
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр “Вилла Борсиг” цогцолборт албан ёсоор угтан авсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцааг 2024 онд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснийг төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэж, аж үйлдвэр, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Хоёр улсын Ерөнхийлөгч нар энэ онд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, оюутан, багш, судлаачдын солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо.
Төрийн айлчлалын хүрээнд “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулав.

Талууд хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжиж буй “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, анх удаа зохион байгуулж буй “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг” зэрэг санаачилгад тулгуурлан эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, монгол оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Түүнчлэн мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы тэргүүн туршлагыг нэвтрүүлж, Монгол Улсад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалтууд зохион байгуулахаар тохиролцов.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад тэргүүлэх ач холбогдол өгөхөөр боллоо.
Түүнчлэн хоёр улсын иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах боломжийг судалж, энэ чиглэлээр яриа хэлэлцээг эхлүүлэх, Франкфурт ам Майн хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр болсныг зарлалаа.