Тэр ээжийнхээ, ханийнхаа тухай ярихдаа аньсага нь чийгтэж байлаа. Настай хүний сэтгэлийг хямраачих вий гэхээс би энэ сэдвээс халираад халшраад байсан ч асуух л ёстой асуулт гэж зориглосон юм.
“Хөөрхий муу ээж минь өргөмөл ганц хүүгээ насан эцэслэтлээ хар цагаан үггүй л дагаж явсан даа. Хатуу хөтүү амьдрал хүнийг босгодог юм билээ” гэж хэлэхдээ хоолой нь цахиртсан ч хараагаа өөр тийш бэлчээж, хэрэндээ л биеэ барьж байсан энэ хүн бол химийн багшаас сэтгүүл зүй рүү урваж, ухамсарт амьдралаа тэр л гал тогоонд өнгөрүүлсэн Монголын радиогийн гэх тодотголтой соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Л.Гүнсэн гуай юм. Тэрээр өдгөө 85 настай ч ануухнаараа. Биднийг очиход “Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан кино хийж байгаа. Өглөө төв телевизэд очиж ярилцлага өгөөд ирлээ. Өнөөдөр чинь миний “од” болдог өдөр юм байна” хэмээн инээсээр угтлаа.
Тэр үеийн хатуу хөтүү амьдрал миний эчнээ багш байжээ
Багшийн мэргэжил эзэмшчихээд “албан шахалтаар” сэтгүүлчээр хуваарилагдахад хөөрхий ээж минь хар цагаан дуугүй дагаад л явсан. Цалин гээд хэдэн төгрөг авчирч өгөхөд баярлаад л миний муу ижий. Би хүний өргөмөл ганц хүү. Уг нь би эхээс олуулаа. Төрүүлсэн ижий, аавынд маань хүүхэд тогтдоггүй, бүгд хэл, хөлд ороод томорсон хойноо энддэг байсан юм билээ. Намайг олдсоны дараа ижий минь нутгийн том ламаас “Манайд хүүхэд тогтдоггүйг та мэднэ. Дахиад хүүхэд олдлоо. Энэ хүүхэд маань тогтох нь уу” гэж асуусан байгаа юм. Бас л “Танай хүн биш байна” гээд төрсөн даруйд нагацынд маань өргүүлсэн юм билээ. Гэтэл өнөө айл маань намайг найман сартай байхад хоёр тийш болж, буцаагаад төрсөн гэрт маань авчирч өгсөн гэдэг. Нэгэнт лам тогтохгүй гэсэн учир аав маань Галшарын цорж лам дээр авч очоод “Тан дээр л орхиё. Та хүн хийж авна уу” гэхэд өнөө лам, шавьтайгаа хоёул байж таарчээ. Тэр хоёр ламын дүү нар хоорондоо суугаад үр хүүхэдгүй хэдэн жил болсон байж таараад намайг тэр айлд өргүүлсэн гэдэг. Ингээд би хүний ганц хүү болж, аав, ээжийнхээ гэрт эрхэлж өссөн. Өргөж авсан аав маань намайг дунд сургуульд байхад насан эцэслэж, настай ээжтэйгээ хоёул хатуу хөтүүг туулж, хоолны захад хүрсэн дээ.
