‘’Мэргэжилдээ эзэн, мэдлэгт ноён суух Эмч Том акул нь жижиг жараахайгаа тэжээх Эмнэлэг Мөнгөөр хэмжигдээгүй баялаг үйлдвэрлэл Эрүүл бие Ядарч, цөхөрсөн нэгэнд эгэл хандах энэ улсад БАЯРЛАЛАА Манай улсыг бусдаас авдаг биш өгдөг улс болгож өгөөч гэж Зүрхэн дотроо би хүслээ шивнэлээ.’’
УБ-Бусан нислэгийн онгоц хүлээн суухдаа 00-оос гарч ирэх үйлчлэгч эгчийн царай нэг л сонин нүдэнд туслаа. Хаа нэгтээ харсан ч юм шиг тэр эмэгтэйн нүд цаанаа л нэг гунигтай, гэхдээ л танил. Онгоцондоо суугаад нислэгийн турш түүнийг нэхэн саналаа. 27 жилийн өмнө би 9 настай байсан юм. Нэг удаа найз охиныхоо гэрт тоглохоор ортол хойд ээж нь түүний үсийг гартаа ороон, нөгөө өрөөрүүгээ чирч оруулан зодож билээ. Энэ бол миний амьдралдаа бодитоор харсан цорын ганц харгислал байсан юм. Би тэр үед харгисаар зоддог хүнийг хойд ээж гэдэг юм байна гэж бодсон. Хүүхэд хичнээн буруу хэрэг хийсэн ч ясыг нь зөртөл тамлаж болох уу?
Туг тугаараа унасан ч, унаад унаад барагдахааргүй өтгөн хар үстэй, царайлаг төрсөн бяцхан охин харин ч нэг хүүхэд насны тас хар гунигийг тэсээд гарсан юм. Би түүнээс чи уйлахгүй юм уу? Өвдөхгүй байгаа юм уу? Хүн гуниглах, өвдөх үедээ уйлдаг биз дээ? гэж түүнд сануулан тэнэгтэнэ. Миний тэнэг үгэнд тэр “Уйллаа гээд нулимс арчих хүн байхгүй шүү дээ, тэгээд ч хацар, гар хоёр норчихоор улам даараад байдаг юм” гэж хариулна. “Уйллаа гээд асуудал шийдэгдэхгүй” гэж хэлэх түүний үг насандаа даанч ахадмаар.
Бүрхэг тэнгэр цэлмэж, бүлээн салхи үлээх зуны дэлгэр цаг улирал нь болохоор хүрээд л ирдэг жамтай юм хойно. Хар бараан амьдрал нь дууссан түүнтэй өнөөдөр дурсамж хуваалцан, тас тас хөхрөн, хар амьдралын гашуун дурсамжаа цагаан инээдээр чимэн ярилцах маань энэ. Одоо л би нисэхийн 00 өрөөнөөс гарч ирсэн цэвэрлэгч эгч хэн болохыг танилаа. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол найз маань хэзээ ч суухгүй гэсэн.
Өлсгөлөн ходоодтой, дүүгээ хөтөлсөн жижигхэн охидын хичээлдээ явах замд яагаад ч юм том том чихэр хаясан байдаг байлаа. Тэр үед чихэр элбэг байсан үе огтоос биш. ''Тэр чихрийг хэн үлдээгээд байдаг байсныг мэдэхгүй ч, хүүхэд насны маань хамгийн гэгээн дурсамж нь байсан юм'' гэж найз маань нулимсаа арчин хэлсэн юм. Одоо бодож байхад тэр чихэр яасан ч гудамжинд зүгээр л нэг хаясан чихэр биш байсан. Яг л өглөө бүр тэр газраа биднийг олж ид гэсэн шиг. Магадгүй энэ тэмдэглэлийг тэдний замд чихэр орхидог байсан нэгэн олж уншвал 27 жилийн тэртээгээс БАЯРЛАЛАА гэж танд мэхийн ёсолъё. Савлуур дор чихэр орхидог байсан тэр гарыг бурхан ивээг. Хэнд ч хэлээгүй хайрын очинд бяцхан зүрх бүлээцэн амьдарсан. Одоо охид маш сайн амьдарч байгаа, хоёулаа энгэрээсээ цагаан сүү урсгасан ээж нар болсон. Үлдээсэн чихэр бүрийн чинь тоогоор баярлалаа. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэдэг орчлон хойно охид маш гоё цэцэглэсээн. Хөлдүү газрыг сэт цохин ургасан болохоор үндэс нь их бөх юм билээ. Уянгалж чаддаггүй ч шалчиганаж мэдэхгүй, хүн муулдаггүй болохоор сонирхол татдаггүй ч, худалч биш болохоор хачиргүй. Ийм л нандин цэцэгс энэ дэлхийд дэлбээгээ дэлгэн амьд үлдсэн дээ.
