“Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн цомнол “Ромео, Жульетта” балетыг энэ сарын 17, 18-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Үүнтэй холбогдуулан уран бүтээлчид нь өнөөдөр мэдээлэл хийлээ.
Найруулагч Д.Дашлхагва уран бүтээлчдийнхээ талаар "Бид энэ хорвоо дээр яах гэж ирснээ, хэзээ буцахаа мэдэхгүйгээс хойш бие биеэ хайрлаж л амьдрах ёстой гэж боддог. Хайрыг би эмэгтэй хүн гэж боддог. Эрчүүд бол эмэгтэй хүнийг бүрдүүлж өгч буй бага зэргийн хүчин зүйл. Энэ хайрыг бодитоор тайзан дээр биелүүлэх хүн бол Гавьяат жүжигчин О.Анужин. Бид ийм гоё хайрыг, энэ сайхан залуучуудыг тайзан дээрээс харж гайхалтай амьдралыг сэтгэлдээ төсөөлж чадвал хайрыг илүүтэй мэдрэх болов уу гэж бодож байна" хэмээн онцоллоо.
Балетын зөвлөх, Азийн утга зохиолын шагналт зохиолч Д.Урианхай "Энэ бол хайрын далд мөн чанарын тухай жүжиг. Хүн төрөлхтөнд ганц дутдаг зүйл нь хайр. Амьдралаас харж байхад мөнхөд дутагдаж байгаа зүйл бол хайр л байна. Хүн төрөлхтөн өнөөдөр буруу амьдраад байгаа юм, яагаад эмгэнэлтэй зүйл тохиолдоод байгаа юм. Энэ бол хайртай холбоотой. Хоёрдугаарт залуу хөгшингүй мөнгө дутагддаг юм байна. Гэхдээ мөнгийг олж болно. Харин хайрыг олж болохгүй. Хүний чаддаггүй ганц юм нь хүнээ хайрлах юм байна. Үүнийг надаас түрүүлээд У.Шекспир ойлгосон юм байна. Дараа нь би ойлгож сууна" гэв.
“Ромео, Жульетта” балетын гол дүр Ромеод Соёлын тэргүүний ажилтан, балетын гоцлооч А.Эрдэнэболд, Жульеттад Гавьяат жүжигчин, балетчин О.Анужин нар бүжнэ.
"Ромео Жульетта" балетын багийг танилцуулья:
Продюсер Э. Бэхтулга
Найруулагч Д. Дашлхагва
Удирдаач Т. Гэрэлцэцэг МУСТА
Туслах найруулагч Х.Гэрэлчимэг МУГЖ
Тулааны найруулагч У. Эрдэнэбаяр
Тайзны конструктор Л. Мягмархүү
Хувцасны оёдолчин Я. Цэцэгдорж
Зөвлөх: Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б. Жамъяндагва
Зөвлөх: Азийн утга зохиолын шагналт зохиолч Д.Урианхай
Зөвлөх: Ардын жүжигчин, Урлагийн гавъяат зүтгэлтэн П. Хаянхярваа
Зөвлөх: Монгол улсын гавъяат жүжигчин Т. Туул нар ажиллажээ.