
Дэлхийн бүх улс орон улсынхаа иргэнийг үнэт зүйлээ хэмээн үзэж ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй амьдрах боломжоор хангахад анхаардаг. Монгол Улсын хувьд ч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өндөр наслах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх чөлөөг баталгаатай эдэлнэ хэмээн зааснаас гадна Эрүүл мэндийн тухай хуульдаа ч давхар нарийвчлан оруулсан байдаг. Харин бидэнд амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхээс илүү үхэх, өвчлөх шалтгаанууд л нэмэгдсээр байгаа нь харамсалтай.
Дэлхийн банкнаас манай улсын иргэдийн эрүүл мэндэд хийсэн судалгаагаар монгол хүн аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл байхдаа нэг ам.доллар зориулдаггүй учраас өвчинтэй тэмцэхэд 16 дахин их мөнгө зарцуулж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд дурдсанаар монголчууд бид эрүүл мэнддээ сард дунджаар 11.3 мянган төгрөг зарцуулж байгаа нь өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулдаг сарын төсвийн тав хүрэхгүй хувийг эзэлж буй гэсэн үг юм. ДЭМБ-аас нэг хүн жилд дунджаар 948 ам.доллар буюу 2.3 сая төгрөг зарцуулж буйтай өөрсдийгөө харьцуулахад бид эрүүл мэнддээ дэлхийн дунджаас даруй 17.4 дахин бага хөрөнгө оруулалт хийдэг болж таарч байгаа юм. Амьжиргааны түвшин дундаж байгаа иргэдийн хувьд ийм бага тоо гарч байгаа бол дунджаас дээш амьдралтай иргэд сард 15215 төгрөг, хүн амын гуравны нэгийг эзэлдэг ядуу иргэд сард дөнгөж 2278 төгрөг зарцуулж байна.
Ямар нэгэн өвчин үүснэ гэдэг нь тэр хүний бие физиологи, анатоми бүтэц, тархи мэдрэлийн хувьд ямар нэгэн доголдол, буруу рефлекс үүсч өвчний суурь бий болсон хэрэг. Бие үүнийг анхааруулсан дохио болгон бидний бие эвгүйцэх, хэвийн бус байгаагаа мэдэгдэх шинж тэмдгүүд илэрдэг. Дэлхийн анагаах ухаанд хүний өвчнийг эдгээх зарчмын нэн тэргүүнд тухай хүн өөрөө өөрийгөө эдгээх ёстой гэж үздэг. Өөрийгөө тайвшруулж, өвчин үүсгэгч буруу дадал хэвшлээ ойлгож, засч салж өөрийгөө эдгээнэ. Ингэж чадахгүй бол сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээнд ордог. Эцсийн арга нь эм тариа, мэс заслын аргаар шийдэх байдаг. Манайд сүүлийн үед өвчлөл маш өндөр хувьтай болсон нь эрүүл мэндийн хувьсал шинэчлэл маань хоцрогдмол, орчин үеийн анагаах ухаант, дэлхийтэй хөл нийлүүлж явж чадахгүй байгаа дээр шууд эм тариа хэрэглэж, мэс заслаар шийдэх гэдэг иргэдийн хандлага ч нэрмээс болдог.
Бага, дунд орлоготой ихэнх улс орнуудад нийт хүн амаа санхүүгийн хүндрэлд орох, хувиасаа хийж байгаа эрүүл мэндийн төлбөрийн улмаас ядууралд өртөх эрсдэлгүйгээр эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээнд хамруулахад анхаардаг, даатгалын тогтолцоо нь үүндээ чиглэгддэг. Харин манайд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нэлээд өөр. 2016 оны байдлаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын санхүүжилтийн 20 хувийг Эрүүл мэндийн даатгалын сан, 40 хувийг улсын төсөв, үлдсэн 40 хувийг эмчлүүлэгчдийн өөрсдийн төлбөр эзэлжээ.
