
Итгэл алдсан намууд
Улс төрийн намуудын рейтинг тогтоосон судалгаа идэвхжлээ. Захиалгатай, захиалгагүй энэ олон судалгаанаас нэг л юм тод харагдаж байгаа нь иргэдийн итгэл суларсаар байна. Иргэд хэнд ингэтлээ итгэж ядаж байна гэхээр намд. Парламент дахь сулдаа ганхаж буй популист гэгддэг захын гишүүн л хэдэн арван жилийн түүхээрээ бахархдаг, хэчнээн арван мянгаар нь дэмжигчээ тоолдог намуудын урд талд алхаж явна. Үүнийг батлах ганцхан харьцуулалтыг сануулъя. 2013 оны дөрөвдүгээр сард “Сант Марал” сангаас явуулсан судалгааны дүнгээс харахад эрх баригч АН-ын рейтинг 41 хувьтай, сөрөг хүчин МАН-ынх 31 хувьтай гарч байв. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн, улс төрийн уур амьсгал өнөөдрийнхөөс дутахгүй “халуун” байсан үеийн судалгааны дүн. Гэтэл энэ тоо гурван жилийн дараахь “Максима Консалтинг”-ийн хийсэн судалгаанд МАН-ынх 34.2 хувь, АН-ынх 30.8 хувь болтлоо буурсан байх юм. Өнгөц харахад хоёр том намын рейтингийн байр өөрчлөгдсөн мэт боловч хамгийн гол нь намдуудын рейтинг бүхэлдээ уруудсан байна. АН-д ч тэр, МАН-д ч ялгаагүй иргэдийн итгэл алдарч буй энэ үзүүлэлт гуравдагч хүчин гэгддэг бүх намын хувьд адилхан бууралттай байгааг бас анхаарах ёстой.
Өнгөц харахад хоёр том намын рейтингийн байр өөрчлөгдсөн мэт боловч хамгийн гол нь намдуудын рейтинг бүхэлдээ уруудсан байна. АН-д ч тэр, МАН-д ч ялгаагүй иргэдийн итгэл алдарч буй энэ үзүүлэлт гуравдагч хүчин гэгддэг бүх намын хувьд адилхан бууралттай байгааг бас анхаарах ёстой.
Намд итгэл алдарчихсан энэ үед ирэх сонгуулийн чимээ айлсан ирж, ердөө гуравхан сарын дараа болох гэж байна. Тэр үед мэдээж улс төр идэвхжиж, улаан, цэнхэр далбаа олшрохын хэрээр нам болгоны рейтингэд ахиц гаргах нь гарцаагүй байх. Гэхдээ л сонгуулийн өмнөх хөөсөндөө өөрсдөө итгээд явбал энэ нь явцдаа Монголыг засаглалын өөр хэлбэр рүү ч түлхэж магадгүй байдал бий боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцэн өөр тогтолцоо хүсэмжилсэн давалгаа өрнөж байсан нь үүний илрэл болов уу. Гэхдээ энэ удаад засаглалын өөрчлөлтийн тухайд бус ирэх сонгуулийн өмнөх улс төрийн тухай өгүүлэх гэснээ зориуд тодотгоё. Тэр тусмаа сонгуульд намууд ямар “нэрийн хуудас”-тай орохыг таамаглах гэж үзлээ.
Хуучин дүрэм, шинэ нөхцөл байдал
Оны өмнө шинэчлэн баталсан Сонгуулийн хуулийн гол өөрчлөлт нь гэвэл Ерөнхийлөгч, УИХ, ИТХ-ын гээд бүх сонгуулийг нэг л хуулиар зохицуулахаар болсон. Мөн 2012 оны сонгуулиас хойш яригдсан, хамгийн их шүүмжлэл дагуулсан санал тоолох процесст өөрчлөлт оруулсан юм. Юу гэвэл, нийт саналын 50 хүртэл хувийг гараар давхар тоолж баталгаажуулах хувилбар л даа. Энэ бол нийгмээс шаардаж байсан, Сонгуулийн хуулиас хүлээж байсан нэг л өөрчлөлт. 2012 оноос хойш маргаан дагуулсан бас нэг асуудал бол намын нэрсийн жагсаалт юм. Жагсаалтын ард нуугдаж УИХ-ын гишүүн болдог, улмаар төр барилцдаг гэсэн шүүмжлэлийг зарим иргэн, парламентын гаднахь намууд хүчтэй тавьж ирсэн. Гэвч Сонгуулийн хуулийг батлахдаа энэ “алдаа”-гаа засаагүй, урдынхаар нь 48:28 гэсэн холимог тогтолцоог сонгосон. Тиймээс ирэх сонгуульд намаа дагах 48, намаа дагуулах 28 нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн үг. Тодотгоё. Тойрогт нэр дэвших