Оны 129 дэх өдөр Шинэ он хүртэл 236 хоног үлдлээ
Өнөөдрийн баяр
Ялалтын баяр
1945 оны тавдугаар сарын 9. Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 70 сая хүний халуун амийг тасалсан Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.
Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.
Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм.
НҮБ-ын шийдвэрээр тавдугаар сарын 9-нийг дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгосон бол Орос улсад дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсөд нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодроогүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр хэмээн хүндэтгэн тэмдэглэдэг.
Эх орны дайнд тэр үеийн ЗХУ хамгийн их хохирол амсаж, 27 сая хүний алтан амь үрэгдэж, том жижиг 1710 хот, 70 мянга гаруй тосгон суурин бүрэн болон хагас нуранги болж, 32 мянга орчим үйлдвэр аж ахуйн газар, 98 мянган сангийн аж ахуй, 1876 хамтрал шатаж, нурж сүйджээ.


Герман үг дуугуй буун өгснийг ЗХУ-д 9-нд шилжих шөнө зарлаж, И.Сталины тушаалаар тэр өдөр Москвад 1000 их буугаар ёслолын буудлага хийжээ. Зөвлөлтийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар тавдугаар сарын 9-ний өдрийг Ялалтын баяр болгосон байна.

Ялалтын баярын анхны парадыг 1945 оны зургадугаар сарын 24-нд Улаан талбайд хийсэн бөгөөд парадыг ЗХУ-ын маршал Рокоссовский командалж, ЗХУ-ын маршал Г.К.Жуков Улаан талбайд цагаан морьтой гарч ирж хүлээж авсан түүхтэй.

Ялалтын өдөр өнөөгийн Орос орон, хуучин Зөвлөлтийн орнуудад хамгийн чухал баяр болдог. 1941-1945 оны Зөвлөлт-Германы дайныг "Аугаа их эх орны дайн" гэж Оросын түүхэнд нэрлэдэг. 1980-аад оноос энэ нэр томьёо шүүмжлэлд өртөх болсноос 1991 онд Зөвлөлт задарсны дараа бүрэлдэхүүнд нь байсан 15 улсын 11 нь буюу Азербайжан, Гүрж, Латви, Литва, Тажик, Туркмен, Узбек, Хасаг, Хиргис, Эстон улсууд (2014 оны байдлаар) энэ нэр томьёог хэрэглэхээс татгалзах болсон байна.Туркменистан Аугаа их эх орны дайн нэр томьёог хэрэглэхийг бүрмөсөн хориглож оронд нь "1941-1945 оны Зөвлөлт-Германы дайн" гэж нэрлэх болжээ. Эдгээр улсууд Хаант Оросын цэрэгт эзлэгдэн олон зуун жилийн турш ихээхэн хохирол амсч 1910-аад оны сүүлээс 1940-ээд оны дунд үе хүртэл Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө тэмцэж байв. Тэд Зөвлөлт Германы дайн нь Оросын үндэстний цөөнхүүдэд хамааралгүй харин Зөвлөлт өөрөө олон үндэстнийг цэргийн хүчээр дарангуйлан захирсан улс байсан гэж үздэг байна. Зөвлөлт Германы эсрэг байлдаж байсан ч сүүлдээ өөрөө Зүүн Европын орнуудад цэргийн хүчээр нөлөөгөө тогтоосон, Финландыг 1940 онд эзлэх гэж оролдсон зэрэг нь энэ нэрийг хэрэглэх нь зохисгүй гэж үзэхэд хүргэжээ. Гэвч ОХУ-д урьдын адил энэ нэр томьёог хэрэглэсэн хэвээр байна. Барууны судлаачид "Аугаа их эх орны дайн" гэсэн нэрний оронд "Дорнод фронт" гэсэн нэрийг хэрэглэдэг.
Ялалтын баярыг мөн Украин, Белорусь, Молдав, Азербайжан, Армен, Казахстан, Узбекистан, Киргиз,Тажикистанд тэмдэглэж байна. Сербид уг баярыг тэмдэглэдэг боловч амралтын өдөр биш юм.
Европын өдөр

