Монголын Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлэх ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Э.Содонтогостой ярилцлаа. Ундны усны шинэ эх үүсвэрийг бий болгох нөр их ажлыг Монголын Мянганы сорилтын сангийн хамт олон хийхээр зорьж байна. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг нэмэгдүүлснээр эдийн засаг өргөжин тэлэх асар олон боломж нээгдэх юм. Усгүй үйлдвэрлэл гэж үгүй билээ.

Ижий, аав маань бидэнд үлгэрлэсэн

Ярилцагчдаа шууд ингэж хэлж байгааг минь уучлаарай. Гэхдээ би таныг танихгүй, энд тэндхийн хурал сурвалжлахаар очоод таарч байснаас өөрцгүй, зүс мэдэхээс л цаашгүй дулимаг мэдээлэлтэй хүн. Ямартай ч 2016 онд 50 гаруй орны төр засгийн тэргүүн АСЕМ-аар манай улсад ирэхэд англи хэлний орчуулгаараа шагшигдаж байсныг тань бүүр түүрхэн санаж байна. Ер нь Содонтогос гэж хүн гэнэтхэн хаанаас гараад ирэв, ямар замналаар явж энд ирэв гэх жижүүрийн асуултаар яриагаа эхэлье. Хоёулаа танилцъя л даа. Өсвөр наснаасаа эхлэн яриач.

Эх орондоо сурч боловсорч, ажиллаж амьдарч байгаа л иргэн хүн. Өнөөдрийг хүртэл төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад тэнцвэртэй ажиллажээ. Хуучнаар зөвлөлтийн 14-р дунд сургуулийг төгсөж, 1990 онд Гадаад хэлний дээд сургуульд элсэн суралцаж англи-орос хэлний орчуулагчийн мэргэжил эзэмшсэн. Аав минь МУИС-ийн англи хэлний ангийг оройгоор сурч төгссөн хүн. Хүүхдүүдээ багаас нь гадаад хэлтэй болгохыг хүсдэг, боловсролыг эрхэмлэгч хүн байсан. Гадаад хэлийг сайн эзэмшсэн хүний жаргал, сэтгэлийн баяр баясгалангийн талаар их ярина. Бид аавынхаа ярианд шимтэнэ, төсөөлнө, мөрөөднө. Тэгээд Хүүхдийн ордны англи хэлний дугуйланд Оюунсайхан багшаар англи хэл заалгасан. Ээж маань бага ангийн багшаар насаараа ажилласан. Орос сургуульд монгол хэлний хичээл заадаггүй, хөтөлбөрт нь байдаггүй. Ахлах ангид долоо хоногт ганцхан цагийн хичээл заадаг. Тийм учраас ээж маань орос сургуулиар явсан дүү бид гуравт монгол хэлний дүрэм зааж, нэг ёсны хэл уран зохиолын багш маань байсан.

Аавын тань хэл сурах сайхныг мэдрүүлсэн, ойлгуулсан ухаан их нөлөөлжээ. Нөгөөтэйгүүр гэр бүлийн орчин, хандлага, хэв маяг ч түлхэц болжээ дээ..?

Аав маань маш их урам өгдөг хүн байсан. Хүн урмаар тэтгэгддэг амьтан. Биднийг хэзээ ч “Үүнийг сур” гэж хүчилдэггүй. Гэхдээ сурах үнэхээр сайхан шүү гэх сэдлийг төрүүлдэг байсан. Аавдаа магтуулахын тулд англиар шүлэг цээжилж, дуу дуулна. Тэгэхэд аав “Миний охин ямар мундаг юм бэ” гэнэ, өнөөдөр би ийм мундаг байна маргааш 20, нөгөөдөр 100 үг цээжилчихвэл гэж бодно. Энэ мэргэжлийг анх аавтайгаа очиж сонгож байлаа. Дөрөвдүгээр дамжаанд байхад НҮБ-ын Хүн амын санд орчуулагчаар ажиллах урилга ирсэн. Тэнд эх, хүүхдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, төрөх нярайн чиглэлээр Жав, Үйлст, Жаргалсайхан, Мэндсайхан гээд олон мундаг эмч нартай ажиллаж, эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлийн ном, сурах бичгүүд орчуулах, сургагч эмч нарын сургалтыг орчуулах гээд зөндөө хүнд боловч сонирхолтой сайхан ажлууд хийдэг байлаа. Тухайн үед надад их хүнд байсан. Гэхдээ хэлнийхээ мэдлэгийн түвшинг ахиулах маш том боломж байсан.

Тэр үед англи хэлтэй хүн ч их биш байсан байх?