Иргэд хувийнхаа зардлаар төлж байгаа хэсэг нь ийм өндөр байгаа нь эргээд иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авсныхаа дараа ядууралд өртсөх эрсдэлийг нэмэгдүүлж буйг ДЭМБ-аас онцгойлон анхааруулсан. Улсын эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний чанар болоод хүртээмж муу, эмч ажилтнуудын ачаалал их байгаа нь хувийн эмнэлгүүдийг зорьж байдгаа бараад ч хамаагүй эмчлүүлэхээс өөр аргагүй болгож байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэд тухайн жилдээ нийт найман төрлийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй ч Эрүүл мэндийн даатгалын сангаас 30 мянган төгрөг хүртэлх үнийн дүн бүхий зардлыг олгодог, илүү гарсан зардлаа өөрөө төлдөг. Эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлдөг, даатгал төлсөн хугацааныхаа сүүлийн гурван жилд эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй бол нэг удаадаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох урамшууллын систем нэвтрүүлсэн байдаг ч эмнэлгийн магадлагаа авах төдийд л тусламж үйлчилгээ авчээ гэсэн шалтгаанаар урамшуулалгүй хоцордог тогтолцоо манайд л бий.
Нөгөө талаар эрүүл мэндийн салбартаа төр хэр анхаарч буйг ч харуулж буй хэрэг. Энэ онд манай улс эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Бидний хувьд их тоо хэдий ч ДЭМБ-ын гаргасан санхүүжилтийн стратегид эрүүл мэндийн салбарт улсын нэгдсэн төсвийнхөө 10-12 хувь буюу ДНБ-ийхээ таваас дээш хувийг зарцуулахыг зөвлөсөн байдаг гэдэгтэй харьцуулбал маш бага тоо. Засгийн газрын эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсөв улсын нэгдсэн төсвийн зардлын 9.3 хувь, ДНБ-ий 2-3 хувийг эзэлдэг.
Гэхдээ улсын төсвөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн эмч, ажилтнуудын цалин, цахилгаан, дулааны зардал дээр нь өртөг тооцож санхүүжүүлдэг бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 80 хувийг эзэлдэг.
Энэ арга нь эрүүл мэндийн байгууллагын үзүүлдэг тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад сөргөөр нөлөөлдөг гэж хэлж болно. Яагаад гэвэл ямар ч үйлчилгээ үзүүлсэн байлаа тухайн эмнэлэг санхүүжилтээ авдаг учир өнөөг хүртэл нэг ч эмнэлэг дампуураагүй ажиллажээ. Харин ч хувийн эмнэлгүүд, оношилгоо эмчилгээний төвүүд олноор байгуулагдсан. Улсын эмнэлгүүд зөвхөн эмчилгээ хийхээс биш нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх талын үйлчилгээ үзүүлэхэд төдийлөн анхаардаггүй.
Эрүүл мэндийн даатгалаар авах үйлчилгээнд нөхөн сэргээх эмчилгээг оруулахаар хандаад “Сэргээн засах эмчилгээг үхэлд хүргэдэг амь насны эрсдэлтэй өвчин биш” гэсэн шалтгаанаар буцаагдсан төдийгүй даатгалаар үйлчлүүлэх эмчилгээ болгож өгье гээд хариуд нь 100 гаруй сая төгрөг нэхсэн гэж ярих нэгэнтэй ч таарсан юм.
Монгол Улсын хувьд авлигад идэгдсэн салбарын 2, 3-т эмнэлгийн байгууллага, ажилтнууд бичигддэг. АТГ-т шалгагдаж буй хэргүүд дунд групп тогтоож өгснийхөө хариуд 600 мянган төгрөг авдаг нийгмийн халамжийн ажилтны талаар дурдсан байсан нь энэ сарын явдал шүү дээ.
Үхэлд хүргэхгүй ч гэлээ үхэлд хүргэж буй өвчлөлүүдийн суурь болсон гэмтэл, саажилт, зовиуруудыг эдгээхэд чиглэгддэг нөхөн сэргээх, физик эмчилгээг бус үр дүн муутай, үйлчилгээ үзүүлэх тал дээр эрүүл мэндэд харин ч харшлахаар рашаан сувиллууд нөхөн сэргээх эмчилгээ хийдэг гэсэн нэрийдлээр иргэдийн эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс ч авч л байдаг.