Юм гэдэг их сонин. Багшийн сургууль төгсөөд Хөвсгөлд хуваарилагдахад эргээд Хэнтийн Биндэрт ирэхэд, хотод радиод ажиллахад ижий минь дагаад л явсан. Москвад тусгай сурвалжлагчаар ажиллахад мөн л хүүгийнхээ дэргэдээс холдоогүй байж байгаад 1989 онд бурхны оронд одсон доо. Манайх ядмаг айл байсан ч намайг гэдэс цатгалан, мөр бүтэн явуулсан. Ядуу амьдрал хүнийг босгоод ирдэг юм билээ. Хавар болно, идэх юм ховордоно. Баян айлууд үүцээ задална. Хаврын салхинд үнэр нь ямар сайхан гэж санана. Манайд идэх мах ямар байх биш. Аав маань намраар идшинд хэрэглэсэн махныхаа гэдсийг шувтарч хатаагаад хавар давтаад шөл хийнэ. Амт ч гэж жигтэйхэн, хөлс чийхраад л. Тэр үеийн дутуу гуцуу амьдрал миний эчнээ багш байж дээ гэж боддог. Хөвсгөл рүү багшаар хуваарилагдахад улсаас надад зардал өгөөд, харин ээж минь унааны мөнгөгүй. Аргаа бараад авга ахынхаа зөвлөснөөр танил дээрээ очиж мөнгө гуйхад “Ааваас чинь үлдсэн гаанс, хөөрөг бий юү” гэж асуугаад байхгүйг нь мэдээд авдарнаасаа 100 төгрөг гаргаж өгөхдөө “Та хоёроос юу ч олж авах вэ дээ” гэхэд дотор харанхуйлаад л явчихсан. Айлаас гараад мориндоо мордохдоо хэнгэнэтэл уйлаад явж байж билээ. Амьдрал хатуу үедээ хатуу, эцгээсээ өнчирчихсөн надад их л хүнд байсан даа. Хөвсгөлд очиход багшийн сарын цалин 350 төгрөг, амралтын мөнгөтэйгөө 700 төгрөг авчихна. Бид хоёр тийм их мөнгийг яаж барах вэ дээ. Тэгэхэд “Ээ дээ болдогсон бол тэр хүний мөнгийг өнөөдөр боловч өгчихсөн” гэж мөн ч их бодож байж билээ.
Химийн багшаас сэтгүүл зүй рүү “урвасан”
Би та нартай адил сэтгүүлч мэргэжилтэй хүн биш. Ер нь сэтгүүлч болно ч гэж бодож ч байгаагүй. Долдугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд хоёр жил суралцаж, багш болсон. Хөвсгөлийн Мөрөнд хуваарилахад ээжтэйгээ хоёул үлдсэн гээд явахгүй байж болох байсан ч 20 ч хүрээгүй жаахан хүүхэд хүний өөдөөс үг дуугарч чадах биш. Хэлснээр нь томилолт аваад ээжийгээ дагуулаад явсан даа. Тэнд нэг жил багшлаад Хэнтийн Биндэрт хуваарилагдаад, дараа нь Гэгээрлийн хэлтэст очсон юм. Биндэрийн намын үүрийн хорооны даргаар хожмоо зохиолч болсон Б.Нямаа тухайн үед ажиллаж байсан л даа. Тэр үед би 17-18-тай хүүхэд. Б.Нямаа гуай нэг өдөр дуудаад “Маргааш хичээлийн жил эхэлнэ. Тэрний нээлтийн сурвалжлага бичээд сонинд өг” гэсэн. Би “Бичиж чадахгүй” гэдгээ хэлэхэд чи чадна гэж урамшуулснаар анх удаа жижиг мэдээ бичиж 1953 оны намар сонинд нийтлүүлж байв.

