
Ардчилал Монголд алаг үзэгдэв. Ер нь манайхан хуучиндаа дуртай, хуучнаасаа хагацах дургүй.
Санаж, санагалзах нийгэм нь сарвайтал тэмүүлсээр хүрдэг эх нутгаас нь ондоо агуулгатай гэдгийг ойлгохоосоо өнгөрсөн. Хуучин бүхэн дурсамжид байгаа учраас тийм тод, сайхан сэтгэгдэл төрүүлээд байгаа юм. Мэдээж үүнийг олон шалтгаанаар тайлбарлаж болох ч эцсийн дүндээ бол хуучин учраас л санагалзах, санах сэрэхийн үүдийг үрслүүлдэг. Гэхдээ үзэл бодлыг хорино гэдэг хэчнээн том сүүдэрт орогнуулдаг болохыг бид туулж ирсэн олон бараан түүхээсээ гадарладаг байх учиртай.
Үндэстэн бүхэн цаг хугацааны шуургыг сөрж, эвлэлдэн нэгдээд хувьсгал хийж, тэмцсэнийхээ хүчээр эрх чөлөөг олдог юм биш. Энэ бол ховор тавилан, үндэстэнд заяасан бахархаж болмоор мөн чанар. Гэтэл бид ээж аав, ах эгч, эх орондоо хайртай хүмүүсийн ачаар золгосон ардчиллаа алаг үзэх болов. Угтаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүссэн ажлаа сонгож хийх, амьдрах эрх чөлөөгөө өөрийн арван хуруугаар бүтээн босгож чадах тийм хуультай, орчин нөхцөлтэй оронд бид амьдардаг. Зуураад байгаа асуудлуудыг зуур замд гээж орхиод эх орныхоо уужим, тэнүүн орон зайн хаа ч зорчиж болно. Бүх зүйл таны өмнө нээлттэй. Гэвч ухамсартаа хэдийнэ өөрсдийгөө хорьчихжээ.
“Улаанбаатар марафон”-ы үеэр “100% Jesus” гэх бичиг малгайнхаар гадуур ороож гүйсэн охин “Бурхны хүчээр 21 км замыг туулж бариандаа орж чадлаа” гэж хэлснийхээ төлөө бусдын бухимдлыг өөр дээрээ асгав. Ерөөс шашин шүтэх, эс шүтэхийг хуульчилсан орон шүү дээ. Хэн ч эсэргүүцэж, дургүйцэж, мөнөөх эрх чөлөөгөө эдэлж болох ч гэлээ бусдыг доромжлох ёсгүй. XIII зуунд дэлхийн нийслэл нь магад Өгөдэй хаан ор суусан Хархорум хот байв. Талын нүүдэлчдийн байгуулсан эл хотод Ислам, Христ, Буддын хэдэн зуун сүм хийд, тэдгээрийн итгэгчид зэрэгцэн амьдарч байсныг түүх сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Бидний шүтээн болсон Чингис хаан бусдын итгэл үнэмшлийг хүндэтгэж ирснээр хүлээн зөвшөөрөгдөж, даян дэлхийг ганц тугийн дор хурааж чадсаны гол үнэт зүйлсийн нэг нь энэ. Гэтэл өдгөө найман зууны дараа ч бид бусдыг өмссөн зүүсэн, амьдрах орчин, баян ядуугаар нь ялгадаг зуршлаа хаяагүй юм аа гэхэд ядаж хэн нэгний итгэл үнэмшил рүү сүрэглэн дайрдаг муйхарлалаа ч тэвчээгүй хэвээр байгаа нь харамсалтай.
