
“Төртэй чөлөөт хэвлэлгүй байснаас төргүй чөлөөт хэвлэлтэй байсан нь дээр” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Томас Жефферсоны үг байдаг. Учир нь чөлөөт хэвлэл бол нийгмийн толь, хүмүүжүүлэгч нь. Монголын хувьд сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээнээс болж чөлөөт хэвлэлийн орон зай хумигдаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол орон зай нь үгүй болно гэсэн үг огт биш. Дэлхий нийтэд тогтмол хэвлэл буцаад сэргэж байна, Монголд ч ялгаагүй сэргэнэ. Харин чөлөөт хэвлэлийн хөгжлийг боомилох гэж оролдсон хууль тогтоомжийг засах ёстой юм. Зөрчлийн хууль бол нэг л жишээ нь. Тэгж байж хэвлэл мэдээлэл чөлөөтэй ажиллах орчин бүрдэнэ. Гэхдээ хууль эрх зүйн шинэчлэл, өөрчлөлтийг хийхдээ анхаарахгүй өнгөрч боломжгүй юм ч бий. Сүүлийн үед Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд өөрчлөлт оруулна гэж ярих болсон. Энэ бол Монголын хэвлэл мэдээллийн үндсэн хууль нь. Энэ хуулиар хамаагүй, замбараагүй оролдож болохгүй. Монголд чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавьсан хуулийнхаа хайрцаганд багтааж, бусад хэвлэлд халтай хуулиудыг өөрчлөх ёстой юм.

Миний хувьд Монголд 1990 оноос үүсч бий болсон чөлөөт хэвлэл тодорхой үе шатуудыг туулан хөгжиж буй ч сонгодог утгаараа төлөвшиж хараахан чадаагүй байна хэмээн үзсэн. Чөлөөт хэвлэл Монголд ийнхүү бүрэн төлөвшиж чадахгүй байгаагийн шалтгаан нь өнөөгийн тулгамдаж байгаа олон асуудал, тулгарч байгаа бэрхшээлүүд тухайлбал эдийн засаг, эрх зүй, мэргэжлийн түвшин, мэдээлэл харилцааны талбарт гарсан шинэ чиг хандлага зэргээс үүдсэн асуудлуудтай холбоотой. Эдгээрийг засаж залруулан, сайжруулахгүй аваас хөгжлийн энэхүү чухал үйл явц удаашрах төлөвтэй байна. Чөлөөт хэвлэлийн мөн чанарт харшилж байгаа эдгээр олон асуудлын зэрэгцээ шинэ тутам үүсч дэлхий нийтийг хамарсан мэдээлэл харилцааны болон технологийн дэвшлийн үйл явцууд давхар нөлөөлж, асуудлыг улам ээдрээтэй болгож байгаа тул салбарын бодлогыг ул суурьтай боловсруулж, шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал болоод байна.

Хөгжил бол байшин барилга биш. Харин хүний хөгжил юм... гэж олон улстөрч, бизнесмэн, за ер нь сэтгүүлчид бид ч байнга л ярьж, бичиж байдаг. Ярьсны үр дүн гардаг бол монголчууд бүгдээрээ хүний хөгжлийн дээдэд хүрчихээр цаг хугацаа ч өнгөрчихөж. Сэтгүүл зүйн хөгжлийн тухай яриа ч үүнтэй адил. Төдийгөөс өдий хүртэл “Сэтгүүл зүй хэзээ ч худалдагдах ёсгүй”, “Хэзээ ч нэг талыг барих учиргүй”, “Хэзээ ч үзэгнийхээ үзүүрээр бусдын амьдралыг сүйтгэж болохгүй” гэх мэт нэг л их олон уриа үгийг ярьж, бичиж ирлээ. Сүүлдээ бүр авлига, хээл хахуультай тэмцэх үүргийг хуулиар хүлээсэн АТГ-ын үүргийг гүйцэтгэнэ, МХЕГ-ын байцаагчийн ажлыг хийх хүсэл мөрөөдөл ч олонхийнх нь хувьд холын зорилт биш болж байгаа нь анзаарагдах. Тэгсэн хэрнээ эргээд харахаар олонх нь “худалдагдсан”, “нэг талыг баримтлагч”, “энэ улстөрчийн хүн”, “тэр намын гишүүн” гэдэг нь олон нийтэд илчлэгдэж орхисон байх. Энэ янзаараа сэтгүүл зүйг шошгоны уралдаан болоод дуусах вий гэж бас эмзэглэх л юм.