Хөдөлмөрийн чадвараа алдсан болон тахир дутуу иргэд тодорхой хэмжээний тэтгэвэр авдгийг бид нийтээрээ группт орох, групп тогтоолгох гэж ярьдаг. Хөдөлмөрийн чадвар алдалт 70 буюу түүнээс дээш хувиар тогтоогдсон бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд, 50- 69 хувиар тогтоогдсон бол хөдөлмөрийн чадвараа хагас алдсанд тооцож сар бүр мөнгөн тэтгэмж олгодог. Үнэхээр ажил үүргээ гүйцэтгэж яваад, осол аваарт ороод авах нэгний урдуур эрүүл саруул нэгнийг танил талаараа зүтгүүлэн даатгуулагчдын мөнгөнөөс хумсалдаг гэдгийг бүгд шахуу мэддэг ч хэн ч хөнддөггүй. Ийм хүмүүсийн халаасанд оруулдаг мөнгийг сар бүрийн цалингаасаа хувьлан тооцуулж, албан байдлаар даатгуулагчид эрүүл мэндийн даатгалд хамрагсдын 28 хувийг эзэлдэг ч, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын 86 хувийг бүрдүүлдэг бол сайн дураараа даатгал төлөгчид эрүүл мэндийн даатгалын сангийн ердөө тавхан хувийг эзэлдэг. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажилгүйчүүд, оюутнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ердөө нэг хувиар (албан секторынхон дөрвөн хувиар төлдөг) төлдөг. Тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цэргийн албан хаагч, жирэмсэн эмэгтэйчүүд, ялтнуудын эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцдаг ч хүн амын 80 хувь нь даатгалд хамрагдсан гэж улстөрчид сайрхдаг, үүнийгээ хаацайлан эв хамтын зарчим гэсэн хачирхалтай зарчим ярьдаг.
Үнэн хэрэгтээ энэ бол шударгаар хөдөлмөрлөж цалин авч буй нэг хүнд, нэг байгууллагад нэмж хоёр хүний даатгалын төлбөр ногддог болж таарч буй юм.
Албан даатгалд хамрагдсад эрүүл мэндийн нийгмийн даатгалын дийлэнх орлогыг бүрдүүлдэг ч хэрэгтэй үедээ эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байдаг нь Эрүүл мэндийн даатгалын санг тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, ажилгүйдлийн даатгалуудыг нэгтгэсэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны доор ажиллуулдаг байснаас дийлэнх хөрөнгийг нь өөр зүйл рүү гүйлгэн хэрэглэдэг байсантай ч холбоотой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, даатгалын сангийн хөрөнгийг зөв зарцуулах гарцыг эдийн засагчид янз бүрээр харж, тайлбарлаж, гаргалгаа хэлж өгсний дүнд Эрүүл мэндийн сан өнгөрсөн онд харьяа яамныхаа мэдэлд шилжсэн. Одоо харин яам үр дүнг нь гаргаж, сангаа удирдаж чадах эсэхээс төрөөс үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ сайжрах эсэх нь шууд хамаарах болоод байна.

Бүх зүйлд төр засгийг буруутгах шиг амархан зүйл байхгүй. Ямар ч насны хүний эрүүл мэндийн асуудал хөндөгдөж буй үед шинжлэх ухаанд үндэслэсэн, тоо баримттай зүйл ярих ёстой. Эрүүл мэндээрээ хохирогч нь би өөрөө, миний гэр бүл дотнын хүмүүс болдог учраас ганц эрүүл мэндийн байгууллагын, төр засгийн хариуцах асуудал бус бүх талын хариуцлага, тэр дундаа тухайн хүнээсээ ихээхэн хамаардаг гэдгийг мартах ёсгүй.