Тийм. Манайх Гадаад хэлний дээд сургуулийн хамгийн анхны англи хэлний ангийн төгсөлт. Тэр үед багш нар маань мундгууд байлаа. Цэрэндэндэв, Батнавч, Чинбат, Дэлгэрмаа, Сувдаа гээд олон сайхан багш нар хичээл ордог байв. Цэрэндэндэв багш маань англи, герман, франц, хятад хэлтэй, гайхамшигтай хүн байсан. Би тэр багшийнхаа заасныг сургууль дээрээ ч, гэртээ ч ягштал давтана, мөрдөнө, хэрэгжүүлнэ. Зарим хүмүүс намайг Монголдоо англи хэлийг яаж сурсан бэ гэж асуудаг. Аав, Цэрэндэндэв багш хоёр маань намайг англи хэлэнд дурлуулсан. Тиймээс би дурлаж, шимтэж сурсан. Зүтгэж, хөдөлмөрлөж сурсан. Миний дүү тэр үед бас оюутан болоод япон хэл сурч байсан. Оюутны дөрвөн жил шөнийн хоёр гурван цагаас өмнө дүү бид хоёр өрөөнийхөө гэрлийг унтрааж үзээгүй.

Тэр үеийн сарын 1200 долларын цалинг 49 мянгаар солиод төрийн гурван өндөрлөгийн орчуулагч, олон улсын байгууллагын газар атташегээр орсон.

Ижий, аав хоёр тань бүх сайн сайхны бас итгэл үнэмшлийн хэмжүүрийг тогтоож өгчээ дээ?

Хүний хамгийн их итгэдэг, үгийг нь сонсдог хүн ижий, аав, ах эгч байдаг. Бүх сайн сайхан, итгэл үнэмшлийн хэмжүүрийг анх тогтоож өгдөг хүн аав, ээж, бага ангийн багш нар юм. Бид хэд азтай. Маш сайн багш нартай байсан. Хүний суурь боловсрол бол гэр бүлдээ авсан хүмүүжил байдаг байх. Ах, эгч нар маань гадаадад сурна. Зуныхаа амралтаар нутагтаа ирэхэд нь аав, ээж хоёр маань лагерийнхаа байшинд “party” хийнэ. Танго бүжиглэнэ, дуу шүлгээ уншина. Олон хүүхэдтэй айлыг манай аав ээж хоёр яг клуб шиг удирдана. Аав ээжээр дуулуулах дуртай. Бид аав ээжийнхээ нутгийн дуу, уртын дууны сайхныг ээжийхээ дуунаас сурсан. Монголоо мэдэх, таних, хайрлах ухаан тэндээс эхтэй. Аав маань надад “Мосвагийн үнэн” сонинг англи хэл дээр долдугаар ангиас маань захиалж өгсөн. Сониноор, сэтгүүлээр дамжуулж танин мэдэхүй тэлнэ. Ээж маань уншсан номоо байнга ярьж өгнө. Аавын төрсөн тал нутаг, өөрийн өссөн уулс толгодын талаар ээж яг кино шиг, нүдэнд харагдтал ярина. Ингэж ээж аав маань бидэнд эх орны тухай анхны ойлголт, эх хэлний суурь мэдлэгийг олгосон. Төрөлх хэлээ сайн сурч байж гадаад хэлийг сурна гэдгийг тэд маань ойлгуулж байжээ.

Сургуулиа төгсөөд НҮБ-д үргэлжлүүлж ажиллав уу?

Сургуулиа төгсөөд тухайн үед АНУ-ын Засгийн газар Монголын Засгийн газартай хамтарч хэрэгжүүлж байсан “Албан бус хэвшил болон институционал шинэчлэл” нэртэй төсөлд орчуулагчаар ажилласан. Тэнд эдийн засаг, англи хэлийг хослуулж ашигладаг болов. Гэхдээ надад эдийн засгийн академик түвшний боловсрол байгаагүй учраас сурахаар шийдсэн. Ингээд ажлынхаа хажуугаар СЭЗД-ийн Банк-зээлийн эдийн засагчийн ангид элсэж суралцлаа. Тэр сургуулийг төгсөөд хөрөнгө оруулалт, зах зээлийн  эдийн засгийн онолын талаар мэдэж авсан. Тухайн үед Гадаад харилцааны сайдаар Л.Эрдэнэчулуун гуай ажиллаж байв. “Төрийн гурван өндөрлөгт орчуулах орчуулагч хэрэгтэй байна. Чи олон зуун долларын цалингаа орхиод 49 мянган төгрөгийн цалин аваад төрийн гурван өндөрлөгийн орчуулагч бол” гэсэн санал Л.Эрдэнэчулуун сайд тавьсан.

“Улс дуудаж байгаа бол миний охин очих ёстой”

Хэдэн он бэ?

2000 он. Улс дуудаж байна, миний сурсан зүйл хэрэгтэй болжээ гээд ижий аавтайгаа ярилцсан. Аав маань “Ийм л зүйлийн төлөө чи хэлийг сурсан шүү дээ. Хоёрыг уулзуулж, холыг ойртуулах гэж хөгжлийн замыг хурдасгахаар миний охин хэл сурсан биз дээ. Улс чамайг хэрэгтэй байна гээд дуудаж байвал охин минь оч” гэсэн. Тэр үеийн сарын 1200 долларын цалинг 49 мянгаар солиод төрийн гурван өндөрлөгийн орчуулагч, олон улсын байгууллагын газар атташегээр орсон. Тэнд жил хагас хэртэй ажиллаж байтал БНСУ-д Олон улсын улс төр, эдийн засгийн чиглэлээр сурах завшаан тохиосон. Ингээд Кюн Хи-ийн их сургуулийн Олон улс судлалын сургуульд Олон улсын улс төр судлал-эдийн засгийн ухаанаар суралцаж магистрын зэрэг хамгаалсан. Хамгаалсан сэдэв маань “Чөлөөт худалдааны гэрээ, түүний улс төр зүй”. Сургуулиа төгсөөд Гадаад харилцааны яамандаа ажиллах бодолтой ирсэн боловч мөн орчуулагчийн ажлаа хийх шаардлагатай болсон тул ҮАБЗ-ийн Ажлын албанд мэргэжилтнээр орж Ерөнхийлөгчийн орчуулагчаар ажиллах болсон. Тэндээ хоёр жил ажиллаад хувийн хэвшилд орсон доо.

