
Нээлттэй нийгэм форумын захиалгаар судлаач Д.Баярмаа Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайланд тулгуурлан инфографик бэлтгэжээ.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 30.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээ 31.3 их наяд төгрөгт хүрч, төсөв нэг их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Өмнөх онтой харьцуулахад төсвийн орлого 2.1 хувиар, зарлага 2.4 хувиар өссөн байна. Түүнчлэн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг гурван удаа өөрчилжээ.

Нэрлэсэн ДНБ 12.5 хувиар өсжээ
Монгол Улсын нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 12.5 хувиар өсжээ. Эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбар 2.9 нэгж хувь, уул уурхайн салбар 1.4 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлсэн бол худалдаа, үйлчилгээний салбар 0.6 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлсэн байна. Малын тоо 5.5 сая толгойгоор нэмэгдсэн бол газар тариалангийн салбарын ургац хураалт буурчээ.
Жилийн дундаж инфляц 8.6 хувьд хүрсэн байна
Инфляцын зорилтот түвшнийг 6±2 хувь байхаар тогтоосон ч жилийн дундаж инфляц 8.6 хувьд хүрч, зорилтот түвшний дээд хязгаараас 0.6 нэгж хувиар давжээ. Харин жилийн эцсийн инфляц 7.5 хувьтай гарсан байна.
Ажилгүй иргэдийн тоо 82.7 мянгад хүрчээ
Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн ам 2.35 саяд хүрсэн бөгөөд үүний 62.3 хувь буюу 1.47 сая нь ажиллах хүчийг бүрдүүлж байна. Харин 37.7 хувь буюу 886.5 мянган иргэн ажиллах хүчнээс гадуур байна. Ажилгүй иргэдийн тоо 82.7 мянгад хүрч, ажилгүйдлийн түвшин өмнөх оныхоос 0.3 нэгж хувиар нэмэгдэн 5.6 хувь болжээ. Өрхийн хэрэглээ өмнөх оныхоос 9.2 хувиар, өрхийн бодит орлого таван хувиар өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 онд 27 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.3 тэрбум ам.доллар байна. Экспортын хэмжээ өмнөх оны түвшинд хадгалагдсан бол импорт 2.6 хувиар буурч, гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Төлбөрийн тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарсан бөгөөд гадаад валютын улсын нөөц 1.495 тэрбум ам.доллароор нэмэгдэж, долоон тэрбум ам.долларт хүрсэн байна.
Ийнхүү 2025 онд нэрлэсэн ДНБ, өрхийн бодит орлого, гадаад валютын улсын нөөц нэмэгдсэн ч төсвийн зарлагын өсөлт орлогын өсөлтөөс давж, төсөв алдагдалтай гарсан байна. Мөн ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, жилийн дундаж инфляц зорилтот түвшнээс давжээ.
Эх сурвалж: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан (2026.06.09), Нээлттэй нийгэм форумын инфографик.