Хөдөлмөрийн баатар Шагдарсүрэн гуайтай. 2015 он
“Урагшаа” сонины газраас орон тооны бус сурвалжлагч гэсэн үнэмлэх ч удалгүй ирсэн. Дараахан нь Гэгээрлийн хэлтсээс шалгалт ирж бидний ажлыг шалгаад намайг байцаагч болгож дэвшүүлээд аймаг руу авч явлаа. Байцаагч хүн сургуулиудаар явж, багш нарын хичээлд сууж, шалгана гэсэн үг. Суусан хичээлийнхээ тухай багшид зааварчилгаа бичнэ. Нэг ёсондоо тухайн үйл явдлыг дүрсэлнэ гэсэн үг. Гурав, дөрвөн жил ийм ажил хийчихээр аливааг дүрсэлж бичих дөртэй болсон байх. Энэ хооронд сонин руу бага сага мэдээ сэлт явуулж байлаа. Дөрвөн жил аймгийнхаа Гэгээрлийн хэлтэст ажиллачихаад МУИС-д сурахаар 1957 онд ирсэн. Ингээд дөрвөн жил химийн багшаар сурч төгсөөд багшаараа ажиллах бодолтой байтал гэнэтхэн намайг Радио телевизийн улсын хороонд хуваарилчихсан. Бүр мэл гайхаад томилолтын бичгийг нь авалгүй 2-3 хонолоо. Мэргэжил дээшилсэн бол дээшилсэн, доошилсон бол доошилсон, би багшаа л хийнэ. Ингээд байж байтал Төв хорооны боловсон хүчин дуудаж байна гэнгүүт явж очлоо. Д.Машлай гэж мундаг сайд уриалгахнаар хүлээж аваад “Чи их сайн залуу байна. Мэргэжилдээ үнэнч. Би ч гэсэн багш. Тэгсэн хэр нь би энд дарга хийгээд сууж байна. Чи бид хоёр адилхан л хувь тохиолтой хүн ажээ. Хоёулаа эрт намд элсчээ. Нам ямар даалгавар өгнө түүнийг л дагах ёстой. Би багшаа хийх л байсан ч намын даалгавраар энд ирээд сууж байна. Хүү минь чи радиодоо оч доо. За баяр хүргэе” гээд шууд гараа сарвайсан. Том хүн тэгэнгүүт балмагдаад гар бариад 1961 онд радиод очиж, амь, амьдралаа холбож байлаа. Саяхан мэт санагдаж байна.
Би түүнийг тэнгэрээс надад хаяж өгсөн гэж боддог
Юм гэдэг их сонин. Ээж маань хөдөөнөөс нэг ном олж ирж өгсөн. Тэр нь Орос-Монгол толь бичиг. Ижий минь намайг эргэхээр хот руу явах гэж байгаад зам дээрээс тэр номыг олсон байдаг. Би түүнийг тэнгэрээс л надад хаяж өгсөн байх гэж боддог юм. Тэр үед толь бичиг олдохгүй, олдлоо ч хүний гар дамжаад урагдаад навсархай болчихсон байдаг. Гэтэл цоо шинээрээ шүү дээ. Тэр толинд олзуурхаж, нөхөрлөж явсаар сургуулийн ширээний ард орос хэлний хичээл дээр дөрөв гэдэг дүн огт авч үзээгүй. Энэ бол тэр толь бичгийн ач тус.
Хүний амьдрал хувь тохиол гэж сонин шүү. 1964 онд миний амьдарч байгаа энэ байрыг надад өгсөн. Би радиод ороод гуравхан жил болж байгаа хүн даргад ар гэрийн гачигдал ярьж орж зүрхлэхгүй. Хэдийгээр ажилдаа ахиц гаргаж байгаа ч дарга руу орох хэмжээнд байхгүй шүү дээ. Тэр олон байргүй ахмад хүмүүс байхад хэзээ ч урдуур нь орох ёс зүй, этик бидэнд байхгүй.
Мэдэхгүй үгээ шөнө дөлөөр хүртэл очиж орос эмч нараас асууна. Хагас жил яс орос хэл үзээд нэр томъёо нь давтагдаад өнөө тольтойгоо нөхөрлөх нь багассан даа. Сургуулиа төгсөөд ажлын талбарт гараад орос сэтгүүл захиж их уншина. Заримыг нь ойлгохгүй. Тэгээд дахиад л тольдоод уншина даа. Биндэрт хүүхдүүдэд Зөвлөлтийн сургуулийн сурах бичгээр зааж байх жишээтэй. Оюутан байхдаа хичээл давтахаас гадна орос сэтгүүл их уншина, заримаас нь шинжлэх ухааны уран зөгнөлт өгүүллэг орчуулаад 2-3 ном гаргаж байлаа. Орос хэл намайг тэжээсэн. Орчуулга хийж явуулдаг байсан учраас радиогийнхон намайг мэддэг “бэлэн” хүн гэж захисан юм шиг байгаа юм.
