Өнөөдөр (2025.06.03) Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар танилцуулахад улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5075 болсныг хэллээ. 2015, 2016 онуудад улаанбурхан өвчний дэгдэлтээр 53 737 тохиолдол бүртгэгдсэний хажууд бага тоо ч Халдварт өвчин судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүйд хүрсэн тухай мэдээлж буй.
2025 оны хоёрдугаар сарын 18-нд улаанбурхны анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдгөө ийнхүү 5000-ыг даваад байна. Гэтэл үүний араас гэдэсний халдварт өвчин тархдаг зуны улирал ирж байна. Халдварт өвчин энэ жил онцгой ингэж дэгдэж байна уу, эсвэл өмнөх жилүүдэд ийм байсныг анзаарсангүй юу гэдгийг эргэж харахын тулд өмнөх жилүүдийн статистикийг сөхөж үзье.
2022 онд 29 төрлийн 325.3 мянган тохиолдол
Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 29 төрлийн 325.3 мянган халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь 10 000 хүн ам тутамд 973.9 байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын 302018 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дотор 92.8 хувийг эзэлж байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-аас бусад бүртгэгдсэн халдварт өвчнийг бүтцээр харуулбал, (коронавируст халдвар (КОВИД-19)-аас бусад) нийт халдварт өвчний 46.0 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. Энэ нь өмнөх оноос 17.1 хувиар, бусад халдварт өвчин 0.7 хувиар тус, тус буурсан байна. Өмнөх онтой харьцуулахад гэдэсний халдварт өвчин 9.8 хувь, амьсгалын замын халдварт өвчин 7.9 хувь, зоонозын халдварт өвчин 0.2 хувиар тус, тус өссөн байна.
2023 онд 30 гаруй төрлийн 41 мянган халдварт өвчин
Улсын хэмжээнд 2023 оны байдлаар 30 гаруй төрлийн 41.0 мянган халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь 10 000 хүн ам тутамд 121.4 байна. Нийт халдварт өвчний 39.1 хувь амьсгалын замын халдварт өвчин, 25.0 хувь бэлгийн замаар дамжих халдварт өвчин, 18.8 хувь гэдэсний халдварт өвчин, 0.8 хувь зоонозын халдварт өвчин, 16.3 хувь бусад халдварт өвчин тус тус эзэлж байна.
Өмнөх онтой харьцуулахад гэдэсний халдварт өвчин 48.8 хувь, амьсгалын замын халдварт өвчин 61.7 хувь, зоонозын халдварт өвчин 31.2 хувиар тус тус өссөн, бэлгийн замаар дамжих халдварт өвчин 4.6 хувиар буурсан байна. Халдварт өвчний төрлөөр 10 000 хүн ам тутамд сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулж үзэхэд амьсгалын замын халдварт өвчин 5.5-оор, бэлгийн замын халдварт өвчин 15.3-оор, зоонозын халдварт өвчин 0.3-оор тус тус буурсан, гэдэсний халдварт өвчин 1.4-оор өссөн үзүүлэлттэй байна.
2024 онд 28 төрлийн 37271 халдварт өвчний тохиолдол
Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 37271 халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Өмнөх оны мөн үеэс 3780 тохиолдлоор буюу 10000 хүн амд ногдох өвчлөл 12.4-оор буурсан байна. Халдварт өвчний нас баралт улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний нас баралтын нийт 67 тохиолдол бүртгэгдсэнээс сүрьеэ (48), нярайн бактерт үжил (7), хачигт энцеофалит (2), коронавируст халдвар (4), вирүст хепатит (2), төрөлхийн тэмбүү (2), цусан суулга (1), бэтэг (1) тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Амьсгалын замын халдварт өвчний 15576 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварт өвчний 41.8 хувийг эзэлж байна. Амьсгалын замын халдварт өвчин өмнөх оноос 457 тохиолдлоор буурсан байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 12111 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 32.5 хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 1866 тохиолдлоор өссөн байна. Харин коронавируст халдварын 225 тохиолдол бүртгэгджээ.
Эндээс харвал, өмнөх жилүүдэд халдварт өвчний тохиолдол жилээс жилд буурч буй нь харагдаж байна. Харин 2025 он талдаа ороод удаагүй байхад халдварт өвчний тархалт өндөр байгаад хэд, хэдэн зүйл нөлөөлж байгаа юм байна. Тодруулбал, зарим халдварт өвчний эсрэг вакцинжуулалт (улаанбурхан) бүрэн хамрагдаагүй байдал, орчны эрүүл ахуй, хүн амын нягтрал ихэссэн, иргэдийн эрүүл мэндийн боловсрол сул зэрэг нь нөлөөлжээ. Мөн үүнээс гадна улирлын цаг агаараас шалтгаалан хүйтэн, хуурай улиралд амьсгалын замын халдварууд ихэсдэг тохиолдол байдаг юм байна.