
БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнол, хувьсгалт амжилтыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалах удаа дараагийн байлдаанд алтан амиа өргөсөн Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан анхны Гэрэлт хөшөөг Зайсан толгой дээр босгосон нь 1956 он байлаа. Уг Гэрэлт хөшөө нь тахисан шүтээн хэмээх төвөд нэр бүхий Чоддин гэх суваргын төрлөөр баригджээ. Чоддин хэлбэрт хөшөө нь дангаар бус XVII зууны буюу Бага хаадын үеийн цайз хэрэм, бэхлэлтийн уламжлалыг хадгалсан бүтээгдсэн байгууламж юм. XX зууны эхэн үед хотын ерөнхий төрх, байдлыг хардаг гол өндөрлөг нь Тасганы овоо байснаа 1950-иад оноос хойш Зайсан толгой дээрээс хотыг тольдох болсон түүхтэй.
Алтан тэвшийн хөндий, Богд хан уулын хойд бэл, Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан Гэрэлт хөшөөг өөрчлөн цогцолбор байгуулах зураг төслийг 1969 оны гуравдугаар сарын 28-ний өдрийн 90/87 дугаар тогтоолоор батлав. Ерөнхий архитектор А.Хишигтийн удирдлага дор архитектор Т.Мишиг, Н.Уртнасан, Д.Өлзийхишиг, инженер-конструктор С.Я.Кузнецов, И.Бадай, залуу барималч Ц.Доржсүрэн, П.Зулзага, зураач Я.Үржнээ, Б.Доржханд нарын мэргэжилтнүүд 2 жилийн хугацаанд ажиллаж 1971 оны долоодугаар сарын 6-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгчээ. Тус цогцолборын өртөг тухайн үеийн ханшаар 8 сая 570 мянган төгрөг байсан түүхтэй. Хөшөөний голд монгол үндэсний гэрийн тулгыг бэлгэдсэн 22 метрийн голчтой, 3.2 метр өндөр дугуй ханын гадуур БНМАУ, ЗСБНХУ-ын алдар гавьяаны одонгуудыг товойлгон сийлж, үндэсний хээ угалзаар чимэглэсэн байдаг. Ханын дотор талд ах дүү хоёр армийн түүхэн замнал, 1921, 1939, 1945 оны ялалт, манай хоёр орны найрамдал нөхөрлөлийг өнгөт чулуун шигтгэмэл (мозайк)-ээр дүрсэлжээ. Дугуй ханын ханын төв дунд монгол үндэсний давхар алхан хээгээр тасамдан чимэглэсэн улаан боржин чулуун цөгц байрлуулж, мөнхийн гал бадраажээ. Уг цогцолбор нь Улаанбаатар хотын хамгийн өндөр буюу 27 метр өндөр хөшөө бүхий томоохон байгууламж юм. Хоёр дахь удаагаа шинэчлэн барьсан Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан цогцолбор нь дайчдын хөшөө, хөшөөнд хүрэх явган хүний болон автомашины зам, авто зогсоол, цуглааны талбайтай болж өргөжсөн аж. Зайсан толгойн дундах машины зогсоолыг тухайн үеийн Төв Хорооны улс төрийн гишүүний тоогоор 9 зогсоолтой хийсэн гэдэг. АДХГЗ-ын 1987 оны 326 дугаар тогтоол, НИТХТ-ийн 2007 оны 197 дугаар тогтоолоор хамгаалалтад авчээ.

Л.Эрдэнэжаргал