Гуравхан жил ажилласан “шинэков” байртай боллоо
Тэр үед мэргэжлийн сэтгүүлчид ховор. Улсын их дэлгүүр өнөөгийнхөө байранд нүүж орж байсан үе. Анхны сурвалжлагыг нь би хийгээд 20 гаруй хуудас материал биччихлээ. Дөнгөж ажилд ороод шүү дээ. Хажуугийн хүндээ үзүүлтэл “Уг нь ихдэхээр байна. Гэхдээ хэлтсийн дарга оруулъя гэж байна” гээд 20 гаруй минутын нэвтрүүлэг болсон. Анхны мэдээ материал энэ байсан. Дараа нь айлчлал сурвалжлах гэх мэтээр л өндрөө авсан даа. Шинжлэх ухааны нэвтрүүлэг хариуцаж байснаа 1967 онд радиогийн анхны өдөрлөг зохион байгуулсан. Өглөөнөөс орой хүртэл шинжлэх ухаан ярина гэсэн үг. 1967 онд манай улс Хятадтай харилцаа тааруу болов. Тэр үед хятадууд манайхыг муучилсан нийтлэл нэвтрүүлэг гаргана. Үүнийх нь хариуг барих хэрэгтэй гэж үзэн Гадаад нэвтрүүлгийн ерөнхий редакц байгуулж ерөнхий редактораар нь намайг томилдог байгаа. Түүнээс хойш хурган даргын албан тушаал хашсаар дунд нь таван жил Москвагийн радиод орчуулагч редактораар ажилласан даа.

Хүний амьдрал хувь тохиол гэж сонин шүү. 1964 онд миний амьдарч байгаа энэ байрыг надад өгсөн. Би радиод ороод гуравхан жил болж байгаа хүн даргад ар гэрийн гачигдал ярьж орж зүрхлэхгүй. Хэдийгээр ажилдаа ахиц гаргаж байгаа ч дарга руу орох хэмжээнд байхгүй шүү дээ. Тэр олон байргүй ахмад хүмүүс байхад хэзээ ч урдуур нь орох ёс зүй, этик бидэнд байхгүй. Зуслангаас айлууд буухад ганц манай гэр л торойгоод үлдсэн. Миний төрсөн эцэг маань хүндээр өвдөөд би ажлаасаа чөлөө аваад Хэнтий явсан үе л дээ. Буурин дээр тулгар биетэй эхнэр, хэдэн хүүхэд, хөгшин ижий маань үлдсэн байгаа юм. Манай радиогийн Зил-130-ын жолооч нэлээд зоримог хүн байсан. Тэр маань “Би танайхыг нүүлгэнэ. Харсаар байж танайхыг яаж айлын буурин дээр орхих юм” гэжээ. Тухайн үед манайх албаны гэрт байсан юм. Өөрийн гэсэн орон гэргүй. Жолооч манайхны хэнд ч хэлэлгүй ажил руу гарч давхиад тулгар биетэй эхнэрийг маань дагуулаад Жалан-Аажав дарга руу орсон байгаа юм.
Оронгуутаа “За дарга аа, Гүнсэнгийн гэр бүлийн хүн. Эдний амьдрал ийм байна” гээд танилцуулжээ. Дарга хүнээс олон таван үг асуудаггүй хүн байсан. Тамхи татаад цонхоор харж хэсэг зогссоноо утсаа аваад “Урд гүүрний хажууд баригдаж байгаа барилгаас манайд зургааг тавьсан байна. Нэгийг нэмчих ээ, би бүр аминчлан гуйж байна. Бодож үз. За тохирлоо шүү” гээд харилцуураа тавьсан гэсэн. Намайг хөдөөнөөс ирэхэд гэргий маань шинэ хоёр өрөө байрны түлхүүртэй угтаж байлаа. Радиод ороод гуравхан жилийн дараа байртай болсон минь миний санаанаас ер гардаггүй. Энэ байрандаа 50 гаруй жил амьдарч байна даа.
