Өнөөдөр 13:30 цагийн үед Монголын хүүхдийн ордны ард талын барилга дээрээс замын хөдөлгөөнд оролцож байсан авто машин дээр блок унасан осол гарлаа.
Тодруулбал, уг барилгаас “Приус 20” маркийн машин дээр чулуу унаж, цонх болон машины дотор салон эвдэрч хэмхэрсэн байна. Машинд жолооч болон хажууд нь нэг эмэгтэй, арын суудалд нэг эрэгтэй зорчиж байжээ. Азаар хүн ноцтой гэмтэж бэртээгүй бөгөөд жолоочийн зүүн хөл бага зэрэг гэмтсэн, гарыг нь шил зүссэн тул ГССҮТ-рүү авч явжээ.

Осол гарсан замын хажууд баригдаж байгаа уг барилга нь "Глобал хурд" ХХК-ийх бөгөөд оффисийн зориулалттай уг барилгын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа. Компанийн зүгээс тодорхой хариулт өгөлгүй, аюулгүй байдлаа бүрэн хангасан гэдэг тайлбар өгч байна. Гэтэл тус компанийн барилгаас 2015 онд бэхэлгээ төмөр унаж, машины хамрыг цөмөлсөн хэрэг гарч байжээ.

Хэргийн газар цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламж болон мэргэжлийн хяналтынхан ирж шалгалт явуулжээ.
Энэ сарын эхээр НМХГ-аас барилгын орчны аюулгүй байдлыг бүрэн хангаагүй барилгуудын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийг арилгуулна гэж анхааруулж байсан. Тэгвэл мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ талаар тодруулахад лед телевиз суурилуулах ажил үлдсэн зэрэг барилгын ямар ч ажил явагдаж байгаа үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тор татах, хөдөлгөөн хязгаарлах зэргээр арга хэмжээ авах ёстой гэж хэллээ.