Францын Засгийн газрын тэргүүн Роберт Шуман Европын улс төрийн нэгдлийн тухай тунхаглалыг 1950 оны тавдугаар сарын 9-нд уншин сонсгожээ. Түүний утга санаагаар Франц, Германы эдийн засгийн нэгдэл нь энэ хоёр орны хооронд дайн гаргах шалтгааныг утгагүй болгохоос гадна Европын бусад орнууд энэ нэгдэлд аажмаар татагдан орох ёстой байлаа.
Өнөөдөр түүхэнд
1009 - Ломбардийн хувьсгал: Италийн Бари хотын ломбардчууд Мелусын удирдлага дор Византийн эзэнт гүрний эсрэг босов.
1386 - Англи болон Португалийн хаант улс хамтын ажиллагааны Виндзорын гэрээнд гарын үсэг зурав. Энэ нь дэлхийн гадаад харилцаанд хамгийн эртнийх болох дипломат харилцааны үйл ажиллагаа гэж тооцогддог.
1540 - Испанийн газар зүйч, аялагч Эрнандо де Аларкон Калифорнийн буланд очив.
1662 - Английн алдарт хүүхэлдэйн жүжиг болох "Mr.Punch"-г олонд үзүүлж буйг анх удаа түүхэн сурвалжид тэмдэглэжээ.
1763 - Их Британийн эзэнт гүрний эсрэг уугуул америкчуудын өдөөсөн Понтиакын дайны үеэр Детройт боомтын бүслэлт эхэлжээ.
1864 - Шлесвигийн хоёрдугаар дайн: Данийн тэнгисийн цэрэг Австри-Пруссийн нэгдсэн хүчний усан онгоцнуудыг Гелиголандын тулаанд буулган авав.
1873 - Австрийн Вена хотын хөрөнгийн биржийн бүх хувьцаа унав. Ингэснээр удаан үргэлжилсэн хямрал Австри улсыг нөмөрсөн юм.
1874 - Энэтхэгийн Мумбай хотод тээврийн зориулалттай морин тэрэгний хоёр урсгалт замыг бий болгожээ. Тухайн үед үүнийг морин тэрэг бус морин автобус гэж нэрлэж байлаа.
1876 - Германы инженер Август Отто өөрийн зохиосон дөрвөн хэмнэлтэй дотоод шаталтын хөдөлгүүрийг асаан үзүүлжээ. Уурын хөдөлгүүрээс үр ашигтай байсан энэ хөдөлгүүрийг арван жилийн дотор 30 мянган ширхгийг худалдаж чадсан байна. Өнөөгийн бүх автомашины хөдөлгүүр нь Оттогийн зохион бүтээсэн системээр ажилладаг юм.
1911 - Санкт-Петербург хотын Технологийн институт дээр дэлхийн хамгийн анхны телевизийн нэвтрүүлгийг Оросын эрдэмтэн, физикч Борис Львович Розинг хийсэн байна. Эрдэмтэн 1907 онд зохиосон телевизийн багажийнхаа тусламжтайгаар хар дэлгэц дээр дөрвөн цагаан шугамны дүрс гаргаж чаджээ.
1877 - Өмнөд Америкийн Перу улсад 8.8 магнитудын хүчтэй газар хөдөлж 2541 хүн амиа алджээ. Газар хөдлөлтийн чичиргээ Япон болон Хавайн аралд мэдрэгдэж байлаа.
1901 - Тусгаар тогтносон Австрали улсын парламент анхдугаар хуралдаанаа зарлан хуралдуулав.
1904 - "Труро" нэрт уурын зүтгүүр 160 км/ц хүрсэн хурд үзүүлсэн анхны уурын тэрэг болжээ.
1920 - Польш-Зөвлөлтийн дайн: Польшийн генерал Эдвард Ридз-Шмиглигээр удирдуулсан цэргүүд Киев хотод ялалтын парад зохион байгуулжээ.
1936 - Италийн цэргүүд Этиопийн нийслэл Аддис Абаба хотыг эзлэн авсны дараа тус орныг Италийн бүрэлдэхүүнд нэгтгэв.
1942 - Нацистын Германы "СС"-ийн тушаалаар Украины Зинкив тосгонд 588 еврей үндэстнийг цаазаар авчээ.
1946 - Италийн хаан III Эммануэль эрх ямбаасаа татгалзаж буйгаа зарлав. Түүний орыг II Умберто залган авав.
1948 - Чехословак улсад шинэ үндсэн хууль мөрдөгдөж эхлэв.
1955 - Баруун Герман Умард Атлантын цэргийн эвсэлд /НАТО/ нэгдэв.
1958 - Алдарт найруулагч Альфред Хичкокын "Вертиго" кино дэлгэцэнд гарчээ.
1969 - Бразилийн Сан Паулу хотод цэргийн дарангуйллыг эсэргүүцсэн хүмүүс Карлос Ламаркагийн удирдлагад нэгдэв. Самуун гаргачид хоёр банк дээрэмдэж, эмх замбараагүй байдал үүсгэжээ.
1970 - АНУ-ын Цагаан ордны гадаа дайныг эсэргүүцсэн 75-100 мянган хүний жагсаал болжээ.
1974 - Уотергейтийн дуулиан: АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Ёс зүйн дэд хороо Ерөнхийлөгч Ричард Никсонд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.