Монголын сэтгүүл зүй одоо бол баримтын араас явахаасаа илүү шуурхай байдлыг л чухалчилж байна. live хийдэг л болсон байна шд. Харин дэлхийн сэтгүүл зүй хулхи мэдээлэлтэй тэмцэх аргаа олохгүй байх шиг.

Сэтгүүл зүй муу, сэтгүүлчдийн чадвар сул, чанаргүй, хуурамч мэдээ их байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед их гарах болсон. Миний бодлоор бол тийм биш. Монголд өнөөдөр 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж байгаа. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг тэр олон дотор сайн нь ч бий, муу нь ч бий. Жижиг зах зээлд олон тоглогч байгаа учраас хэвлэл мэдээллийн байгууллагуудын орлого өчүүхэн бага, улмаар сэтгүүлчдийн цалин бага, ачаалал их. Ийм муу нөхцөлд ажиллаж байгаа хэрнээ сайн сэтгүүлч маш олон байдаг. Тухайлбал, өдөр тутмын сонинд сэтгүүлчид долоо хоногт 2-3 томоохон нийтлэл бичнэ. Нэг сэдвийг ганц, хоёр өдөрт сайтар судалж, чанартай бүтээл гаргана гэдэг олон улсын жишгээр бол боломжгүй. Гэтэл манай сэтгүүлчид тэгж ажилласаар байгаад ачаалал даах чадвартай болчихсон байдаг. Бага хугацаанд хийж байгаа гэхэд нэлээд боломжийн бүтээлүүд гарах нь олонтаа. Сүүлийн үед Reuters, AP, AFP, Nikkei Asia Review зэрэг олон улсын мэдээллийн агентлагт дандаа монгол сэтгүүлч ажиллаж байна. Тэдний шаардлагыг хангаад л ажиллаад байна гэсэн үг. Тухайлбал, Reuters агентлаг мэдээгээ маш өндөр шаардлагатайгаар авдаг. Бичээд өгсөн мэдээг редакторууд нь сайтар нягталж, шалгаж байж гаргана. Тэгээд урамшуулал Монголынхоос бараг 100 дахин өндөр. Үнэ дагаж чанар гэж ярьдаг шүү дээ.

