
Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той өнөөдөр хэлэлцээ хийж эхэлсэн. Хэлэлцээний үр дүнгийн талаар Ерөнхий сайд Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө.
Тэрээр "Ард түмэндээ шинэ, сайн мэдээ дуулгая. Засгийн газар Оюутолгой төслийн хэлэлцээрт эхний амжилт, үр дүнгээ гаргаж чадлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг "Рио Тинто" групптэй хийсэн Оюутолгой төслийн хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулж чадлаа. Төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ. Энэ бол төлбөрийн зардал 2.2 тэрбум ам.доллароор буурах сайн мэдээ.
Мөн Монгол Улсын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор өсөн нэмэгдэх сайн мэдээ. Олон жил дамнан яригдсан, олон жил хүсэж хүлээсэн, нэхэж шаардаж байсны үр дүн. Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд ч сайн мэдээ. Монголчууд эрх ашгаа хамгаалж чаддаг, хөрөнгө оруулагчидтай нэг түвшинд яриа хэлэлцээ хийж чаддагийн үр дүн.
Эх орныхоо баялгийн өгөөжийг иргэндээ илүү хүртээхийн төлөө дуусдаггүй ярриаг дуусгах олон сорилт бидний өмнө байна. Цаашид Онтригийн хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрт амжилт гаргахын төлөө хичээх болно" гэв.