
Сүүлийн үед өрнөдийн эрдэмтэд фрактал бүтэц, хаос байдал гэдэг онол их ярьдаг болсон. Үүнийг хар үгээр барзгар бүтэц, замбараагүй байдал гэж тайлбарлаж болох мэт. Довон дээрээс харахад замбараагүй харагдсан юмс уулан дээрээс харахад замбараатай харагддаг ажээ.
Монголын орчин цагийн сэтгүүл зүй энэ хавар 110 дахь жилийнхээ босгыг алхав. Үүнийг үндэсний сэтгүүл зүй үүсэн байгуулагдсан өдөр, тогтмол хэвлэлийн ой хэмээн хөөрөлхөн баярлахаас илүү өөрсдийгөө өнөөдөр ямар байгааг толинд нэг сайн харъя. Хэвлэл мэдээллийн салбар ямар ч цаг үед тухайн нийгмийнхээ толь нь байдаг. Нөгөө талаар хэвлэл мэдээлэл цаг үе, нийгмийнхээ тусгал төдий бус бас урагш чирэгч зүтгүүр нь ч болдог. Энэ толь ямар нэг хир тоосгүй, нөлөөгүй байвал тусгал нь тийм л байна. Зүтгүүр гэмээнэ зөв замаар нийгмээ чирж байна уу, үгүй юу, хэр хурдан хөгжиж, хэр хол явах вэ гээд олон асуулттай тулгарна.
Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн салбарын талаар олон нийтийн магтаал, шүүмжлэл эн тэнцүүхэн. Сайнтай муутайгаа сав дүүрч, сайхан муухай бүхнээ үүрэн урагшилж явна, Монголын сэтгүүл зүй.
Сайныг нь олж хараад магтвал магнай тэнийлгэх зүйл их л байгаа. Мууг нь өлгөж аваад шүүмжилбэл мундахгүй л олон дутагдал бий. Хүн хүний харах өнцөг өөр, ухааны сав, бодлын цараа янз бүр. Нэг хүний сайн гэж харсан зүйл нөгөө хүнд муу муухай харагдана. Эсрэгээрээ зарим нэгэнд таалагдахгүй байгаа үзэгдэл нь өөр бусдад бол олзуурхууштай тал болж тусч мэднэ. Учир нь сэтгүүл зүй өөрөө нийгмийн бүхий л салбарыг хамардгаараа олон талтай, олон өнгө аястай. Зүйрлэвэл болрын талст адил. Тиймээс зөвхөн нэг талаас нь хараад бүхэлд нь дүгнэх аргагүй. Ганц хүний үзэл бодол, байр сууриар салбарыг тодорхойлох боломжгүй.
Монголын хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэшнл зэрэг байгууллагуудаас тогтмол хийдэг мониторинг судалгаанууд болон зарим нэг олон улсын байгууллагуудын судалгаа, мөн Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр гаргадаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэл зэргээс Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн эрх, эрх чөлөө, Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн төлөв байдал, тулгамдсан асуудлуудыг тоймлон багцаалж болно.
Хувь судлаачид, ажиглагчид эсвэл жирийн иргэд сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын талаар өөрсдийн байр суурь, үзэл бодлоо чөлөөтэй хэлж, бичиж байдаг. Энэ нь заримдаа шашны тухай гүн ухааны маргааныг зааны тухай дөрвөн сохор хүний төсөөллөөр жишээ болгосон байдагтай агаар нэг байх нь бий. Хошууг нь барьж үзсэн нь зааныг могой шиг гэж, хөлийг нь барьж үзсэн нь мод шиг, сүүлийг нь барьсан нь олс шиг, хэвлээс нь барьж үзсэн нь хана шиг гэж төсөөлсөн гэдэг. Сэтгүүл зүйн салбарыг бүхэлд нь биш нэгээхэн хэсэг бүлгийг нь харсан хүнд шүүмжлэх зүйл захаас аваад олон гарна. Сэтгүүлчдийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, редакцын хараат бус байдал гээд л тоочвол дутагдал доголдол, бэрхшээл зовлон бишгүй л бий.
Манай улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жил болж байгаа ч хэвлэл мэдээллийн салбарын хууль, эрх зүйн орчин өнөөг болтол хангалттай төлөвшиж бүрдээгүй л байгаа.
