УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрийн санаачлан боловсруулсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
1996 онд Орон сууц хувьчлах тухай журам батлагдаж, нийтийн зориулалттай орон сууцны байр, байшин, түүнд ногдох дундын өмчлөлийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй хувьчилж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн хариуцах үүрэг бүхий "Сууц өмчлөгчдийн холбоо" байгуулагдан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлжээ. Улмаар 2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдан хэрэгжиж байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 16 жилийн хугацаанд үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн боловч хуулийн зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх шаардлага байсаар байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл батлагдсанаар "Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь баталгаажих, холбооны зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүний тогтолцоо, эрх хэмжээг хуулийн хүрээнд зохицуулах, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тодорхой болох, төрийн ба төрийн бус байгууллага, сууц өмчлөгч, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага хоорондын харилцааг зохицуулах, орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, бүртгэл, засвартай холбоотой харилцааг шинэчлэн зохицуулах ач холбогдолтой” гэж хууль санаачлагч үзэж байна.