Сэтгүүлзүйд нэг орвол гарч чаддаггүй
Монголын радио гэх их айлтай ухамсарт амьдралаа холбосоор 1997 онд гавьяаныхаа амралтад гарсан. Бүтээл гэдэг угаасаа хүнийг зүгээр суулгадаггүй, амраадаггүй эд. Ажлын хэнхэгтэй ч болдог. Ажил олдохгүй гэх зовлон үгүй. Сэтгэдэг л ажил. Сэтгэхгүй бол явахгүй мэргэжил. Би байнга алхдаг байсан. Хийх, бичих нийтлэл нэвтрүүлгийнхээ санааг боловсруулаад ганцаараа алхах хэчнээн сайхан гэж бодно. 1967 онд дарга болсноос хойш нэг л их магтуулдаг хүн. Нэг жилд гадаад, дотоодын хоёр одон хүртэл авч байлаа. Нуруундаа ачаа үүрэхгүй ч зогсолтгүй тархи ажиллаж л байдаг мэргэжил юм шүү дээ. Шөнө унтаж байгаад сэрвэл өнөө л сэдэв, материал, нийтлэлээ бодно, боловсруулна. Хүний оюун санааг задалдаг, бэлэн хөрөнгө бол сэтгүүлчийн ажил, хөдөлмөр. Сэтгэлгээний хувьд тэлсэн, ертөнцийг үзэх үзэл өөр, оюун санааны хувьд хавь илүү боловсруулдаг мэргэжил бол сэтгүүлч.
Бүтээл гэдэг угаасаа хүнийг зүгээр суулгадаггүй, амраадаггүй эд. Ажлын хэнхэгтэй ч болдог. Ажил олдохгүй гэх зовлон үгүй. Сэтгэдэг л ажил. Сэтгэхгүй бол явахгүй мэргэжил.
Би гадаад нэвтрүүлгийн редакцыг хариуцаж монгол, орос, хятад, англи, франц, казах хэл дээр нэвтрүүлэг явуулна. Тэр тоолонд социалист орнуудын гадаад нэвтрүүлгийн дарга нар ээлжилж, аль нэг оронд нь цугларч, хурал зөвлөгөөн хийж, хуваарь, ярих асуудлын чиглэлээ тогтоодог байлаа. Эхэндээ үг хэлэхэд хэцүү байсан ч сүүлдээ зөвлөгөөний явцаас өөрөө хэлдэг болох жишээтэй. Хүнийг их өсгөж, өндийлгөдөг, тулх суулгадаг мэргэжил юм даа. Москвад тусгай сурвалжлагчаар сууж ирсний дараа Монголын радиогийн “Хурд” агентлагийг байгуулалцаж, ерөнхий редактораар нь ажилласан. Их сонин. Радиогоор мэдээ, хөгжим сонсох үүрэгтэй. Гэтэл бүх мэдээгээ бусдаас буюу гаднаас МОНЦАМЭ-гээс авдаг. Хэвлэлийн мэдээ л ирж байна гэсэн үг шүү дээ. 100 үгтэй өгүүлбэр мэдээнд байхыг би харж л явлаа. Чи бодоод үз дээ. 100 үгтэй өгүүлбэрийг хэн сонсох юм бэ? Уншихад ч төвөгтэй биз дээ.

Москвад өглөө бүр мэдээ орчуулж таван жил суухдаа би радиогийн мэдээ гэж ямар байдгийг мэдэрч, үзэж ирсэн. Ирээд “Хэдий болтол бид бусдаас мэдээ авах юм бэ” гэж үглэж байтал түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэгчээр Мэдээллийн ерөнхий редакц 1985 онд байгуулаад (одоогийн “Хурд” агентлаг) ерөнхий редактораар нь томилчихсон. Радиод мэдээ бол амин сүнс. Мэдээ, радио сурвалжлагын төлөө л их “хэрүүл” хийсэн хүн. Тэтгэвэрт гарсныхаа дараа РТДС-д таван жил багшилсан. Энэ үедээ мөн л үүнийгээ ярьсаар л явсан.