Хориод жил ярьсан Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалт, хоёр жилийн өмнөөс ярьж буй Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх заалт, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилж, хязгаарлах гэсэн үе үеийн эрх баригчдын залгамж халаатай бодлого, шийдвэрүүд гээд... Шинэ тутам бий болж, асар хурдтай хөгжиж буй дижитал сэтгүүл зүй шинэ мэдээллийн хэрэгслийн тухай, түүний сайн, муу талуудыг бичих юм бол барагдахгүй. Довон дээрээс замбараагүй харагдсан юмс уулан дээрээс харахад замбараатай харагддаг гэсэн Л.Түдэв гуайн үгээр бичвэрээ эхэлсэн нь ийм учиртай.
Туйлшралаас хариуцлагатай сэтгүүл зүй рүү
Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн өнөөдөр дэлхийн мэргэжил нэгтнүүдийнхээ дунд хаахна нь зогсч байна гэдгийг судалгаанд тулгуурлан багцаалах гээд үзье. Үзэл суртлын хаалттай нийгмээс ардчилсан тогтолцоо руу шилжсэн он жилүүдэд олон нийт тэр аяараа нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн дуулиан, шуугиан руу хошуурч байв. Энэ нь бидний нэрлэдгээр шар хэвлэл гээч бүрдэх үндэс суурь болсон билээ. “Дуулиан шуугиан”, “Урт чихт”, “Гайхмаар аа” гэх мэт тухайн үеийн сонинуудын нэрнээс л энэ нь харагддаг. Энэ үед мэдээллийг ач холбогдлоор нь чухалчилж үзэх хандлага тун бага байв. Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшлийн талаар судалсан доктор Б.Галаарид “Чөлөөт хэвлэлийн тухай ойлголт хаа хаанаа цэгцэрч, нийгмийн эрэлт хэрэгцээ нь ашигтай, чухал мэдээлэл рүү хандахын хэрээр шар хэвлэлийн орон зай хумигдаж, чанартай сэтгүүл зүйн хэрэглээ, нэр хүнд өсдөгийг зах зээлд борлуулалтын тоогоор олон жил ноёрхож байсан шар сонинуудын гаралт 2006-2007 онуудад огцом буурч, сүүлийн арваад жилд өдөр тутмын сонинууд зах зээлийн 80 орчим хувийг эзэлж байгаагаас харагдлаа. Өөрөөр хэлбэл
Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжилд чанарын үе шаттай ахиц гарч, мэргэжлийн хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүй төлөвших үйл явц эрчимжиж байна.
Мөн өнөөгийн нийгмийн сүлжээний урсгал, мэдээллийн чанар, хэлбэрээс шалтгаалаад мэргэжлийн сэтгүүл зүйг заагтай хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон нь харагддаг” хэмээн дүгнэсэн байдаг.
Тэрээр Монголын чөлөөт хэвлэлийн хөгжлийн эхэн үе буюу 1990-1998 онд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж Үндсэн хуулиар “үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрх баталгаажснаар үзэл бодлын эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө түгэн дэлгэрсэн сайн тал байвч, чөлөөт хэвлэлийн үзэл онол цэгцрээгүй, нийгмийн ухамсарт хараахан зөв төлөвшөөгүйгээс хэвлэлийн эрх чөлөө хэт туйлширч гажуудсан. Мөн энэ үед “төрийн мэдлийн хэвлэл” амь бөхтэй оршиж, хэвлэл мэдээллийн зах зээлд монополь байдал тогтоож, чөлөөт өрсөлдөөнд саад тотгор учруулж байсан нь ажиглагдсан гэж дүгнэсэн юм. Харин чөлөөт хэвлэлийн цэгцрэлийн үеийг судлаач 1998-2006 он гэж үзсэн байна. Ингэж үзэх болсон үндэслэл нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдсан явдал. Энэхүү хууль батлагдсан нь яах аргагүй Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг шинэ гольдрол руу оруулсан юм. Ердөө дөрөвхөн зүйл заалттай энэ цомхон хуулийг хэт тунхагийн шинжтэй гэж шүүмжлэх нь бий ч өнгөрсөн 20 жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Тиймээс судлаач Б.Галаарид энэ үеэс чөлөөт хэвлэл сонгодог утгаараа цэгцрэн хөгжих нөхцөл бүрдсэн гэж тодорхойлжээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар төр өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн байгууллага байгуулах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөт, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлах, хэвлэл мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахыг хориглосон юм. Ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чөлөөт зах зээлийн жамаар өрсөлдөж, редакциуд төрөөс хараат бусаар чөлөөтэй ажиллах нөхцөл бүрдсэн юм.
