Төлбөрийн тэнцэл гэдэг нь Монгол Улсын гадаад улсаас худалдан авч буй бараа, хөрөнгө, гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалт болон гадагш зарцуулж буй хөрөнгө, санхүүгийн дансны зөрүүг хэлдэг. Төлбөрийн тэнцэл ашигтай байснаар дотоодод төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворждог давуу талтай. Монголбанк төлбөрийн тэнцлийн 2016 оны эхний сарын байдлаар төлбөрийн тэнцлийн статистикийг гаргасан байна.
Уг статистикаар урсгал тэнцэл эхний нэг сард 24.1 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 72 хувь буюу 62.9 сая ам.доллараар буурсан байна. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 38 буюу 95 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн хөрөнгө, санхүүгийн дансны тэнцэл өнгөрсөн оны нэгдүгээр сард 311.2 сая ам.долларын алдагдалтай байсан бол энэ сард 101.2 сая ам.долларын ашигтай гарсан байна. Ингэснээр алдагдлын хэмжээ 133 хувь буюу 412.2 сая ам.доллараар буурсан эерэг өөрчлөлттэй байгаа нь нөлөөлжээ.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд сар бүр төлбөрийн тэнцэл дээр 300 орчим сая ам.долларын алдагдал хүлээж ирсэн. Үүний улмаас ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарсан байдаг.