Залуу сэтгүүлчид хөгжихгүй байна
Телевиз үзүүлэх, сонин дурайтал бичих урлаг. Радио сонсч байгаа хүнд нүдэнд харагдтал ярьж өгөх ёстой. Тийм учраас ганц радиод гэлтгүй сурвалжлага маш чухал. Одоо сурвалжлага байхаа болиод удаж байна. Нэг л их ярилцлага хийсэн хүмүүс. Хүнийг дүрсэлж өгөх зүйл ховор болжээ. Хэдийгээр би мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй ч манай салбар энэ тал дээр ухарч, алдаж байна гэж боддог. Дурайтал ярьж, хэлж, бичиж өгөхгүй бол хурлын протокол шиг л болно шүү дээ. Бусдаас ялгарах онцлог энэ. Одоо цагт ингэж үлгэрлэхгүй байгаа учраас залуу сэтгүүлчид хөгжихгүй байна. Залуу сурвалжлагч нар өөрийгөө алхам тутамд хөгжүүлэх хэрэгтэй. Та нар хөгжвөл дагаад сэтгүүл зүй хөгжинө. Бичлэгийн төрөл жанрын хувьд ядууралд орж байна. Бидний үед мэдээ, тэмдэглэл, сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл, найруулал, хөрөг найруулал, эссэ, нийтлэл, фельетон, шог гээд бүх төрлөөр бичдэг байлаа. Одоо фельетон алга. Зүйрлэвээс өдөр бүр л нэг төрлийн хоол хийгээд байна гэсэн үг шүү дээ. Сэтгүүлчид мэдрэмжтэй байж, бүх төрөл зүйлээр бичвэл соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэж байгаа нь тэр. Бас хүмүүст сонин шүү дээ. Өөрсдөө ч бичсэн, нийтэлсэн, нэвтрүүлсэн зүйлээсээ эрч хүч авна, цэнэглэгдэнэ, хөгжинө гээд давуу тал олон л харагдах юм. Одоогийн сэтгүүлчид их жаргалтай болсон. Техник тоног төхөөрөмжийн хувьд ч тэр. Батарей дуусна, авч ирсэн яриа маань дууны гологдолтой гээд биднээс хамаарахгүй техникээс болох үе бишгүй. Уйлмаар үе ч гардаг байсан. Анх радиогийн сэтгүүлчид мэдээгээ нэвтрүүлэгчээр уншуулдаг байсан. Ямар хүн бэлтгээд байгааг нь сонсогчид мэддэггүй. Харин сүүлдээ өөрсдөө мэдээгээ зарим тохиолдолд уншиж эхэлсэн дээ. Нэг мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг нэвтрүүлэхийн тулд маш олон шалгуур давдаг. Хяналт, цензур өндөртэй. Одоо ямар болсныг хэлж мэдэхгүй юм. Зарим нийтлэл, нэвтрүүлгийг харахаар шүүмжилмээр юм бас байж л байдаг.

Гадаад эмчээс яриа авсан нь. 2004 он
Хүн урмаар тэтгэгддэг амьтан
Ардчилсан хувьсгал гарч, Монголд парламентын засаглал тогтох үеэс анхны парламентын сурвалжлагч нарын нэгээр ажиллаж байлаа. Орой бүр УИХ-ын танхимаас ярьж байна гээд сөөнгө хоолойтой өвгөн радиогоор ярина шүү дээ. Санаанаас гардаггүй зүйлүүд их ээ. Хүний амьдралын зам мөр ч урт, баялаг түүхтэй байх юм. Замын-Үүдийн боомтоор хил гарах гээд дугаарлаад зогсонгоо хүнтэй яриа дэлгэж байтал тээр урдаас нэг хүн “Хүүе радиогийн Гүнсэн гуай энд ирчихсэн байна уу” гэж асууж билээ. Тэгэхэд Монголын ард түмэнд дуу хоолойгоороо танигджээ гэж бодон ихэд урамшиж, олзуурхаж байсан шүү. Хүн ерөөс урмаар тэтгэгдэж, тэжээгдэж амьдардаг амьтан юм билээ. Нэг сонсогч, уншигч, үзэгчээс захиа ирэхэд бөөн баяр болдог дэврүүн хүмүүс бол сэтгүүлчид. АИХ-ын дарга П.Очирбат 1990 оны тавдугаар сард БНХАУ-д айлчлал хийсэн, Ерөнхийлөгч болсон хойно нь хил дагуу машин, онгоцоор 10 гаруй хоног явахад нь дагаж сурвалжлага хийж явлаа. Тэр үед Дорнодод зээр малын бэлчээр талхалж байна, тоо толгойг нь багасгая гэж байв.