Тэр хүн өөрийн эрүүл мэндийн өмнө өөрөө хариуцлага хүлээх ёстой, хүүхдийнхээ өмнө ээж аав нь хариуцлага хүлээдэг, анхаарах үүрэгтэй, үүргийг нь ч Эрүүл мэндийн тухай хуульд нь ч багтаасан байдаг. Хүний эрүүл мэндийн хувьд доройтохгүй байх, өвчлөхгүй байх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж болох хүчин зүйл нь тухайн хүний ухамсар болоод эрүүл мэндийн боловсрол зэргээсээ 75 хувь хамааралтай байдаг бол удамшлын өвчин, өвчилсөн хойноо эмнэлгээс шалтгаалах хүчин зүйлс нь үлдсэн 25 хувийг эзэлдэг гэдэг. Эрүүл саруул амьдарч, урт наслах боломж бидний өөрсдийн гарт байгаа бөгөөд иргэн бүр, өрхийн гишүүн бүрийн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол чухал үүрэгтэй. Харамсалтай нь сүүлийн 20 жилд Монголын хүн амын өвчлөлийн 72 хувийг урьдчилан сэргийлж болох ХАЛДВАРТ БУС ӨВЧИН эзэлж, нас баралтын тэргүүлэх таван шалтгаан нь мөн л халдварт бус өвчин байгаа нь бидний эрүүл мэндийн боловсрол, мэдлэг тэгтэй тэнцэж байгааг илтгэнэ.
Хувь, хувьсгалын аль ч эмнэлгийн эмчтэй уулзаж ярилцсан бүгдийнх нь амнаас нэг л ижил халаглаж харамссан үг гардаг нь монголчууд урьдчилан сэргийлэх гэдэг талаар ямар ч ойлголтгүйн тухай байдаг. Урьдчилан сэргийлэх оношилгоо гэдэг нь тухайн хувь хүний биеийн байдлыг үйл ажиллагааных нь хувьд, тухайн эрхтнийг бүтцийнх нь хувьд шинжилж гаргаад дүгнэлт өгөхийг хэлж байгаа юм. Ямарваа өвчнийг эрт оношилно гэдэг бол зардал багатай, эмчилгээний үр дүн сайтай, хувь хүндээ хөдөлмөрийн чадвар алдалт байхгүй, эрүүл урт удаан хугацаанд амьдрах үндэслэлийг нь тавьж өгч буй хэрэг. Өвчлөлийн оношилгоог зовиур илэрсэн буюу хожуу хийх тусам хавсарсан олон өөрчлөлтүүд илүү их гарч ирдэг. Хавсарсан өөрчлөлтүүд их гарах тусам уух эм, эмчилгээний хугацаа, эмнэлэгт хандах, давтан үзүүлэх тоо, хэвтэн эмчлүүлэх нь ихэсдэг. Тэгэхээр багцын шинжилгээ, оношилгоонд орсноор өвчлөлтэй бол түүнийг нь эрт оношилж, эрт илрүүлж энгийн эмчилгээгээр засаад явах боломж олгож байгаа юм. Урьдчилан сэргийлэх оношилгоонд шаардлагатай хугацаанд нь хамрагдаж чадвал амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнүүдээс сэргийлж чадна гэсэн үг. Хэдийгээр багцын шинжилгээ оношилгоо гэдэг нь тодорхой хэмжээгээр мөнгөөр үнэлгээ дүгнэлт гаргаж өгч байгаа үйлчилгээ ч хувь хүмүүсийг өвчлөлөө эрт барьж авч, цааш нь даамжруулалгүй, хүндрэхээс сэргийлэхэд нь тусалж байгаа эмнэлгийн нэг төрлийн үйлчилгээ гэдгээрээ олон улсад сайшаагддаг. Эндээс цаашилбал, эрүүл мэндийн өндөр боловсролтой гэдэг ч юмуу, өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг хүмүүс цусан дахь эрдэс бодисын шинжилгээ өгөх зэргээр бүр нарийвчилсан байдлаар өөртөө анхаардаг. Хувь, хувьсгалын байгууллагуудад ч ажилтнуудаа жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг үнэлүүштэй жишиг ч манайд тогтож эхэлж буй.