Ердөө хэдхэн жилийн өмнө телевизийн мэдээний өрсөлдөөн шуурхай байх гэдэг шинж чанараар илүүтэй тодорч байв. Товчхондоо бол хэн түрүүлж мэдээлсэн нь өрсөлдөөнд илүүрхэж байлаа. Харин өнөөдөр технологийн хөгжил хүссэн хүн бүрт шуурхай дамжуулагч байх боломжийг олгосон. Гэвч энэ боломжийн сүүдэртэй тал телевизийн сэтгүүл зүйд тод илэрч, өдгөө бараг хэвшил болон тогтсон гэхэд хилсдэхгүй. Зүй нь шуурхай байхыг эрхэмлэх ч гэлээ үнэн байх гэдэг үндсэн зарчмаа үргэлж хамтад нь авч явах учиртай. Технологи шуурхай үзүүлэх байдлыг хялбарчилж өгснөөр бид амар хялбарт нь хөтлөгдөөд үнэн байх гэдэг зарчмаа огоорч олноороо зүгээр л дамжуулагч болчихлоо. Ингэснээр телевизийн сэтгүүл зүй “сэтгэгдэл зүй” төдий болон хувирч бусад үүрэг нь бүдгэрч байна. Хатуухан хэлэхэд олон нийтийн сүлжээн дэх “дамжуулагчдаас” логотой микрофон барьснаараа л ялгарна. Эхлээд үзүүлчих, дараа нь үнэн эсэхийг нягтлая гэсэн дүрмээр “тоглоод” байх шиг. Уг нь эсрэгээрээ байх ёстой. Дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа сэтгүүлчээс дүн шинжилгээ хийх, задлан шинжлэх ур чадвар шаардах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл ур чадварын хувьд хөгжихгүй гэсэн үг. Хөгжихийн тулд сэтгүүлч нэн түрүүнд мэргэших шаардлагатай. Өнөөдөр цөөн тооны сэтгүүлчийг эс тооцвол бидний олонхид нь мэргэших гэсэн хандлага алга. Нэгэнт ердөө л дамжуулагч болчихож байгаа учраас хэвлэлийн эрх чөлөөний мэдрэмж нь ч алдагдаж байна. Ийм дамжуулагч сэтгүүлчийг эзэн нь хүссэнээрээ залуурдана. Сэтгүүлч өөрөө өөртөө ч цензур тавьж эхэлдэг. Энэ бол бодит дүр зураг. Хэвлэлийн эрх чөлөөгүй байдалд сэтгүүлчид өөрсдөө дасан зохицох нь хамгийн том аюул.

Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр ээдрээтэй, мөн эрсдэлтэй зам туулж байна. Ээдрээтэй гэхийн учир нь, өнөөдөр манай жижиг зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй 350 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгд мэргэжлийн, ёс зүйт сэтгүүл зүйн хэм хэмжээгээ баримтлан хэрэглэгчиддээ үнэн бодит мэдээлэл хүргэж чадаж байна уу гэдэг асуултын хариуд оршино. Хариулт эргэлзээтэй. “Та хэрэгтэй мэдээллээ ХМХ-ээс авч чадаж байна уу” гэвэл иргэд “Тийм” гэж хариулах байх. Харин “Та үнэн, бодит мэдээлэл авч чадаж байна уу” гэвэл “Үгүй” гэх нь дийлэнх. Өнөөдөр иргэд төөрөлдөж байна. Хэн нь, аль хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэн хэлээд байгаа юм бэ? Ардчилсан нийгэмд иргэд өөрт нь үнэн мэдээллээр үйлчилнэ гэх итгэл найдвараа хэвлэл мэдээлэлд өгдөг жамтай.
Сэтгүүлч, редакц хараат бус байсан цагт иргэдийн үнэн мэдээлэлтэй байх эрх ашигт үйлчлэх чадвартай. Хараат бус байдал бол сэтгүүл зүйн үнэт зүйл ба хэвлэлийн эрх чөлөөний амин сүнс юм. Энэ үнэт зүйлээ алдаж эхэлсэн нь өнөөдөр тулгарч буй хамгийн том эрсдэл юм.
Чөлөөт, хараат бус сэтгүүл зүй сэтгүүлчийн хэлэх эрх ашиг, эзний ашигтай бизнес эрхлэх гэсэн хоёр эрх ашгийн солбилцол дээр оршдог. Гэтэл өнөөдөр манайд үр ашигтай бизнес эрхлэх эдийн засгийн нөхцөл алга. Хэт ханасан өндөр өрсөлдөөн бүхий зах зээл дээр оршихын тулд зарим нь иргэдэд бус эрх мэдэлд үйлчлэх боллоо. Эдийн засгийн өндөр цензур улс төрийн цензурыг өөгшүүлж, үнэнийг хэлэх үүрэгтэй сэтгүүлчдэд дарамт учруулах нь хэвийн үзэгдэл болсон нь харамсалтай. Үнэн мэдээлэлгүй иргэд эсвэл сөрөг, эсвэл эерэг хэт туйлширсан хоёр туйлын мэдээлэл дунд будилж байна. Уул нь, нийгмийн ийм төөрөгдөл, туйлшрал, хөөрөгдлийг залруулах нь жинхэнэ чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн үүрэг юмсан.
