүүцлийг уйтгартай, аюултай улс төр гэхээсээ илүү “загварлаг, залуусын соёл” болгож харагдуулдаг аж. Үүнтэй ижил төсөөтэй соёлын үзэгдэл улс төрийн тэмцлийг илэрхийлж байсан нь Тайландын гурван хурууны мэндчилгээ. The Hunger Games киноноос сэдэвлэсэн энэхүү бэлгэдлээр тайланд залуус цэргийн дэглэмийн эсрэг эрслэн боссон удаатай. Этгээд амьтан, поп соёлоос гадна энгийн хэрэглээний зүйлс ч хамгийн хүчтэй мессежийг дамжуулдаг. Автомашинд заавал авч явах ёстой аюулгүйн хантааз тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн хөдөлгөөний нүүр царай болж хувирсан нь 2018 оны Францын шар хантаазтны бослого.
Бээжингийн эрх баригчдыг барьц алдуулсан Хонконгийн бослогын үеэр цагдаагийн нулимс асгаруулагч хийнээс хамгаалахаар дэлгэсэн энгийн шүхэр ч эцэстээ эрх чөлөөний бэлгэдэл болсон билээ.
Модигийн дэмжигчид өнгөн дээрээ Жоомны Ардын намыг удахгүй намжих сошиал ертөнцийн нэг үзэгдэл хэмээн үл тоомсорлож байгаа ч хөрш Шри Ланка, Бангладеш, Балбад нийгмийн сүлжээнд эхэлсэн Z үеийнхний тэмцэл төр эргүүлсэн явдал Энэтхэгийн эрх баригчдыг болгоомжлоход хүргэж буй. Орчин үеийн төр засаг ийм төрлийн этгээд хөдөлгөөнүүдтэй хэрхэн тэмцэхээ тэр бүр мэддэггүй. Хэрэв эсэргүүцэгчид зэвсэг барьсан бол хүч хэрэглэнэ, тодорхой үзэл суртал тунхаглабал түүнийг нь терроризм эсвэл “эх орноосоо урвасан” гэж яллана. Гэвч өөрсдийгөө “жоом” гэж нэрлэсэн залуусыг хэрхэн буруутгах вэ? Делигийн цагдаа нар тэдний ус, хоол хүнсийг таслах зэргээр хуучин аргаа хэрэглэх нь сошиал медиагаар шууд цацагдаж, эрх баригчдын нэр хүндийг улам доош чангаасаар. Ерөнхий сайд Нарендра Модигийн 12 жилийн засаглалын хугацаанд сайд нар нь олон нийтийн шахалтаар огцорч байсан түүх үгүй. Хэрэв Боловсролын сайд огцорвол энэ нь залуусын, тэр дундаа дижитал бэлгэдлийн түүхэн ялалт болох юм.
Боловсролын шинэчлэлийг шаардаж буй залуусын хөдөлгөөнийг дэмжиж 26 хоног өлсгөлөн зарласан идэвхтэн Сонам Вангчук өчигдөр мацгаа зогсоосон ч оюутны удирдагчид шаардлагыг нь биелүүлэх хүртэл эсэргүүцлийн жагсаал үргэлжилнэ гэж мэдэгдлээ. Засгийн газар интернэтийг хязгаарлаж, нийгмийн сүлжээг тасалж чадах ч, залуусын оюун санаанд аль хэдийнэ суусан “Жоом шиг тэвчээртэй байх” үзэл санааг устгаж чадахгүй юм. Энэхүү өвөрмөц бэлгэдэл нь зөвхөн Энэтхэгээр хязгаарлагдахгүй, дэлхий даяарх дарангуйлал, авлигад идэгдсэн системүүдийн эсрэг Gen Z-ийн хэрэглэх үндсэн тактик болж үлдэх нь гарцаагүй билээ. Тэдний хэлж буйгаар “Та нар биднийг хэчнээн гишгэлсэн ч, бид буцаад л гараад ирнэ. Учир нь бид жоомнууд”