Гэхдээ хувийн хэвшил рүү орсон тань алдаа болоогүй байх гэж бодож байна. Ядаж л харьцуулах шинэ тутамтай танилцах, суралцах боломж гарч ирсэн байна шүү дээ?

Алдаагүй. Уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалтыг 4-5 хүнтэй хамтран санаачилж, түүнийхээ ерөнхий менежэрээр ажиллалаа. Мөн хажуугаар нь Л.Болормаа агсантай хамтарч “Mongolian Minig Journal” сэтгүүлийг монгол, англи хэл дээр эрхлэн гаргасан юм. Энэ хооронд Үндэсний телевизээр гардаг “Face to face” нэвтрүүлгийг хөтлөх санал авч, ажилласан. Нэлээд хэдэн жил хөтөлсөн шүү. Ингээд байж байтал 2009 онд Ерөнхийлөгчийн гадаад харилцаа, орчуулга, протокол хариуцсан шадар туслах болооч гэсэн санал ирсэн. Амин хувиа бодвол өндөр цалинтай хувийн хэвшилдээ баймаар байдаг. Гэтэл аавын минь хэлсэн үг цээжнээс гогдоод болдоггүй. Ээждээ хэлтэл “Аавынхаа хэлсэн үгийг санаж байгаа биз дээ” гэсэн. 2009 онд Ерөнхийлөгчийн шадар туслахаар ажиллаж эхлээд төрийн нүд чих, хэл болох ёстой юм байна гэж бодож байлаа. Төрийн тэргүүний хэлсэн үг Монгол төрийн, түмний үг байдаг. Тэр үгийг би гаднынханд хүргэх ёстой. Би Ерөнхийлөгчийн орчуулгыг хариуцна, хэлэх үгийг нь англи хэл дээр бичихийн зэрэгцээ гадаад харилцааны туслахаар ажиллаж байтал 2015 оны гуравдугаар сард одоогийн энэ албан тушаалд Засгийн газраас намайг томилсон.

Таны одоо хийж байгаа ажлын тухай би сүүлд асууя. Сэтгэлгээ, хандлагын талаар танаас асуух гэсэн юм. Төрд, хувийн хэвшилд ялангуяа энэ их ялгаатай, заагтай зүйл болчихсон мэт санагдаад болдоггүй..?

Нийгэм байнга урагшаа, өөдөө, хөгжил дэвшил рүү тэмүүлж байх ёстой. Ухамсарт хүний амьдралын зорилго хөгжил дэвшлийн төлөө юм. Хувь хүн нийгмийнхээ нэг эд эс болохын хувьд өөрийгөө хөгжүүлж, сайн сайхны төлөө сэдэлжүүлж байх шаардлагатай юм байна. Үүнд албан ёсны академик боловсрол маш чухал. Одоо диплом үнэ цэнэгүй гээд байна. Уг нь хамгийн үнэ цэнэтэй юм байх ёстой юм. Сонгодог нийгмийн утгаараа диплом тухайн хүний эзэмшсэн албан ёсны боловсролыг нотлох хамгийн тод баримт. Тэгэхээр иргэн нь боловсролтой, зөв хүмүүжил төлөвшилтэй, нийгмийн харилцааг зохицуулах чамбай хуулиуд нь байгаад тэдгээрээ ягштал баримталтаг байвал хөгжил дэвшилд хүрч чадна. Төрд ч, хувийн хэвшилд ч зөв сэтгэлтэй, тууштай, шударга хүн хэрэгтэй. Ялангуяа төрд ажиллах хүн бол илүү хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, эх орноо бүтнээр нь сэтгэлдээ багтааж, нийтлэг эрх ашгийг дээдэлдэг хүн байх ёстой. Хүн чадахгүй, мэдэхгүй байж болно оо, энэ бол засч болдог зүйл. Хүн сэтгэл муутай л байж болохгүй. Тиймээс биеээ засаад төрөө зас гэдгийг би сэтгэлээ засаад гэж ойлгодог.

Боловсролтой ч буруу хандлагатай хүмүүс бас байна

Боловсролтой хэр нь буруу хандлагатай байвал яах вэ?

Боловсролтой боловч буруу хандлагатай хүн бол хөгжлийг чөдөрлөнө. Хөлийг нь тушаад зогсохгүй бүдрээнэ. Бид нийтээрээ урагшаа явъя гэвэл иргэн бүр боловсролтой, зөв хандлагатай байх хэрэгтэй. Боловсролгүй боловч зөв хандлагатай, эрүүл сэтгэлтэй байх нь боловсролтой, буруу хандлагатай байснаас хавьгүй дээр гэж би боддог.