Б.Галаарид судлаач “2006 оноос хойш хэвлэл дэх туйлширсан либертари хандлага намжихын зэрэгцээ нийгмийн хариуцлагын үзэл хандлага өсөн нэмэгдэж, хэвлэлийн зах зээлд өдөр тутмын сонины байр суурь зонхилох болсон.
Ийнхүү сүүлийн арваад жил Монголын чөлөөт хэвлэл шинэ сорилтуудтай тулгарсан ч төлөвших үйл явц нь эрчимтэй өрнөж байна” гэж дүгнэжээ. Ийнхүү Монголын сэтгүүл зүйн салбар дээр дурдсан үе шатуудыг туулан өнөөдөр аяндаа цэгцрэх үйл явц эрчимжиж байна.
Монгол Пулитцер
Хэвлэл мэдээллийн салбарын талаарх мэргэжлийн байгууллагуудын мониторинг судалгаануудаас гадна Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн түвшинг тодорхойлдог арга хэмжээ бол сэтгүүл зүйн оны шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” шагнал юм. Уг шагналын шалгаруулалтад ирсэн материалууд Монголын өнөө цагийн сэтгүүлчдийн хөгжил, төлөв байдлыг харуулаад зогсохгүй өнөөдрийн Монгол орны нүүр царай, тулгамдсан асуудлуудын өнгө төрхийг тодорхойлдог гэж хэлж болно.
2018 оны “Балдорж” шагналыг гардуулах ёслолын үеэр олны танил эрхмүүдийн хэлсэн үг ч үүний нэг нотолгоо юм. Монголын сэтгүүлчид дэлхийн том сэтгүүлчидтэй эн зэрэгцэх цаг болсон гэдэг үнэлэлтийг тэд хэлжээ.

Мэргэжлийн сэтгүүлчид эрдэм шинжилгээний хурал хийж, бүтээлээ хэлэлцүүлдэг, түүнийг нь сургалт, судалгаанд эш татдаг байгаасай. Өндөр хөгжилтэй оронд өрнөж буй нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааг Монголд хэрэгжүүлэх талаар төр, засаг, хэвлэл мэдээллийн байгууллага хамтран ажиллах цаг болсон. Өөрийн оронд тулгамдсан асуудлыг бичих нь чухал ч сэтгүүлчдийн хүчийг ашиглан, мэргэжлийг нь дээшлүүлэх нь илүү үр нөлөөтэй. Гадаад улсад аялуулж нүд тайлуулах нь зөв ч сэтгүүлчдийн ур чадварыг сайжруулж, дэлхийн түвшинд хүргэх хэрэгтэй байна. Манайхан олон улсын шилдэг сэтгүүлчидтэй хамтран бүтээл туурвиж болно шүү дээ. Зөвхөн тогоон дотроо чанагдаад, шөл нь борлоод гашуурч болохгүй. Монголын сэтгүүлчид дэлхийн том сэтгүүлчидтэй эн зэрэгцэх цаг болсон гэж бодож байна.

Бусдын захиалгаар буюу баримт нотолгоогүйгээр хүний нэр төрийг сэвтээх бусармаг үйлдэлд орооцолдох нь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйд гал, ус мэт харш. Хууль зөрчсөн болон ёс зүйн үүргээ умартсан хэн боловч, түүний дотор сэтгүүлчид гэм хийсэн бол зэм хүртэх нь зүйн хэрэг. Сэтгүүлч нийгмийн өмнө хүлээсэн давуу үүрэгтэй болохоос давуу эрх хэн ч өгөөгүй, өгөх ч учиргүй гэдгийг ямагт санаж ажиллах учиртай. Хууль зөрчигчид, хуулийг завхруулагчтай хийх амаргүй тэмцэлд дөрөв дэх засаглалын хүчирхэг дуу хоолой, дэмжлэг туслалцаа ус, агаар мэт хэрэгтэй хэвээр байна.
