.png)
Багад сонсож өссөн үлгэр домгийн мэт элдэв хууч, явган ярианууд болон бодит хүний түүх, тэр тусмаа бага насны дурсамжтай эвлэлдээд ирэхээр тун ч их сонирхол татна. Энэ бол Лувсангийн Хөсрийн бичиж үлдээсэн өөрийн намтар, дурсамж юм. Намтрыг олон янзаар хүүрнэж, бичиж болдог. Ихэвчлэн нуршсан цагаан уянгаар хулдах эсвээс эх адаг нь үл мэдэгдэх баримтуудаар дүүрчих нь бий. Харин уг ном бол өөр. Тэгээд ч улс орны түүх иргэдийнх нь амьдралын нийлбэр байдаг гэх үгтэй бүрэн санал нэгдэнэ. Нэг л хүний намтар гэмээр ч уншихад тун ээдрээтэй хувь тавилан болох нь мэдрэгдэнэ. Үүнээс гадна яруу тансаг, өдгөө бараг л хэрэглэхээ больж, хэрэг гарвал толь бичгээс л хараг үг хэллэг, дүр дүрслэлийг ашиглан бичжээ.
Ийнхүү тус номын талаар "Цагаан бороо", "Аугаа эрин: Хөх илдний очис", "Байтаг Богдын нүргээн", "Галт шувуу", "Өчүүхэн дорой өгөөмөр уудам ертөнцөд" зэрэг олон туурвил, орчуулгын бүтээлүүдээр нь уншигчид сайн мэдэх зохиолч, сэтгүүлч Баасангийн Наминчимэдийг урьж ярилцлаа.