Зөв хандлага гэхээр суурь хүмүүжлийн асуудал яригдана. Цаашлаад гэр бүлийн тогтвортой байдал, хүн ам зүйн бодлого гээд өргөн хүрээнд яригдаж таарах нь ээ?

Макро талдаа боловсролын тогтолцоо, бодлого, хууль гээд зөндөө зүйл бий, микро түвшиндээ гэр бүлийн хүмүүжил, гэр бүлийн тогтвортой байдал, үнэт зүйлсээс л зөв хүмүүжил хандлага эхэлнэ. Хариуцлагатай эцэг эхийн дэргэд тийм хүүхэд-иргэн бий болно. Бид хүүхдүүдийнхээ өмнө үзүүлж буй үлгэр дууриалал жижиг мэт зүйл биш, үүнээс чинь нийгэм, улс орны ирээдүй шалтгаална.

Ийм хандлага төлөвшлийг бий болгохын тулд зангидсан бодлого хэрэгтэй юм уу. Хүмүүс ухаарахгүй, сэхээрэхгүй байна шүү дээ. Бүр бүхэл бүтэн нэг үе бий болчихлоо?

Үлгэр дууриалал маш чухал байна. Төрийн болон хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг их. Энэ нийгэмд хамгийн урд талд манлайлах хүмүүс бол зөв хандлагатай сэтгүүлчид юм гэж би лав боддог. Оюун санааны элитүүд зохиолч, сэтгүүлчид байсаар ирсэн. Ардчилал гарч ирэхэд бүх зүйлийг хийж болно гэх ойлголт монголчуудын сэтгэхүйд суусан. Ардчиллын гавьяа гайхамшигтай их. Санаа бодлоо ил тод илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөтэй болсон нь хамгийн суурь язгуур эрх чөлөө. Өнөөгийн нөхцөл байдалд зарим зүйлд ухамсрын цензур байх ёстой. Нэг ёсондоо, үндэсний ухамсрын шүүлтүүрийн тухай асуудал юм. Боловсрол, хүмүүжил, хандлага гурав нь зөв бүрэлдэх нь хүний суурь баялаг болдог.

Нийгэм хувьсан өөрчлөгдөж байна. Хэвлэл мэдээлэл соён гэгээрүүлэх үүргээ тэр бүр гүйцэтгэж чадахгүй тохиолдол ч гарах боллоо. Хүнд хүндэтгэлтэй хандах, ёс зүй хэм хэмжүүрээ уландаа гишгэлж байх. Яах вэ?

Нийгмийн хөгжлийн чиг хандлагаа хяналтаасаа алдаж болохгүй. Үүнийг боловсрол, хүмүүжил хандлага зална. Ер нь бид өөр өөрсдийн ажлаа хуулийн дагуу, ёс зүйтэй, хариуцлагатай хийхдээ л анхаарах ёстой. Хүн бүрт ажил үүргийн хуваарь бий. Тэр ажлаа л хийе. Бид их ярьж, бага ажиллаж байна. Бас тогтож бодохгүй байна. Бидний хэл нүд хоёр тархинаасаа хурдан ажиллаад байна. Хэлэхээсээ, хийхээсээ өмнө сайн бодож сурвал бид олон муу юмнаас ангижрана.

Усны сайн засаглалыг бий болгоно

Мянганы сорилтын сангийн 350 сая долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах хүрээнд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон. Бид ганц аяга цай чанах, нэг цамц индүүдэхэд хэдий хэмжээний ус ордог талаар боддог бил үү?

Ус авчирна гэдэг Туул голыг амьд байлгана гэсэн үг. Монголын ахуй амьдрал, өнө болон хэтийн зорилго тэмүүлэл, мөн хөгжлийн гацаа тушааг бид Америк нөхөддөө зөв тайлбарлаж, ойлгуулсан гэж боддог. Анх 270 сая гэж ярьж байсан мөнгийг 350 сая доллар болгосон. Тиймээс энэ 350 сая долларын цент бүрийг зорьсон зорилгодоо, усны салбартаа зориулна. Ил тод, нээлттэй байх зарчмаар ажиллана. Амаргүй орж ирсэн энэ хөрөнгийг шударгаар л зарцуулна. Төсөл хэрэгжээд дуусахад биет болон биет бус олон баялаг бүрдэх юм. Усны үнэ өнөөдөр асар бага. Гэр хороололд бид нэг литр усыг нэг төгрөгөөр зарахын тулд долоон төгрөгийн зардал гаргаж байна. Талхны, цахилгаан эрчим хүчний үнэд усны бодит өртөг яаж шингэж байгааг мэддэггүй. Нүүрс, эрчим хүч үнэтэй гэдэг ч бид эрчим хүчээ зах зээлийн үнээр үнэлж чадаагүй. Учир нь бид усны жинхэнэ бодит эдийн засгийн үнэлгээг гаргаагүй байгаа шүү дээ. Ус бол хүний үндсэн хэрэгцээ. Түүнгүйгээр юу ч боломжгүй. Хүн байгаа газар ус хэрэгтэй. Усны үнэ цэнэ, бохирдлын өртгийг ойлгуулна. Усны эдийн засгийн үнэ цэнэ, бохирдлын өртгийн талаарх мэдлэгийг бид системтэйгээр бүрдүүлнэ. Хүмүүс усыг мэдлэгтэйгээр хэмнэдэг болно. Усанд хандах хандлага бүтээлч сэтгэлгээг тэлнэ гээд энэ хөтөлбөрийн капитал хөрөнгө оруулалтаас гадна өгөх өгөөж тун их.