Эрүүл мэндийн тогтолцоо нь боловсронгуй түвшинд хүрсэн хөгжингүй орны иргэд ч халдварт болон халдварт бус өвчнөөр өвддөг. Гэхдээ хөгжиж буй манайх шиг орны хүн амын өвчлөлийн дүнтэй харьцуулахад бараг эрүүлжсэн байдаг гэхэд хилсдэхгүй. Эдгээр улсууд асуудлыг шийдэхдээ өвдсөн хойно нь эмчлэхэд биш харин урьдчилан сэргийлэхэд төрийн бодлогоо чиглүүлж ажилладаг. Товчхондоо хүн амын эрүүл мэндийн зардалд эзлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний зардлыг өсгөхөд анхаардаг ухаалаг жишиг бий. Нөгөө талд иргэн өөрөө урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд орох, амьдралын хэв маягаа өөрчлөх, хорт зуршлуудаасаа салахад анхаардаг. Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд нас болон амьдрал, ажлын онцлогоос шалтгаалан хоорондын хугацаа, өгөх шинжилгээний тоо ч ялгаатай байдаг. Насанд хүрсэн иргэн бүр жилд нэг удаа (эдийн засгийн боломжгүй нь ЭМД-ын эв хамтын зарчмаа ашиглаад ч болов) бүтэн биеийн үзлэг шинжилгээнд хамрагдаж заншвал манайх шиг цөөн хүн амтай орон ядаж нас баралтаараа тэргүүлээд байгаа аймшигт өвчнүүдээр өвдөхгүй байх боломжтой. Гунигтай нь бид энэ тал дээр “сүх далайтал үхэр амар” гэсэн философиор ханддаг.
2017 онд элэгний хорт хавдрын шинэ тохиолдол 2312 бүртгэгдэж, элэгний хорт хавдрын улмаас 1416 хүн нас барсан гэсэн тоо гарсан төдийгүй шинээр бүртгэгдсэн элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатанд бүртгэгдэж байгаа нь аюулын харанга дэлдсэн. Манай улс сүүлийн долоон жилд элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд “тэргүүлж”, элэгний хорт хавдрын өвчлөл залуужих хандлагатай байгаа, нас баралтын тэргүүлэх таван шалтгааны хоёрт элэгний өвчлөл орж байсан учир Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хэмээх үндэсний хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлж, 4 зорилт бүхий 75 цогц ажлыг хийж гүйцэтгэхээр эхлүүлсэн. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр гепатитийн вирусийн халдварын тархалтыг зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулна гэж үзсэн. Тиймдээ ч “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд гепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийсэн. Харамсалтай нь элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэсэн уг хөтөлбөрийн хүрээнд олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаа ч иргэдийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдалтын идэвхи хангалтгүй түвшинд байгаа гэдгийг албаны хүмүүс онцолсон. Эндээс иргэн өөрийгөө хэр хайрлаж, өөртөө хэр анхаарч, эрүүл мэнддээ анхаарч буйг давхар харж болно. Элэгний өвчнөөр өөрөө, дотнын хүмүүс, найз нөхөд нь шаналж буй хүмүүс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнг мэдэрч эхэлсэн байж болох ч нийгэм тэр чигтээ анхаарч, өөрсдөдөө дүгнэлт хийж анхаарч байна уу гэвэл үгүй. Тиймээс л төрийн гарыг хараад, эмчид биеэ, өвчинтэйгөө даатгаад, хүндэрвэл нь лам хар гэж гүйдэг зангаа орвонгоор нь өөрчлөхгүй бол монгол хүн эрүүлжих хүртэл олон арван жил шаардагдах бололтой. Эдгэвэл ламын номын хүч, эс бөгөөс эмчийн буруу.

2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын эмийн бүртгэлд 5880 эм бүртгэгдсэн гэсэн албаны тоон мэдээ бий. Эдгээр бүртгэгдсэн эмийн 3939 нь буюу 68 хувь нь 59 улсаас импортлон оруулж ирсэн бүтээгдэхүүн байна.