Шинэ мэдээллийн хэрэгсэл
Манай сэтгүүл зүйн ойрын ирээдүй, цаашдын хөгжилд хамгийн хүчтэй түлхэц үзүүлэх хүчин зүйл нь цахим сэтгүүл зүй. Нэг үгээр хэлбэл өнөөдрийн манай сэтгүүл зүйн хамгийн том сорилт энэ байж ч болох юм. Даяаршлын үед бид хүссэн хүсээгүй дижитал сэтгүүл зүйн чиг хандлага руу явж байна. Үндэстэн ястан, улс орнуудын хооронд хил хязгааргүй мэдээллийн орон зай нэгэнт үүсчихсэн. Тиймээс үүнтэй эвлэрэх ёстой. Ер нь бидний эвлэрэх, үл эвлэрэх хийгээд хүлээн зөвшөөрөх эсэх нь тийм ч ач холбогдолгүй. Дижитал сэтгүүл зүй эрчээ нэгэнт авчээ. Үүний эерэг сөрөг талуудыг ч захын хүн хэлнэ.
Хүн бүхэн олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх өргөн боломжтой болсноор сэтгүүл зүй, сэтгэгдэл хоёрыг хэрхэн ялгах вэ гэдэг асуулт тулгарч байгаа. Гэхдээ үүнд хариулахад тийм ч хэцүү биш. Сэтгүүл зүй бол бүтээлч үйлдвэрлэл. Тиймээс илүү мэргэжлийн байхыг, бас асар их хөдөлмөр шаардана. Олон нийтийн сүлжээ бол тийм биш. Ганц давуу тал нь хурд. Хүн бүр гар утсаараа аливаа үйл явдлыг шууд дамжуулах хэмжээнд технологийн дэвшилд хүрчихсэн тул сэтгүүл зүйд хурд гэдэг чухал биш болоод удав.
Тиймээс тухайн үйл явдлын учир шалтгаан, үр дагавар, ач холбогдол юу вэ гэдгийг сурвалжлан олж мэдээлэх нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаа юм. Ийм мэргэжлийн үйл ажиллагааг хувь хүн ганцаараа гар утсаа бариад ч юм уу, ганц компьютерын араас хийж чадахгүй. Мэргэжлийн редакцтай байж мэргэжлийн түвшний мэдээлэл үйлдвэрлэнэ гэдгийг эндээс харж болно. Бусдын үйлдвэрлэсэн агуулга, бүтээлийг хулгайлах, эсвэл гэрээгээр дамжуулах байдлаар амиа аргацааж буй цахим хуудсууд сүүлийн жилүүдэд олноор байгуулагдсан. Ийм редакцгүй хэвлэл мэдээллийн байгууллагууд удаан оршин тогтнох боломжгүй.
Ийнхүү “байгалийн шалгарал”-аар мэдээллийн их өрсөлдөөн дунд мэргэжлийн редакциуд тэсч үлдэж байгаа нь сэтгүүл зүйн салбарын цэгцрэлийн нэг хэсэг юм. Цаашилбал, хэрэглэгчид чанартай мэдээллийг л хүртэх хандлага бий болж байгаа нь сайн хэрэг. Энэ нь дэлхий нийтэд ч бий болж буй үзэгдэл. Австралид л гэхэд уншигчид цахим хуудаснуудаас илүү хэвлэмэл хэвлэлийн хэрэгсэлд илүү итгэдэг, мөн тодорхой мөнгө төлж үнэн бодитой бөгөөд илүү мэргэжлийн түвшний мэдээллийг авахыг чухалчлах хандлагатай болсон байна. Олон нийт үй олон мэдээллийн урсгалаас өөрт хэрэгтэйгээ ялгах чадвартай болж байгаа гэсэн үг. Иргэдийн мэдээллийн боловсролын тухай Монголд ярьж эхэлсэн нь сайн мэдээ.

Редакц гэдэг хэвлэл мэдээллийн салбарын гал тогоо. Тэнд өөрийн баримтлах дүрэм, нарийн жор технологи бий. Өнөөгийн нөхцөлд нь редакц хараат бусаар үйл ажиллагаа явуулах үндэс нь бүрдсэн байх ёстой. Ингэхийн тулд редакц эзний нөлөөллөөс ангид ажиллах, эзэн-редакц хоёрын хараат бус байдлын гэрээ байгуулагдсан байх ёстой. Мэргэжлийн редакц бол мэдээллийнхээ хариуцлагыг өөрөө хүлээдэг. Харин сошиал медиа мэдээлэлдээ тэр бүр хариуцлага хүлээх боломжгүй. Цаашдаа сэтгүүл зүйн үндсэн дүрмээр ажиллаж байгаа, нийгэмд бодит ашиг тустай мэдээллийг хүргэж байгаа, чанартай үйлчилгээ үзүүлж байгаа редакц аяндаа ялгарч үлдэнэ. Тийм учраас мэргэжлийн байх нь хамгаас чухал.