Усны нөөцийн зөвлөлийн хурлын үеэр. 2018 оны 11 сар.

Төслийн хүрээнд хоёр үйлдвэр барина гэж ойлгосон. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

Нэгдүгээрт ус гүн цэвэршүүлэх үйлдвэр. Олборлосон усаа гүн цэвэршүүлээд нийтийн унд ахуйн зориулалтаар ус сувгийн шугам сүлжээнд нийлүүлэх юм. Газрын гүний усыг аваад цэвэршүүлээд нийслэлийн усны өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангана. Энэ үүднээс нэмж Биокомбинат, Шувуун фабрик орчимд гүний худгууд шинээр байгуулж жилдээ 50 сая метр куб ус олборлоно. Олборлосон усаа гүн цэвэршүүлнэ. Хоёр дахь үйлдвэр нь төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа уснаас өдөртөө 50 мянган метр куб ус аваад дахин боловсруулна. Энэ усаа III, IV цахилгаан станцад өгнө. Үйлдвэр ашиглалтад орох үе буюу 2024 онд бид 15 сая метр кубыг жилдээ өгнө. Үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой. Цахилгаан станцын усны хэрэглээ өсвөл 18 сая метр куб болгож нэмэгдүүлж болно. Ахуйн чанартай хаягдал усыг саарал ус гэдэг. Аж үйлдвэрийн болон ахуйн хаягдал ус нийлээд төв цэвэрлэх байгууламж руу ордог. Энэ усыг дахин боловсруулаад, үйлдвэрлэнэ гэсэн үг. Үүнд тодорхой хэмжээний өртөг шингэх учраас бид ус үйлдвэрлэгч орон болно. Ус үйлдвэрлэгч орон болохоор эдийн засгийн өртөгтэй болж, усны үнэлгээнд зайлшгүй өөрчлөлт орно.

Ус үйлдвэрлэнэ гэхээр газрын гүнээс авч таарах уу. Манай усны нөөц ямар байдаг юм бол. Ямар өөрчлөлт гарах вэ?

Эдийн засгийн судалгаа тооцоо хийж үзсэн. Хүн амын өсөлт, эдийн засгийн өсөлтийн чиг хандлага, тооцоо, төсөөлөлтэй уялдуулсан. Ойрын 10 жилд Монголын эдийн засгийн өсөлт дундаж төвшиндөө 6 орчим хувь байна гэж үзвэл манай улс усны хэрэглээг дорвитой нэмэгдүүлэх шаардлагатай. Эдийн засаг өснө гэдэг барилгажилт нэмэгдэж, хотжилт тэлж, өргөжинө гэсэн үг. Үүнийг дагаад усны хэрэглээ нэмэгдэнэ. Одоо нийслэл хот 110 сая метр куб хэрэглээний усны нөөцтэй. Үүнээс 10 эх үүсвэрүүдээр дамжуулж 77 сая метр кубыг ус суваг ашиглалтын шугамаар нийлүүлж байна. Үүний гурван эх үүсвэр нь II, III, IV цахилгаан станцын үйлдвэрлэлдээ ашигладаг худгууд юм. Үлдсэн долоон эх үүсвэрээс гадна хувиараа гүний худаг гаргасан олон аж ахуйн нэгж, иргэн байгаа. Эднийг тооцохгүйгээр зөвхөн ус сувгийн шугам сүлжээгээр авдаг усны хэмжээ жилдээ 54-56 сая метр куб. Манай төслөөр Биокомбинат, Шувуун фабрик орчимд тодорхой тооны гүний худаг бүхий эх үүсвэр байгуулаад тэндээсээ хамгийн өндөр хүчин чадлаараа жилд 50 сая метр куб ус авах юм. Энэ усаа гүн цэвэршүүлээд унд ахуйн зориулалтаар ус сувгийн шугам сүлжээнд нийлүүлнэ.

Усны хүртээмжийг нэмэгдүүлснээр уул уурхай, эрдэс баялгийн салбараас хэт хараат байгаа эдийн засгаа төрөлжүүлж чадах уу?