2017 оны статистикаар эмийн зах зээл бөөний үнийн дүнгээр 441 тэрбум төгрөгт хүрсэн. Иргэдийн эмийн хэрэглээ өмнөх оноосоо 200 гаруй тэрбумаар нэмэгджээ. Эмийн хэрэглээ ийм өндөр байгаа нь өвчлөл төдий чинээ өндөр байгаа гэхээс илүүтэй эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой. Антибиотикийн хэрэглээг харахад Монгол Улс 1000 хүнд ногдох антибиотикийн өдрийн тун нь 64.4 гарсан нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин их үзүүлэлт юм. Бас л албаны судалгаагаар амьжиргааны түвшин доогуур иргэдийн эм худалдан авахад зарцуулж буй мөнгө дунджаас дээгүүр түвшний иргэдийн эм авч буй мөнгөнөөс бараг хоёр дахин их байсан санагдаж байна. Энэ нь энэ бүлгийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол -1 төдийгүй урьдчилан сэргийлэх тухай ойлголтгүй, эмнэлэгт очих мөнгөгүй учир эмээр өвчнөө түр ч болов намдаах, аргацаадагтай л холбоотой. Ингэхдээ үргэлж өөрсдийн дураар антибиотик авч уудаг, эмийн сангууд түүнийг нь жоргүйгээр зарж л орхидог.
ДЭМБ-аас 2015 онд гаргасан бүх дэлхийн улс оронд хандаж антибиотикийн зохистой хэрэглээг хэвшүүлэх тунхаглал хүртэл гаргаж байв
Анхны антибиотик пенциллин хэрэглээнд нэвтэрснээс ердөө хоёр жилийн дараа түүнд тэсвэртэй нян бүртгэгджээ. Өдгөө дэлхий дээр 100 орчим нэр төрлийн антибиотик бүтээгдсэний 10-аадыг нь л анагаах ухаанд өргөн ашигладаг. Дэлхий дээр үйлдвэрлэж буй нийт антибиотикийн 80 хувь хөдөө аж ахуй, хүнсэнд шууд болон шууд бусаар орж байна.
Фермерийн аж ахуйн амьтад, бүр тухайлбал үхрийн өвчин газар авсан тэр цагт антибиотикийг анх туршсан гэдэг. Үхрийн халдварт өвчин эдгэхийн зэрэгцээ таргалж эхэлсэн учир зөвхөн эмчилгээнд бус махны гарцыг нэмэгдүүлэх зорилгоор мал аж ахуйд антибиотик бүрэн нэвтэрчээ. Вашингтоны их сургуулийн энэ талаар хийсэн судалгааны дүнд гурав хүртэлх насны хүүхэд ямар нэгэн замаар “антибиотик авсан” бол таргалалт үүсч, астма, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл үүсдэг гэдгийг тодорхойлсон нь бий. Бага насанд нь хүүхэддээ антибиотик хэдий чинээ их хэрэглэнэ төдий хэрээр энэ өвчнөөр өвдөх эрсдэл илүү байна гэсэн уг тодорхойлолтод малын махыг ихэсгэх зорилгоор дам антибиотикийн хэрэглээ ихтэй америкчууд хамгийн их өртдөг аж. Нийт хүн амынх нь таргалалт дам антибиотикийн хэрэглээтэй нь холбоотой. Манай улсын хувьд бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг учир дам антибиотикийн хэрэглээ үхэр, хонины маханд бага байж болох ч хүнсний ногоо болон импортын хүнсний хэрэглэгчдийн хувьд антибиотикийн мэдрэмж буурсан байх магадлалтай. Тийм ч учраас органик хүнс тэжээл бордооноосоо эхэлнэ гэдгийг хөнддөг болсон.
Антибиотикийг бага багаар хүнсээрээ дамжуулж авсаар дасал үүсч, улмаар өвчинтэй тэмцэхэд нь үйлчлэх антибиотик байхгүй болох айдас хүйдэстэй ирээдүй биднийг хүлээж буй. Тиймээс органик бүтээгдэхүүн сонгох, хүнсний бүтээгдэхүүний савлагаан дээрх үсэг, тооны учрыг ялгаж таньдаг болох анхан шатны боловсрол давхар хэрэг болж эхэлжээ.
Монгол Улс улаан хоолой, элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр БНСУ-ын дараа орж байгаа нь ДЭМБ-ын судалгаан дээр дурайж буй. Үүн дээр нэмээд өмнө дурдсан халдварт бус өвчин болох зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчлөл өндөр байгаа нь ердөө л бид зөв хоололтод төдийлэн анхаардаггүйн гай. Зөв хооллолт гэхээр элдэв дэглэмийн идэж болох болохгүй зүйлс гэсэн бодол толгойд чинь түрүүлж буудаг бол дэндүү буруу бодож явна шүү гэдгийг тань сануулъя.
Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх, авах замдаа сахартай, хийжүүлсэн ундаа, чихэр чипс байнга авч өгдөг. Ийм худалдан авалтад өдөрт 1500-3500 төгрөг зарцуулдаг гэж тооцох юм бол хүүхдийнхээ биед шаардлагатай шим тэжээлийг өгч чадах эрүүл бүтээгдэхүүн авч өгөх мөнгөөрөө хор авч өгч буйгаас ялгаагүй. Хүүхэд өдөрт нэг аяга сүү уухад өдөрт авах ёстой уураг, кальци, В аминдэмийн тодорхой хувийг нөхдөг. Нэг сав хийжүүлсэн ундааны 1500 төгрөг хоёр аяга сүүтэй тэнцэнэ гэж тооцвол бидэнд эрүүл, зохистой хооллох боломж хэр байгааг ойлгох биз. Монголчуудын өөрсдийн тарьж ургуулдаг хүнсний ногоо, ялангуяа хүнсний нарийн ногоо болон жимсний нэр төрөл хүлэмжийн аж ахуй хөгжиж буйтай зэрэгцэн сайжирсан. Үнэ болоод олдоц ч боломжийн болжээ. Гол нь өөрийн биед шаардлагатай шим тэжээл, эрдэс бодисыг авахад шаардагдах аминдэмийг агуулсан хүнс сонгож чадаж байна уу гэдгээ бид өөрсдөө дүгнэх цаг гаргах л хэрэгтэй байгаа юм.
Монголын хүн ам хоногт дунджаар 1.8 нэгж жимс, хүнсний ногоо хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 3.2 нэгжээр доогуур. Нийт хүн амын 92.3% хоногт таван нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэдэг.
Манай улс Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд хоол тэжээлийн үндэсний хэмжээний судалгаа таван жил тутамд хийгддэг. 2018 оны хоёрдугаар сард “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны дүнд хоол тэжээлээс хамааралтай эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон. Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, аминдэм, эрдсийн дутлын тархалт өндөр, тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрсэн байна.
Илүүдэл жин ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байгаа нь онцгойлон анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг ч уг судалгааны дүн харуулж байгаа юм.
Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй шим тэжээлийн дутагдал болоод илүүдэл жингийн дийлэнх хувь нь тэдний зохисгүй хооллолтой холбоотой. Нэн ялангуяа сахарын замбараагүй хэрэглээ нь хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцөлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үндсэн шалтгаан нь хооллолт, түүнд хамаарах сонголтууд.
ДЭМБ, НҮБ-ын ХХААБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн хүнсний хөтөлбөр гэсэн дөрвөн том агентлаг хамтраад “Ази, Номхон далайн бүсийн шим тэжээл, хүнсний баталгаат байдлын төлвийн Тайлан-2018” тайланг гаргасан. Тайланд дурдсанаар Монгол Улсад ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, ус болон ариун цэврийн байгууламжийн систем, хөдөө орон нутагт хүнс тэжээлийн авч болох хүртээмжтэй байдал хязгаарлагдмал байдал зэргээс хамаарч шим тэжээлийн дутагдал гэдэг их байгаа аж. Хүнсний шим тэжээлийн дутагдал, таргалалттай паралель оршиж буйг ч энэ тайлангаас харж болно. Эсрэг тэсрэг ойлголт болох шим тэжээлийн дутагдал, таргалалт хоёр зэрэгцэн оршиж буйн шалтгааныг мэргэжилтнүүд сахар, давс болон шим тэжээлгүй, амин дэм агуулаагүй боловруулсан бүтээгдэхүүнийг сүүлийн үед хүүхэд, залуус их хэрэглэж байгаагаас болсон гэж дүгнэжээ.
