Оны 109 дэх өдөр, Шинэ он хүртэл 256 хоног үлдлээ
Өдрийн баяр
Нарны өдөр
Дахин сэргээгдэх эрчим хүчний эх сурвалжийг ашиглах боломжинд олны анхаарлыг хандуулах зорилгоор Нарны эрчим хүчний Европын салбар 1994 онд (ISES-Europe) тавдугаар сарын 3-ныг Нарны өдөр болгон зарлаад уг баярыг сайн дурын үндсэн дээр тэмдэглэж байхыг санал болгосон байна. Нар бол манай гаригийн амьдралын эх сурвалжаас гадна дэлхийд хамгийн ойр од юм. Жишээлбэл, нарнаас өөр бидэнд хамгийн ойр альфа Центаврын системийн Проксима од түүнээс 2500 дахин алсад байдаг.

Сонирхолтой баримтууд -
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Энэ өдөр дэлхийн чөлөөт хэвлэлийн баяр. Африкийн хэвлэлд олон ургальч үзэл, бие даасан байдлыг хангах зорилгоор 1991 оны тавдугаар сарын 3-ны өдрийн Намибийн Виндхук хотноо хийсэн семинараас гаргасан тунхаглалын өдрийг энэ баярын өдөр болгон сонгосон байна.
Энэ өдөр төр засаг,улс төрчдөд хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнийг сануулах, хэвлэлийн чөлөөт байдал хэр хангагдсан,бид хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхий дахины хаана нь явна гэдгээ хэлэлцэн ярилцахын зэрэгцээ энэ үйлсийн төлөө амь амьдралаа зориулсан мэргэжил нэгт нөхдөө дурсан санаж хүндэтгэл үзүүлдэг учиртай. Олон улсын (Press Emblem Campaign) байгууллагын судалгаагаар 2015 онд хамгийн олон буюу 110 хэвлэл,мэдээллийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Хэвлэл,мэдээллийн эрх чөлөө бол хүмүүс,нийгэм өөрсдийн бодит байдлыг харах толь юм. “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс дэлхийн 180 орноос 60-д явна. Төр,засгийн зүгээс хэвлэлийн эрх чөлөөг боомилох,хэвлэлийг зохицуулах аливаа байгууллага байгуулах,сэтгүүлчдийг барьж хорих,торгох,санхүүгээр боож хаах зэрэг үндсэн үзүүлэлтээр уг индексийг тогтоодог.
Мей Дей (May Day)

Англичууд майн өдрийг (May Day) тэмдэглэн өдөржин гудамжны наадам хийдэг. Дундад зуунаас гаралтай энэ баяраар бүсгүйчүүд нь шүүдрийн усаар нүүрээ угаавал бүтэн жил үзэсгэлэнтэй байх болно гэж үздэг юм байна.
Сонирхолтой түүх
Паркер үзэг патентлагдав

1904 - Америкийн зохион бүтээгч Жорж Паркер анхны авто үзгээ патентлуулжээ.
Жорж Сэффорд Паркер 1892 оны гуравдугаар сарын 8-нд "Parker Pen Company" компанийг үүсгэн байгуулжээ. Үзэгний анхны патентаа тэр 1889 онд авсан ба 1894 онд Lucky Curve маркаа бүртгүүлэн үзэгний салбарт хувьсгал хийв.Үзгэн толгойтой хэрэгслийг гарган тухайн цагийн үзэг үйлдвэрлэлийн бүх асуудлыг шийдэж чаджээ.
Өнөөдөр түүхэнд
МЭӨ 334 - "Аугаа" Александраар удирдуулсан Македонийн арми Граникийн тулаанд III Дарий хаанаар удирдуулсан Персийн армийг ялжээ.
1491 -Конгийн хаан Нкуву Нзинга Португалийн эзлэн түрэмгийлэгчдийн дунд байсан санваартнуудад шавь орж, I Хоау гэх сахилын нэртэй болжээ.
1616 - Лүдуны гэрээнд гарын үсэг зурснаар Францын иргэний дайн эцэслэв.
1715 - Умард Европ болон Умард Азийн зарим орнуудад сарны бүтэн хиртэлт тохиов.
1791 - Польшийн Үндсэн хуулийн өдөр. Сеймын баталсан Үндсэн хууль нь Европын анхны үндсэн хууль байлаа.
1802 - АНУ-ын нийслэл Вашингтон хот албан ёсоор байгуулагджээ.
1837 - Грекийн нийслэл Афин хотод Афины их сургууль байгуулагдав.
1849 - Германы Дрезден хотод "Тавдугаар сарын хувьсгал" эхэлжээ.
1870 - Санкт-Петербург хотод Оросын нэртэй зураач, урлаг судлаач, урлагийн түүхч Александр Николаевич Бенуа төржээ.
1892 - Скандинавын орнууд болон Германд хар шороотой бороо орж олныг цочроов. Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 5 хүртэл Украины өмнөд хэсэгт маш хүчтэй шороон шуурга шуурсны үр дагавар нь тэр байжээ.
1913 - Энэтхэгийн хамгийн анхны бүрэн хэмжээний кино болох "Ража Харишандра" кино дэлгэцэнд гарав.

1921 - Парист хувцасны нэрт загвар зохиогч Коко Шанель өөрийн бүтээл шинэ үнэртэн “Шанель 5”-ыг нийтэд танилцуулав. Нэгэн саванд 80 үнэр хольж, үнэртэй устай хорин хуруу шилнээс 15-ыг сонгон хонхон цэцгийн бага зэргийн үнэр нэмээд хуруу шилний дугаарыг өөрийн нэрэндээ нэмэрлэсэн үнэртэй усаа “Шанель 5” гэж нэрлэжээ.
1921 - Ирландын засаг захиргааны тухай хуулиар Ирландыг Өмнөд болон Умард Ирланд гэж хоёр хуваажээ.
1937 - Америкийн нэрт зохиолч Маргарет Митчелийн "Салхинд туугдагсад" зохиол Пулитцерийн шилдэг зохиолын шагнал хүртэв.
1947 - Дайны дараа Япон улсад шинэ үндсэн хууль мөрдөгдөж эхлэв.
1956 – Алабама мужийн Юнионтауны оролцоох Чалатчи фермд гутаарь, алгана, зоодой гэсэн гурван төрлийн амьд загасаар бороо оржээ. Гэрч нарын яриагаар загаснууд цэлмэг тэнгэрт гарч ирсэн хар үүлнээс унасан байв.

1960 - Нидерландын нийслэл Амстердам хотод Анна Франкийн гэр музей байгуулагдав.
1973 - АНУ-ын Чикаго хотноо сүндэрлэсэн 108 давхар "Сийрс" цамхаг дэлхийн хамгийн өндөр барилга болжээ.
1999 - АНУ-ын Оклахома мужийн Оклахома хотын баруун өмнөд хэсэгт F5 ангиллын хүчтэй шуурга дэгдэж 45 хүн амиа алдан, 665 хүн гэмтэж, бэртжээ. Хар салхины улмаас нэг тэрбум ам.долларын хохирол учирсан байна.

2003 – Монгол эртний аугаа жанжин, Монгол төрийг үндэслэгч Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэв. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатарын Дуурь, бүжгийн театрт “Чингис хаан” дуурийн анхны тоглолт болжээ.
2016 - Канад улсын Альберта мужийн Форт МакМарри хотод их хэмжээний түймэр дэгдэж 88 мянган хүн орох оронгүй болжээ. Гамшгийн улмаас ойролцоогоор 2 400 барилга, байгууламж сүйдсэн байна.