Ус бүх үйлдвэрлэл үйлчилгээний үндсэн орц. Тиймээс усны үйлдвэрлэл эдийн засгийн бие даасан салбар болж хөгжихөөс илүүтэй бизнес эрхэлье гэсэн аливаа хувь хүн, этгээд устай байвал олон төрлийн бизнес эрхлэх боломж бүрдэнэ. Тэр утгаараа эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж чадна. Маш олон боловсруулах, хөнгөн үйлдвэрүүд хотын баруун тал руу хөгжих боломж бүрдэнэ. Ус хэрэгтэй болно, бас ус үнэтэй болно. Энэ үнийг Мянганы сорилтын сан тогтоохгүй. Монголын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны чиглэл болох юм. Ер нь, Монголын усны салбарт оролцож байгаа бүх нэгж усны үнэ маш бага байгааг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр усны үнийг зөв тогтоох шаардлага үүснэ. Хоёрдугаарт, ус бохирдуулаад байгаа этгээдүүдэд зохих ёсны хариуцлага үүрүүлэх ёстой. Бохирдуулж байгаа хэмжээнд нь үнэлгээг нь тогтоох шаардлага бий. Жишээ нь, “Харгиа” цэвэрлэх байгууламж бохирдлоо цэвэрлэхийн тулд хүнд металл ашигладаг. “Харгиа” өөрийнхөө гарч байгаа усыг төв цэвэрлэх байгууламж руу өгдөг. “Харгиа”-г шинэчлэх шаардлага үүсч байгаа. Дээр нь арьс ширний үйлдвэрүүдээ “Эмээлт” рүү нүүлгэх ажлаа эхлүүлэх нь зүйтэй. Энэ ажлуудыг хийж байж төв цэвэрлэх байгууламж руу орж байгаа усны бохирдлыг бууруулж чадна. Төв цэвэрлэх байгууламж руу орж, гарч байгаа усны стандарт гэж байх. Одоо манайх стандартыг нь баримталж чадахгүй байгаагаас их бохирдолтой цэвэрлэгдсэн боловч бүрэн цэвэрлэгдээгүй усыг Туул гол руу цутгаж байна. Тэгэхээр нэгдүгээрт, ус бохирдуулагч нар ус бохирдуулсны төлбөрөө төлөх хуулиа гаргаж мөрдүүлэх хэрэгтэй. Ус бохирдуулахаас аргагүй үйлдвэр байж болно, тэд өөрсдийнхөө дэргэд жижиг оврын цэвэрлэх байгууламжтай болох ёстой гэх зэрэг шаардлагыг Мянганы сорилтын сан тавьж байгаа.

Усны засаглалыг бэхжүүлэхийн тулд төр үүргээ ягштал биелүүлэх хэрэгцээ шаардлага үүсч байгаа юм байна..?

Үнэн. Хууль гаргасан л бол түүнийг мөрдүүлдэг баймаар байна. Мянганы сорилтын сангаас хийсэн дөрвөн том дүгнэлтийн нэг нь хууль байдаг хэр нь хэрэгждэггүй байдлыг засч залруулах явдал юм. Усны засаглал хэмнэлтээс эхэлнэ. Горимоо зөв тогтоо, усны асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай болох ёстой. Өмнө нь ийм газар байсан юм билээ. Гэхдээ татан буулгасан. Ус стратегийн нөөц баялаг. Тэгэхээр аль түвшинд хэзээ, ямар крантаа нээхээ улс өөрөө мэднэ. Усны аж ахуй цэвэр менежментийн асуудал. Үүний тулд танайх Усны агентлагтай байх нь ашиг тустай гэх саналыг Мянганы сорилтын сангийнхан хэлдэг. Усны чанарыг байнга хянахын тулд үндэсний хэмжээний лаборатори мөн байх ёстой. Энэ лабораторийг төслийн хүрээнд байгуулахаар төлөвлөсөн. Дээрээс нь энэ бүхэнд хүн ажиллана. Мэргэжилтнүүд бэлэн үү гэх асуудал хөндөгдөж байна. Усны салбарт мэргэжилтнүүд бий. Гэхдээ ШУТИС-д суралцаж байгаа оюутнуудыг тодорхой чиглэлээр мэргэшүүлэх шаардлага байна. Тиймээс салбарын яамтай ШУТИС-ийн усны чиглэлийн хөтөлбөрийг шинэчлэх, хоёрдугаарт, ЕБС-ийн сурах бичигт усны талаар ямар контент оруулах вэ гэдгийг ч ярилцана. Монголын Мянганы сорилтын сан одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх гэж байна. Энэ сан байгуулагдахаас өмнө төсөл хэрэгжүүлэгч үүрэг бүхий Үндэсний ажлын алба гэж байсан. Энэ албаны даргаар 2015 оноос хойш ажиллаж байгаад энэ оны гуравдугаар сараас Монголын Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлэх ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар ТУЗ-аасаа томилогдсон. Дөрвөн жил явуулсан ажлаа үргэлжлүүлээд удирдаад явж байна гэсэн  үг.

Гурван том төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Хоёр нь үйлдвэр барих юм байна. Нэг нь юу билээ?