Ижил жишээ нь Япон улсад хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл 1970 онд маш өндөр байж. Хоол боловсруулах эрхтэн систем гэхээр өнөө л элэг цөс, ходоод, зүрх судасны үйл ажиллагаа, таргалалт гээд бүгд орж байгаа юм. Өнөөгийн Монголд нас баралтын тэргүүлэх таван шалтгаантай яг адилхан өвчлөлүүдэд япончууд нэрвэгдэж байжээ. Ингээд тус улсын Засгийн газраас нь эдгээр өвчлөлийн үндсэн шалтгааныг судлахад иргэдийнх нь шүдний ясны чанар маш муу байгаа нь тодорхой болсон. Ингээд Засгийн газраас “32” гэдэг төсөл хэрэгжүүлсэн нь насанд хүрсэн иргэн бүр амандаа 32 шүдтэй байж сая хоолоо гүйцэд боловсруулж чадах юм байна гэж үзэн хүн амынхаа (бага насны хүүхдүүдийнхээ онцлогт тохирсон ойлгомжтой байдлаар шүд арчлах, угаах аргыг цэцэрлэгийн наснаас нь эхлэн заасан) шүдний эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэж эхэлсэн. Үр дүнд нь иргэдийнх нь амны хөндий эрүүлжиж эхэлсэн. Улмаар хөтөлбөрийн дүнд насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүдийн шүд бүрэн эрүүлжсэн. Тэгмэгц дараагийн ажилдаа буюу хөтөлбөртөө орсон нь “33” гэдэг төсөл байсан нь амны хөндийд хоол орж ирсэн үед 33 удаа зажилж сургах байв. Хоолыг бид бүхлээр нь хагас хугас зажилж, таслаад залгихаар ходоод болон цөс, нойр булчирхай гэхчилэн хоол боловсруулах эрхтэн системийг бүхэлд нь, нэмээд шулуун гэдсэнд хүртэл ачаалал өгдөг. Амны хөндийд 33 зажлахад нөгөө шим тэжээл нь амны хөндийн салстаар дамжиж цусанд ордог гэдгийг япон эрдэмтэд олж нээсэн. Амны хөндийн доторх зажлалт нь хоолны шим тэжээлийг гүйцэд авах, хоол боловсруулах эрхтэн системийн ачааллыг хөнгөлөх, бууруулах гэсэн асар өндөр ач холбогдолтой. Давхар нэг халбага хоолоо ийм тооны зажилдаг болсон хүний нэг удаад идэх хоолны хэмжээ хэр байх вэ? гээд бодохоор хооллолт хүртэл зөв болж эхэлсэн аж. Хэрэв анзаарсан бол Японд хүнсийг нэг удаа идэхэд ихдэхгүй бас багадахгүй байх тийм төгс хэмжээгээр савласан байдлаар худалдаалдаг. Америкийн супермаркетуудад тэгтэл байдал эсрэгээрээ буюу шингэн бүтээгдэхүүн гэхэд 3-5 литрээр, талх нарийн боов, гурилан бүтээгдэхүүн 2-3 хүн идэх хэмжээгээр савлагдсан байдаг шүү дээ. Японы Засгийн газар иргэдээ эрүүлжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь зөв амьдралын хэв маягт сургаж, улмаар эрүүл, зохистой хооллолтод бүрэн шилжүүлж чадсан. Япончуудын дундаж нас дэлхийн дунджаас дээгүүр буюу 95 байгаа. Үүнийгээ өөрсдөө “бид өвдсөнийхөө дараа биш урьдчилан сэргийлэх дээр маш өндөр ач холбогдол өгдөг” гэж тайлбарладаг. Эндээс харахад хүн эрүүл амьдарч урт наслахад, хүний үнэт чанар бий болоход хоол үндсэн үүрэгтэй гэдэг нь харагдана.
Хоолоор эрүүлжих, эмчилгээний хооллолт, дэглэм гэдэг нь тус бүртээ нарийн учиртай учир. Техник технологи хөгжсөн энэ цагт өөртөө, эрүүл мэнддээ анхаардаг хэнд ч эрүүл, зохистой хооллох талын мэдээлэл авах боломж бий. Гол нь бэлэн зүйл хүлээж суух биш өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрөө судалж, зөв сонголт хийх хэрэгтэй, эрхтэй.