Хүнд юунд ч итгэж, үнэмшиж, түүнээсээ итгэл найдварыг олж авдаг байж болно. Тэр л найдварын сүүмэлзсэн оч унтраагүй, утас тасраагүй цагт хүн амьдралаас цөхөртлөө зуурсаар байдаг. Мөн үүнийгээ ил тод, зоригтой илэрхийлэх ч эрхтэй. Харин таны хүүхэд үүнийг үзээд гэр бүлийн шүтдэг бурхнаас татгалзаж, өөр итгэл үнэмшлийг хайх ч эрх нь бий. Үүнийг нийгмийн ялзрал, системийн олон жилийн ужгирсан алдаа, бүхэл үндэстнийхээ ёс зүйтэй жишин зүйрлэх нь утгагүй явдал. Сүр хүчит эзэн хааны явдал өдгөө түүх шастирт сударлагдаж, хэлсэн сургааль нь эртний мэргэдтэй зүйрлэгдэж, алд бие нь ард түмний бэлгэдэл, шүтээн шахуу болсон хэдэн зууны цагийн саалтад бидний ухамсар л дээшилсэнгүй юм гэж үү?
Хариулах хүн хэд байна. Яг юунд нь бухимдаад байгаа хэрэг вэ? Танаас өөр үзэл бодолтой, шашин шүтлэгтэй учраас өсвөр насны энэ жаахан охиныг элдвээр харааж, дур тавих нь таашаалтай байгаа хэрэг үү? Монголчууд уул, усандаа хүртэл залбирч, холын замд саадгүй зорчвол “Хайрхан минь зам түшлээ” хэмээн итгэж, сүсэглэдэг. Тэгтэл тэр охин өөрийн итгэдэг зүйлдээ сүсэглэдэг, хорин хэдэн километр гүйж ирсэндээ догдолжээ. Гэмтэл бэртэлгүй, цагтаа амжаад барианд орсондоо бахархаж, итгэл үнэмшлээ зоригтой илэрхийлэв. Магадгүй маани уншиж, эрхи зүүгээд гүйсэн бол эгэл ардын маань ган төмөр шиг зүрх уярч хайлах байв уу. Ийм байдалтай атал хилийн дээс алхаж энд, тэнд очихдоо өөрсдийгөө “Ардчилсан улсын иргэн” гэж цоллодог.
Гэвч ардчилал гэдэг зөвхөн нам, намынхаа угаадсыг нь ууж сурсан хэнээтнүүдийн нэрийг хэдхэн хоног амьдралаа аргацаах мөнгөөр арилжиж дугуйлахаас чинь эсрэг утгатай.
Чиний хараадаг чөтгөр өөр нэгний хувьд тарнитай бурхан байж болно. Дургүй хувцсыг чинь хэн нэгэн өмсөөд загварын шоунд оролцож ч болно. Чухамдаа чиний ойлгодоггүй амьдралыг өөр нэгэн сонгож байдаг. Харин тэр бүхнийг хүчээр нэг хэвэнд цутгах гэж оролдох мөчид л бид жинхэнэ шүтэж, хамгаалж, хайрлаж явах учиртай шашнаасаа хагацна. Тэр шашин бол эрх чөлөө.
Бид өөрсдийнхөө эрх чөлөөний төлөө үхэн хатан тэмцдэг атал бусдын эрх чөлөөнөөс үргэлж айдаг. Яг үнэндээ нийгмийн бухимдал эдгээр өдрүүдэд нийтийн асуудал дээр бус өөрөөсөө өөр хүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй ядмаг хандлага дээр тогтож байна. Урьд цагт хүн доромжлохыг жигшиж, цээрийн ёстой дүйцүүлэн үздэг байсан бол өдгөө бохир муухай бүхнийг цахимд асгаж, хэдэн мянган хүний өмнө бахархалтайгаар өгүүлдэг болжээ. Үүнийгээ өмөөрөх гурван үгтэй. “Үзэл бодлоо илэрхийлсэн” гэнэ. Үнэндээ ёс суртахуунгүй бол ямар ч мундаг шашин шүтээд гэгээрэхгүй, доромж сэтгэлгээтэй мунхагийн харанхуйд хэчнээн зул асаагаад ч гэрэлтэхгүй.