Бодлого, хууль эрхзүй, институцианаль зохион байгуулалт зэргийг шинэчлэх. Мөн иргэдийн усны талаарх мэдлэг хандлага, хэвшлийг өөрчлөх, усыг үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болгох талаас нь амьдрал ахуйдаа хэрэглэх мэдлэг мэдээлэлтэй болгох зорилгоор “Тогтвортой байдлыг хангах” төслийг хэрэгжүүлэх юм. Гурав дахь төслөөр дамжуулан орж ирсэн хөрөнгө оруулалтын үр ашгийг тогтвортой хадгалах, бэхжүүлэхийн тулд бид бодлогын, хууль эрхзүйн институциональ зохицуулалтыг бүрдүүлэх юм. Энэ хүрээнд дээр ярьсан усны үнэ цэнийн тухай ойлголтыг шинээр бүрдүүлнэ. Усны эдийн засгийн үнэ цэнэ, бохирдлын өртгийг тооцож эхэлнэ. Үнэ тарифын харьцуулсан судалгаа хийнэ. Ингэснээр усны одоогийн мөрдөгдөж байгаа үнэ тарифт тодорхой хэмжээгээр өөрчлөлт орно. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвар, амьжиргаанд нөлөөлж, хүнд цохилт болохооргүй үе шаттай шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Энэ шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө олон судалгаа хийнэ. Үүний тулд усны салбарынхан, энэ чиглэлийн мэргэжилтэн, эдийн засагч, эрдэмтэдтэй хамтарч ажиллах юм.

Манайх Мянганы сорилтын сангийн өмнө нэлээд үүрэг хүлээх нь. Тэр үүргээ биелүүлэхгүй байх вий гэх болгоомжлол төрж байна..?

Олон үүрэг бий. Гэрээ маань соёрхон батлагдлаа. Одоо хүчин төгөлдөр болж, үйлчилж эхлэхийн өмнө бид хэд хэдэн болзолт нөхцөлийг хангах үүрэгтэй. Тэдгээрийн нэлээд хэд нь төв цэвэрлэх байгууламжтай холбоотой. Жишээлбэл, төв цэвэрлэх байгууламжийн төслийн санхүүжилтийн гэрээ байгуулагдаж, ажлын төлөвлөгөө нь ч бэлэн болох ёстой юм. Манай гэрээ хүчин төгөлдөр болоод гурав дахь жил дээр төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил дууссан байх шаардлагатай. Гэрээ ирэх оны дунд гэхэд хүчин төгөлдөр болох болов уу. Цэвэрлэх байгууламж мөн MNS49:43 гэх стандартаа барьсан ус гаргадаг болох ёстой. Дээр нь УСУГ- ыг алдагдалгүй байгууллага болгох шаардлага бий. Энэ байгууллагыг өргүй болгохын дээр санхүүгийн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ёстой. Учир нь, энэ газар төсөл хэрэгжиж дууссаны дараа гурван үйлдвэрийн ашиглалтын зардлыг хариуцна. Өндөр тоо гарна. Энэ бүх гэрээг зөвшөөрөөд манай Засгийн газар гарын үсэг зурсан. Гэрээгээ мөрдөхгүй байвал Мянганы сорилтын сан мөнгөө өгөхгүй байж болно. Ямар тохиолдолд гэрээг цуцлах, түр зогсоох вэ гэх заалтууд бий. Өртгөө нөхөх төлөвлөгөөг мөн боловсруулах үүрэгтэй. Гэрээ хүчин төгөлдөр болсон цагаас таван жилийн хугацаатай байх юм.

Хамгийн шударга, ил тод мэргэжил бол орчуулагч

Ус бол таны ойрын 7 жилийн зорилго гэж ойлголоо. Алс хэтийнх нь юу вэ?

Утга зохиол орчуулна. Монголчуудын уламжлал, соёл, түүх, оюуны бүтээлийг дэлхийд таниулмаар байна. Дэлхийд бид алт мөнгөөрөө биш, оюунаараа үлгэр жишээ үндэстэн. Манай монголчууд их оюунлаг хүмүүс. Тэр сайхныг нь орчуулгаараа дамжуулж дэлхийн таниулна. Ингэснээр бид дэлхийн улс орнуудтай илүү үр бүтээлтэй хамтран ажиллах боломж нэмэгдэнэ. Хамгийн эрх чөлөөтэй мөртлөө эрх чөлөөгүй мэргэжил бол орчуулагч. Цэвэр ур чадвар шаарддаг ажил. Монголын тухай гоё үг хэллээ, түүнийг орчуулах гээд үгээ мэдэхгүй бол ганц би биш Монгол муухай харагдана. Орчуулагч хүнд мэдэхгүй байна гэдэг их өртөгтэй. Дээр нь хязгаарлагдмал эрх чөлөөтэй мэргэжил. Хүний бодлыг, үгийг өөрийнхөө зүрх сэтгэлээр дамжуулж гажуудуулахгүйгээр хүргэнэ. Маш их бүтээлч байж болох ч эрх чөлөө нь хумигдмал.

Үгийн баялагтай, толгой нь “дүүрэн” байх ёстой байж таарах нь ээ?

Орчуулагч хүнд мэдэхгүй байх эрх байдаггүй. Уншчихсан, мэдэж байж л утгаа зөв гаргана. Байнга уншиж байж үгээр дутахгүй болно. Энэ гэхдээ хэн нэгний хэлсэнээр заавал унших тэдэн ном гэдгээс өөр шүү дээ. Миний оюун санаа юуг эрэлхийлж байна, түүнийгээ л уншина. Гэхдээ иймэрхүү ажил хийгээд эхлэхээр мэргэжлийн сэтгүүл их уншдаг болдог юм байна.

