УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Дорноговь аймгийн Алтанширээ суманд Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай асуудал яригдлаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ нэг тэрбум ам.доллартоо багтахгүй байгаа. 236 сая ам.доллароор давж байгаа. Дэд бүтцийн бүтээн байгуулалт нь 95 хувьтай явж байгаа. 28 км төмөр замаа тавиад дуусаж байгаа. Ирэх зургадугаар сард хүлээлгэж өгнө. Цахилгаан станцын дэд станцууд суурилагдсан. Одоо авто замын суурь бүтцийн ажлууд хийгдэж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар УИХ танилцуулна гэсэн бодолтой байна” гэв.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай “Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилга байгууламжийн ажил дуусаж байгаа. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх Энэтхэгийн компанитай гэрээ байгуулахаар ажиллаж байна. Гэрээний асуудал шийдэгдэж энэ жил үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосоо хаанаас авах вэ гэдэг асуудал яригдаж байгаа. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн олборлолт явуулж буй 19, 21 дүгээр талбайгаас жилд сая гаруй тонн газрын тос олборлож байгаа. Энэ жил нэг сая 50 мянган тонн газрын тос олборлохоор төлөвлөсөн. Мөн Зүүнбаянд үйл ажиллагаа явуулж байгаа “Доншин” компани жилд 50 мянган тонн газрын тос олборлож байгаа. 2023 онд үйлдвэр ашиглалтад ороход нэмээд 200-300 мянган тонн тос олборлодог болчихсон байх боломжтой. “Петрочайна Дачин Тамсаг” компани буцааж авсан талбайдаа хайгуул явуулж, олборлолтоо нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлсэн” гэлээ.