Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр үдээс өмнө болжээ. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцэж, Захиргааны танхимын шүүгч Х.Батсүрэн олонхийн санал авсан байна. Түүнийг Ерөнхий шүүгчээр томилох эсэхийг Ерөнхийлөгч шийдэх юм.
Х.Батсүрэн нь 1965 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 54 настай, эрэгтэй. Тэрээр 1973-1983 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль, 1984-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академи, 1997-1999 онд ХБНГУ-д Их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч, 1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч, 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжилтэн, 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч, 2011 оноос тус Шүүхийн Ерөнхий шүүгчээр, 2012 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус ажиллажээ. Шүүгчээр 15 жил ажиллаж буй нэгэн аж.