Одоо ямар ном уншиж байна вэ?

“Өгөө аваа”, Израилийн усны тухай хоёр ном уншиж байна. Израил маш сонин орон. Тэнд ус хамгийн үнэтэй. Усаа алтнаас илүү үнэлнэ. Тэндхийн төв цэвэрлэх байгууламжийг очиж үзээд ёстой атаархаж үзээгүйгээрээ атаархаж билээ. Нөгөө танил үнэр маань хаа байна, нөгөө гарч байгаа усны өнгө нь ямар байна гэж үзэх гэтэл бид нэгэн цэцэрлэгт хүрээлэнд очоод сайхан кинотеатрт усны тухай кино үзээд, төгсгөлд нь бор, шар, цэхэр цагаан, тунгалаг устай 4 лонхийг “манай үйлдвэрийн цэвэрлэгээний түвшин энэ” гэж үзүүлээд танилцах аялал маань дууссан. Тэндхийн технологи гайхалтай. Бидний ганц удаа шүршүүрт орох усаар тэд 4 удаа орох усыг зөвхөн шүршүүрийн технологио сайжруулснаар гаргаж байна. Гэхдээ гутраагүй. Байдаг гэдгийн нь мэдээд авсан юм чинь тийм зүйлийг Монголдоо ч авчирч болох юм билээ. Уучлаарай, жоохон хазайчихлаа асуултаас. Сая найз маань “Buddhist Economics” гэж сонин гоё ном өгсөн. Уншиж байна. Завтайсан бол орчуулахсан. Бидэнд тун ойр агуулгатай юм билээ.

Нийгмийн өөрчлөлтийг бид буруу ашигласан юм уу даа гэж би заримддаа боддог. Ардчилал сайхан юм. Гэхдээ..?

Бид өмнөх нийгмээ үдэхдээ гэр бүлийн үнэт зүйлээ гээчихжээ. Монгол өндөр заяатай улс учраас өөрөө өөрийгөө засаад аваад явах ардын ухаан байгаа. Монгол хүний ноён нуруу, ухаанд найдаж байна. Ийм итгэл хүн бүрт байх ёстой. Тэр итгэл найдвар болж биежнэ. Итгэл найдвар үйл хэрэг, үйлс болно. Бүх хүнд унших, мэдэх эрх байна. Яриа бүхэн маань эргээд гэр бүл рүү орох гээд байгаа учраас ингэсхийгээд орхие. Өнгө мөнгөний, хүнд сайхан харагдах гэсэн хэн нэгнээс дутахгүй байх гэсэн хандлага бий болчихлоо гэж зарим нь хэлэх юм. Зөв л явж байвал хүнээс дутсан ч яадаг юм. Монголчууд хоосон нэрэлхүү.

Танд, надад байгаа тэр итгэлийг бусдад бий болгохын тулд нөлөөллийн ажил хэн нэгэн хийх ёстой юм биш үү?

Боловсролоор дамжуулж хийх ёстой. Энэ нь дан ганц багш нараар дамжуулна гэсэн үг биш. Эргэн тойронд чинь чамд зөвлөгөө өгөх хүн, өөртөө үлгэр дууриал болох хүнтэй бай. Хүн хүнээ бараадаж л амьдрах хорвоо, чаддаг нь чаддаггүйдээ, мэддэг нь мэддэггүйдээ туслаж, нэгнээ түшиж тулж амьдармаар байна бидний цөөхөн монголчууд. Бас номоо унш. Шаардлагатай мэдлэг, мэдээллээ сургуулиас авч чадахгүй бол номоо унш. Ном уншиж байж л хүн өөр болно. Ямар нэг хөгжилд дэвшилд зовж байж, хөдөлмөрлөж байж хүрдэг. Хүн бүр техник технологитой хэт их харьцаад сэтгэл зүрхэнд байх ёстой гэр бүлийн үнэт зүйл хэмээх тэр орон зайг алга болгочихжээ. Сэтгэл зүрхэндээ үлдээх, хоногшуулах зүйлд орон зай хомс болоод байна. Хүн бодохоо урьтал болгохгүй, үйлдлээ эхэнд тавьж байна.

Тантай ярилцахад сайхан байлаа. Сайн сайхан бодол бүхэн сүүн зам, гэгээ татуулж байдаг учраас би танд эрүүл энх, хамгийн гэгээн бүхнийг хүсч байна. Ээжийнхээ тэр сайхан нутагт ижийтэйгээ хамт очиж үзэх ерөөл өргөе.

Очиж үзмээр байна. Ажлаас болоод сүүлийн дөрвөн жил би хөдөө бараг явсангүй. Алтан овоодоо олон удаа очсон. Ээж минь хүүхэд насаа тольдож өссөн Увсын Цагаанхайрханы Мөндөөхөй нууранд ээжтэйгээ хамт очиж үзмээр байна. Баярлалаа, Батзаяа. Чамд бас сайхан бүхнийг хүсье.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл №403 дугаар