
Дээд шүүх түүний өмнөх оролдлогыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэний дараа Трамп төрөлхийн иргэншлийг хязгаарлах шинэ алхам хийв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрөлхийн иргэншил буюу birthright citizenship эрхийг хязгаарлах зорилготой хоёр шинэ гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурлаа. Энэ нь АНУ-ын Дээд шүүх төрөлхийн иргэншлийг Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх гэж баталгаажуулснаас хэдхэн долоо хоногийн дараа болов.
Шинэ захирамжууд нь Трампын өмнөх оролдлогоос илүү хязгаарлагдмал юм. Тэрээр АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн бараг бүх хүүхдэд автоматаар иргэншил олгодог тогтолцоог бүхэлд нь өөрчлөх бус, тодорхой хүрээнд өөрчлөлт оруулахыг зорьжээ.
Шинэ захирамжууд юуг өөрчлөх вэ?
Эхний захирамж нь төрөлхийн иргэншлийн одоо мөрдөгдөж буй маш хязгаарлагдмал онцгой тохиолдлуудыг өргөжүүлэх зорилготой. Одоогийн журмаар АНУ-д суугаа гадаадын дипломат ажилтан болон түрэмгийлэгч армийн алба хаагчдын хүүхдүүдэд АНУ-ын иргэншил автоматаар олгогддоггүй.
Харин Трампын шинэ захирамжаар энэ ангилалд дараах хүмүүсийн хүүхдүүдийг мөн хамруулах саналтай байгаа юм. Үүнд:
- "Террорист" гэж үзсэн хүмүүсийн хүүхдүүд,
- АНУ-ын иргэншлийг "худалдан авахыг оролдож байна" гэж үзсэн хүмүүсийн хүүхдүүд,
- АНУ-ын зарим харьяа нутаг дэвсгэрт төрсөн тодорхой хүмүүсийн хүүхдүүд багтжээ.
Хоёр дахь захирамжаар Төрийн нарийн бичгийн дарга болон Дотоодын аюулгүй байдлын сайдад "төрөх аялал"-ыг таслан зогсоох арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. "Төрөх аялал" гэдэг нь жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдээ АНУ-д төрүүлж, хүүхдэдээ автоматаар АНУ-ын иргэншил авах зорилгоор тус улсад зорчин ирэх үзэгдлийг хэлдэг.
Дахин шүүхийн маргаан үүсэх төлөвтэй
Трампын өмнөх захирамжийн нэгэн адил эдгээр шинэ арга хэмжээ ч мөн шүүхийн маргаанд өртөх магадлал өндөр гэж хуульчид үзэж байна. Трамп Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдэд ярихдаа Дээд шүүх өмнөх шийдвэрээ гаргасныг "маш харамсалтай шийдвэр" хэмээн шүүмжилжээ.
Тэрээр мөн засаг захиргаа энэ асуудалд "хандлагадаа өөрчлөлт оруулж байна" гэж мэдэгдсэн байна.