1978 - Италийн таван удаагийн Ерөнхий сайд, Христийн ардчилсан намын лидер, томоохон улстөрч, 60 настай Альдо Морогийн суманд сийчигдсэн цогцсыг үл таних нөхөр утасдсаны дараа улаан өнгийн “Рено” машины ачааны савнаас олжээ.Улстөрчийг үүнээс хоёр сарын өмнө “Улаан бригад”-ын террористууд хулгайлсан юм. Түүнийг хороосон этгээд болон “Улаан бригад”-ын 32 алан хядагчийг 1983 онд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн билээ.
1979 - Иран улсын бизнесмен еврей гаралтай Хабиб Элганианыг олон нийтийг улс орноосоо урвахыг өдөөн турхирсан хэргээр Тегеран хотноо цаазаар авчээ. Тэрээр Иран улсад амьдардаг 100 мянга гаруй еврей иргэдийг Израиль улс руу дүрвэн гарахыг уриалсан юм.
1987 - Польшийн нийслэл Варшав хотын нисэх буудлаас хөөрсөн ЛОТ компанийн 5055 дугаар нислэгийн онгоц хөөрсөн даруйдаа сүйрч хөлгийн баг бүх зорчигчид нийт 183 хүн амиа алдав.
2001 - Гана улсын нийслэл Аккра хотын төв цэнгэлдэхэд болсон хөлбөмбөгийн тоглолтын үеэр 129 хүн шахцалдааны улмаас амиа алджээ. Тоглолтын явцад шүүгч алдаатай шүүлт гаргасныг эсэргүүцэж үзэгчид бухимдлаа илэрхийлсэн нь шахцалдаан үүсэх гол шалтгаан болсон байна.
2003 - Японы сансрын хөлөг хөөргөх Кагошима буудлаас “Hayabusa” (Шонхор) станцыг хөөргөжээ.
2015 - ОХУ Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Ялалтын баярын парадад дэлхийн 10 улсын төрийн тэргүүн, 1300 ахмад дайчид, ОХУ-ын армийн 500 мянган цэрэг оролцсон байна.
2018 - Малайз улс 1957 онд тусгаар тогтносноос хойш Засгийн эрхийг атгаж байсан Барисаны Үндэсний нэгдэл нам ялагдал хүлээж олонхийн суудлаа алдав.