Мөн Гурвантэст очиход хуланг цөөлмөөр байна, бэлчээр сүйтгээд дууслаа гэж малчид гомдол мэдүүлж байв. Гэвч одоо эргээд харахад аль алиных нь тоо толгой цөөрсөн байх жишээтэй. Сэтгүүлчээр ажилласан он жилүүдэд Монгол орноо хэдэнтээ тойрчээ. Сайхан хүмүүстэй уулзаж учруулдаг дурламаар ажил. Радио бид хоёр нас чацуу юм шүү дээ. Сонин тохиол шүү. Би радиогийн сэтгүүлчдээс анхны соёлын гавьяат зүтгэлтэн цолыг 1994 онд хүртэж байлаа...
Бидний яриа гурван цаг хэртэй үргэлжлэв. Сэтгүүлчийн ажил цаг наргүй. Өглөө гараад шөнө дөлөөр л гэрийн бараа харна. Ямар сайндаа гэрийнхэн маань “Буудалд байгаа юм уу” гэж зэмлэх үе бишгүй. Энэ ганц надад бус бүх сэтгүүлчдэд нийтлэг тохиолддог, байнга шахуу сонсдог үг л дээ. Тиймээс сэтгүүлчийн ар гэрийг авч явж байгаа хүнд асар их тэвчээр, ухаан зарим үед шаардагддаг мэт санагдана. Ийм учраас ихэнх амьдралаа сэтгүүлзүйн салбарт зориулж, Монголын радиогийн Гүнсэн гэж овоглотлоо хөдөлмөрлөсөн түүний арын албыг дааж явсан ханийнх нь тухай асуухад “Гэргийтэйгээ 60 жил ханилсан, тэр минь хоёр жилийн өмнө бурхны оронд буцсан. Хоёр хүн долоон хүүхдийн ижий аав болж, үр ач минь үржсээр 60 гаруй болжээ. Олон жил ханилсан ханиасаа хагацна гэдэг айхтар эд юм байна. Ноднин зун ханийнхаа тухай “Сэтгэлийн орон зай” гээд хоёр нүүр дурсамж нийтлэл бичиж, сонинд хэвлүүлсэн. Би ханийгаа мартахгүй, хамгийн гол нь жижигхэн хүмүүс (ач, зээ нар) дурсан санаж, буурай эмээ маань ийм хүн байсан юм байна гэж мэдэж авах хүмүүжлийн ач холбогдолтой юм шүү дээ. Хүүхдүүд маань бүгд шахуу орос сургууль төгссөн. Аливаа зүйл сайн, муу талтай учраас тэд монгол хэлэндээ тааруу болдог дутагдал байна. Одоо би хүүхдүүдээ ном сайн унш гэж үүрэгддэг. (инээв). Сайн тал нь хэлтэй учраас зах зээлийн нийгэмд ажил олдохгүй гэх зовлон байдаггүй юм байна. Хүнд насны эцэст олон хүүхэд л хэрэгтэй байдгийг одоо л мэдэрч байна. Залуу байхдаа анзаардаггүй байжээ” гээд царайд нь гунигийн сүүдэр татав. Энд хүрээд би ч дуу хураагуураа унтрааж, энэ тэрүүхний тухай, хүний амьдралын баяр гуниг, аз жаргалын тухай ярилцаж суухдаа тэр бол Монголын радио гэх айлыг энэ зэрэгт хүргэхэд босголцсон, бүтээлцсэн, радио мэдээ гэж ямар стандарттай байх ёстойг гардаж хийсэн үлгэрлэсэн амьд домог, гэрч юм байна гэж бодож байлаа.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл №400 дугаар