Гэсэн ч хүүхэд насны гашуун амьдралаас охин ясандаа бэртэл авч, хайр халамжийн дутуугаас сайн эмчлүүлж чадаагүй юм. Олон жил тэр өвчнөөр шаналсан даа. Ужгирсан олон жилийн бэртэл түүнийг аль хэдийнэ хэзээ ч эдгэхгүй архаг хүнд өвчний тоонд оруулав. Солонгосын олон эмнэлгээр явсан ч бүгд л хүлээж авахаас татгалзлаа. Эцэст нь Кореа их сургуулийн эмнэлэг эдгээнэ гэж амлахгүй ч оролдоод үзье гэсэн юм. Ингэж л би Кореа эмнэлэгийн босгыг алхах болсон. Тэнд би маш олон сонирхолтой зүйл харлаа.
Эмнэлгийн орон дээр 80 настай өвгөн энд тэндээсээ бөөн гуурстай дусал, цус хоёрыг зэрэг залгуулчихсан, ухаан нь орж гаран хэвтэнэ. Хааяахан түүнээс маш сонин авиа гарах нь энэ хүнийг амьд гэдгийг илтгэх шиг. Энэ хүнийг ингэж зовоож байхаар зүгээр л үхүүлчихээсэй гэж би бодно. Хажуу дахь хангуг найздаа шивнэн хэлэхэд ''Чи юу ярина вэ? Энэ хүмүүсийн тэмцлээр өнөөдрийн манай улс боссон юм. Бид тэднийг эцсийг нь хүртэл хариуцах болно, босгож өгсөн улсынх нь шинжлэх ухааны гайхамшгийг харуулж өгөх ёстой'' гэж сөрсөн базаагаар намайг нокаутанд хийлээ. Яг үнэндээ бол эмнэлгийн төлбөрийг даатгалын компаниас төлдөг учраас эмнэлгийн хувьд энэ нь орлого. Мөн настай хүмүүс маш өндөр тэтгэвэр авдаг учраас гэр бүлдээ мөнгө олж өгч байгаа. Энэ бол “амьд цогцсыг” санхүүгийн эргэлтэнд оруулж буй үйлдэл байлаа. Кореа Эмнэлэг бол маш том хэдий ч дээд сургуулийн дэргэдэх судалгааны эмнэлэг учраас газар газрын маш хүнд, ховор өвчтэй, амь тэмцсэн хүмүүс үйлчлүүлж, үхлийн аюулаас амийг нь холдуулаад жижиг эмнэлгүүд рүүгээ шилжүүлнэ. Миний найз Оюу ч бас хүнд хагалгаагаа энд хийлгээд жижиг эмнэлэг рүү шилжсэн.
АНУ-д болсон аймшигт ослоос амьд үлдэн яс ургуулах төхөөрөмжийн анхны туршилтыг хийлгэж байсан тухай тэмдэглэл уншин суухдаа би тэр төхөөрөмжийн талаар нүдэндээ төсөөлөн бодож байлаа. 2018 оны 12-р сарын 27-ны өдөр төрөлхийн тулгуур эрхтний согогтой төрж, амьдралдаа нэг ч удаа алхаж үзээгүй Хөвсгөл аймгийн Хатгал сумын долоон настай хөөрхөн охин Сугармаа, түүний ээж Өөдөс, ясны идээт үрэвсэл гэсэн оноштой есөн удаа хагалгаанд орсон 10 дахь хагалгаагаа хүлээн хэвтэж буй Оюу бид дөрөв Кореа эмнэлэгт энэ төхөөрөмжийг сонирхон, шинэ жилийн тухай ярилцан сууж билээ. Гаднаас дулаахан харцтай өвгөн профессор, дагалдах эмч нартайгаа орж ирэн “Оюу чи эдгэрсэн, CONGRATULATIONS” гэдэг үгийг баяртайгаар хэлж бид инээмсэглэлээ.Оюугийн өвчин ч бас маш ховор хүнд өвчин бөгөөд олон эмнэлэг түүнийг авахаас татгалзсаныг би дээр дурдсан. Эхлээд үрэвслийг нь эмчилж дараа нь үеийг нь сольдог юм билээ. Эдгэрэхгүй оношинд эдгэрлийг, эмчлүүлэх хөлгүй төрсөн нэгэнд хөл ургуулчих шинжлэх ухааны гайхамшгийг бахдан бахдан баясна.
Мэргэжилдээ эзэн, мэдлэгт ноён суусан энэ эмчийг монгол хүн байсанч болоосой гэсэн “шуналын” сэтгэлээр сэмхэн харц унагалаа. Ямартай ч улсад маань баялаг үйлдвэрлэж өгсөнд 고려대학교구로병원의오종건профессорт баярлалаа. Сугармаа хөл дээрээ алхаад хичээлдээ явна. Гурван нялх үр эрүүл энх ээж Оюуг бэлгэнд авлаа.
Бидний л мэдэх нууц Бидний л мэдэх нулимс Бидний л мэдэх талархал Бидний л мэдэх гайхамшиг Нууц агуулах амьдрал Нулимс зөөлөн арчих дүү Талархал хүртэх үрсийн заяа Гайхамшиг бичиж үлдээх найз Ээ дээ урт замыг тууллаа даа 10 дахь хагалгааны ард гараад Гэртээ харих хамгийн гоё зам Кореа эмнэлэг чамд баярлалаа
Бид гэртээ харилаа

КIT их сургуулийн оюутан С.Болортуяа