Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэдэг. Манай улс 1952 оноос эхлэн зургаадугаар сарын 1-ний өдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч урлаг, спортын төлөөлөл болсон шилдэг хүүхдүүдийг хүлээн авч тэдний дуу хоолойг сонсдогбөгөөд эцэг эхчүүд хүүхдүүддээ баярын өдөрт зориулсан олон арга хэмжээг үзүүлж, баярлуулдаг уламжлалтай.

Харин дэлхий дахинд энэ өдрийг анх 1925 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй. Тодруулбал, Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас зургаадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн юм.

Дэлхийн 111 оронд хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг ч улс орон бүр өөрсдийн онцлогоосоо шалтгаалаад яг энэ өдөр тэмдэглэдэггүй аж.

Тэгвэл энэхүү баярыг дэлхийн улсууд хэзээ, хэрхэн тэмдэглэдэг талаар хүргэе.

Энэтхэг

Хүүхдийн баярыг жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэдэг. Учир нь энэ өдөр Энэтхэгийн ерөнхий сайд асан Jawaharlal Nehru-ийн төрсөн өдөрюм. Тэрээр хүүхдийн сайн сайхны төлөө анхаарлаа хандуулж хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж ард түмнийхээ талархлыг хүлээсэн хүн юм.Энэ өдөр түүний хөшөөнд хүүхдүүд цэцэг өргөдөг байна.

Мөн сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагууд энэ өдөр хүүхдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг аж. Ихэнх сургуулиудад соёлын тухай хичээл орж багш нар нь шавь нартаа зориулан дуулж бүжиглэн спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулж өгдөг байна. Түүнчлэн Энэтхэгийн Засгийн Газраас нь хүүхдийн кино наадмыг зохион байгуулдаг байна.

Япон

Хүүхдийн баярыг 1948 оноос хойш тэмдэглэж ирсэн ба “kodomo no hi” гэж нэрлэдэг. Энэхүү өдөр нь VIII зууны тэртээх уламжлалаас эхтэй ба жилд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг. Тавдугаар сарын 3-ны өдөр охидууд, тавдугаар сарын 5-нд хөвгүүдийн өдөр гэдэг байна.

Охидуудын өдрөөр “Хүүхэлдэйн фестиваль” болдог ба Японы айл өрхүүд гэрээ “Heian Period” нэртэй хүүхэлдэйгээр чимэглэн “Amazake нэртэй” үндэснийхээ ундааг уудаг байна. Харин хөвгүүдийн өдрөөр туузаар чимэглэсэн гоёмсог загасны хэлбэртэй дүрс хийсгэдэг.

Австрали

Тус улсын хувьд хүүхдийн баярыг аравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Үүний өмнөх долоо хоногийн туршид "Хүүхдийн арчилгаа" долоо хоногийг зохион байгуулдаг аж. Энэ үеэр хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Мексик

Хүүхдийн баярыг 1925 оноос эхлэн дөрөвдүгээр сарын 30-нд тэмдэглэдэг ба "El Día Del Niño" хэмээн нэрлэдэг байна. Энэ өдөр багш нар нь сурагчиддаа зориулсан тоглоом, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг ба хүүхдүүд өөрсдийн дуртай хоолоо анги дээрээ авчран бусадтайгаа хуваалцдаг иддэг.

Тайланд

Жил бүрийн нэгдүгээр сарын хоёр дахь ням гарагийг тэд Хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэдэг. Тайландад хүүхэд бол улсын баялаг гэж үздэг ба уг өдрөөр тэдний үнэ цэнэ, эрх ашгийг чухалчилдаг байна. Хүүхдүүд энэ өдөр автобус, соёлын төв, амьтны хүрээлэнгээр үнэ төлбөргүй үйлчлүүлж, Засгийн газрын ордон, арми, усан цэрэг, агаарын хүчний баазуудад зочилдог ажээ.

Польш

Польш нь манай улстай адил зургадугаар сарын нэгэнд Хүүхдийн баярыг тэмдэглэдэг. Энэ нь зуны амралтын эхэн үе учир хүүхдэд зориулсан арга хэмжээнүүд долоо хоногийн турш үргэлжилдэг байна.

Хятад

Хятадад дөрөвдүгээр сарын 4-нд тэмдэглэдэг энэ өдрийг бага сургуулийн хүүхдүүдийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ үеэр ихэнх сургууль урлагийн тоглолт, явган аялал зэрэг хүүхдийг хөгжөөх арга хэмжээ зохиодог байна. Мөн зарим кино театр хүүхдүүдэд үнэгүй үйлчилдэг аж.