ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын 150 жилийн ой энэ онд тохиож байна.Ойд зориулсан тусгай үзэсгэлэн 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 11:40 цагт Монголын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэх юм.Тусгай үзэсгэлэнд хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, Наймдугаар Богд Жибзундамба хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухаг нийт 60 гаруй үзмэрийг дээжлэн тавих ажээ.

Наймдугаар Богд гэгээн бол Их Хүрээний дэг дэглэмийг сайжруулахыг хичээн, жаяг дэглэм зохиож, Шадүвлин хийдийн жаягийг бичсэнээс гадна Өндөр гэгээн, Бурхан багш, Богд Зонхова, Өндөр Жанрайсиг тэргүүтэн бурхан шүтээн бүтээж, Шэйравпэлжэйлин ордон, Идгаачойнзинлин дацан, Дандарлингийн аймаг, Эх дагины аймаг, Чойжон сахиусны сүм тэргүүтнийг бүтээн Хүрээ барын Ганжуур, зэс барын Жадамба судрыг хэвлүүлэн тархааж, Цамын баг, Дүйнхорын лойлон тэргүүтнийг шинээр бүтээлгэж, түвэд хэлээр нэг сүмбүм ном туурвисан шашин номын их хутагттан билээ.

Мөн Наймдугаар Богд Жавзандамба хутагт нь нийт монголчуудын бурханы шашны тэргүүн төдийгүй 1911-1915 онд Монгол Улсын Шашин төрийг хослон барьсан хаан, 1915-1920, 1921 оны 2 сараас 7 сард Автономит Гадаад Монгол Улсын хаан, 1921 оны 7 сараас 1924 оны 5 сард Монгол Улсын Хэмжээт цаазат хаанд өргөмжлөгдсөн төрийн тэргүүн байлаа.