
Монголын үндэсний спортын хорооноос энэ сарын 12-ны өдөр БНСУ-ын Пусан хотод нүүдэлчин монголчуудын өв уламжлал, язгуур соёлыг олон улсын харуулах зорилгоор баярын жагсаал хийхээр болжээ. Монгол үндэсний бөхийн аварга, арслан, үндэсний сурын дархан, даян мэргэн, шагайн харвааны үлэмж дархан мэргэнүүд оролцох жагсаал тухайн өдөр хоёр удаа болохоор төлөвлөгдсөн байна. Энэхүү үндэсний спортыг таниулах жагсаалын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
Монголын үндэсний спортын хорооны ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр “Монголын Үндэсний спортын гайхамшиг, сүр хүч, өв уламжлалыг олон улсын тавцанд цуурайтуулах арга хэмжээг БНСУ-д хийхээр болсондоо бид баяртай байна. Аялал жуулчлалын төв болох Пүсан хотод болох үндэсний спортыг таниулах парад буюу баярын жагсаал зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан. Энэ жагсаалд манай хороонд бүртгэлтэй 17 спортын шилдэг тамирчид, удирдлагууд мөн Монгол бөхийн аварга, арслан, үндэсний сурын дархан, даян мэргэн, шагайн харвааны үлэмж дархан мэргэн гэх зэрэг олон алдартнууд бүрдсэн. Мөн “Physical Asia" нэвтрүүлэгт амжилттай оролцсон уран нугараач Э.Лхагва-Очир, холимог тулаанч Б.Энх-Оргил нар энэ жагсаалд оролцоно. Түүнчлэн тус улсад ажиллаж амьдарч байгаа үндэсний спортын тамирчид дэмжиж, оролцохоор илэрхийлсэн. Мөн БНСУ-д аялан тоглолт хийж байгаа үндэсний урлагийн театрын уран бүтээлчид жагсаалд нэгдэнэ. Пусан хотод хоёр удаа болох жагсаалд иргэдээ өргөн хүрээгээр хамруулахаар бэлтгэж байна” гэв.
БНСУ-ын аялал жуулчлал өндөр түвшинд хөгжсөн Пусан хотод болох спорт, соёлын арга хэмжээнд үндэсний спортын 45 тамирчин оролцохоор болжээ.