
Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана.
Өчигдөр эмэгтэйчүүдийн 50 кг, 55 кг, 59 кг, 68 кг, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд боллоо. Манай бөхчүүдээс 76 кг-д Э.Даваанасан алтан медаль хүртсэн. Тэрээр финалын барилдаанд ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн наадмын аварга, Кыргызстаны бөх Айпери Медет Кызыг буулгаж авсан юм.
Мөн 55 кг-д О.Ариунзаяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн багийн дүнг Японы баг хоёр алтан медальтай тэргүүлж эхэлсэн бол БНХАУ, Кыргызстан, Монголын баг нэг алтан медальтайгаар удаалж байна.