хүмүүсийн хувьд намын рейтингээс гадна хувь улстөрчийн рейтинг чухал нөлөөтэй. Сонгогч саналаа өгөхдөө нэгд, нэр дэвшигчийг, хоёрт, намын суурь “өнгө”-ийг нь харна. Магадгүй энэ харьцаа 50:50 хувьтай ч байж болох юм. Харин намын жагсаалтын 28 бол тухайн намын нүүр царай нь, “нэрийн хуудас” нь болно. Хүн нэрийн хуудсандаа өөрийн тухай товч, тодорхой, хэрэгцээт мэдээллээ багтаадаг шиг намын жагсаалтад бичигдсэн хүмүүсээр нь тухайн намыг үнэлэх магадлал өндөртэй. Өөрөөр хэлбэл, намын жагсаалт хувь улстөрчийг зовлонгүй УИХ-ын гишүүн болгож болох ч, дэвшүүлсэн намынхаа рейтингийг нэг бол өсгөж, эсвэл унагаж мэднэ. Хүлээн зөвшөөрөгдөөгүй улстөрчид, мөнгөөр “зодсон” бизнесмэнүүдээр жагсаалтаа дүүргэсэн намын рейтинг унана уу гэхээс өсөхгүй. Иймээс л намд итгэх иргэдийн итгэл улам алдарч байгаа энэ цагт зөвхөн намын брэнд нэрээс илүүтэй жагсаалтад хэнийг дэвшүүлэхээс тухайн намын пропорционалиас суудал авах магадлал хамаарах болчихоод байна. Тэгэхээр тоглоомын дүрэм 2012 оныхоороо ч, намуудын рейтинг тэр үеэс өөрчлөгдсөн. Хуучин дүрэм, шинэ нөхцөл байдалд 2016 оны сонгууль болно гэсэн үг.
Хүлээн зөвшөөрөгдөөгүй улстөрчид, мөнгөөр “зодсон” бизнесмэнүүдээр жагсаалтаа дүүргэсэн намын рейтинг унана уу гэхээс өсөхгүй.
Тиймээс ч хамгийн их маргаан дагуулдаг намын жагсаалтыг хэн хэн бүрдүүлэх бол. Энэ асуултын хариулт хэдийгээр эцэслэн тодрох хол байгаа ч ерөнхий баримжаа аль аль намд гарч эхэлжээ. Сэтгүүлчид ч улстөрчдөөс өөрийг нь жагсаалтад орох уу, тойрогт дэвших үү гэсэн асуулт тавьж, тандаж эхэлсэн байна. Харин тэд “Намын хурлаар шийдэгдэх асуудлыг урьдчилж хэлж мэдэхгүй байна” гэсэн тойм, бөөрөнхий хариулт өгсөөр л байгаа. Иймд намын жагсаалтын 28, тэр тусмаа сонгогдох магадлал өндөртэй эхний 10 нэр дэвшигч хэн хэн байж болохыг АН, МАН, МАХН гэсэн гурван нам дээр тандаж үзлээ. Энэ бол намууд одоогийн бүрэлдэхүүнээрээ, эвсэж, нэгдэхгүйгээр орсон нөхцөлд “нэрийн хуудас”-аа хэрхэн бөглөх бол гэсэн таамаг гэдгийг дахин тодотгоё.
АН
Өөрсдийгөө олонхи биш олуулаа гээд буй АН-ын жагсаалтын эхний 10-т хэний нэр байх вэ. Хэдийгээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа тойрогт нэр дэвшинэ хэмээн ам гарсан ч УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд намынхаа жагсаалтын фронтыг тэргүүн эгнээнд бичигдэх магадлал өндөртэй. Үгүй, тойрогт нэр дэвшинэ гэвэл парламентад хамгийн олон суудалтай байгаа намын даргын хувьд хотод өрсөлдөх нь гарцаагүй юм. Нэг бол жагсаалтыг тэргүүлэх, эсвэл хотын тойрогт өрсөлдөх гэсэн хоёр сонголтын өмнө АН-ын дарга З.Энхболд зогсож байна. Хэрэв З.Энхболд тойрогт дэвшвэл Н.Алтанхуяг АН-ын жагсаалтыг хоёр дахиа тэргүүлж магадгүй байгаа аж. Учир нь, 2016 онд АН-ын барьж орох гол хөзрийн нэг нь шинэчлэлийн Засгийн газрын хийж бүтээсэн ажлууд.
Иймээс ч олон аймгийн АН-ынхан Н.Алтанхуягийг жагсаалтыг тэргүүлж, орон нутгуудаар явж шинэчлэлийн Засгийн газрын бүтээн байгуулалтыг танилцуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм билээ.
АН-ын 2012 оны сонгуулийн жагсаалтыг харахад хоёрт бичигдэх улстөрч нь хэн ч байж болно. Заавал намын генсек, намдаа дээрээсээ хоёр дахь албан тушаалтан жагсаалтын хоёрт бичигдэнэ гэсэн дүрэм АН-д үйлчилдэггүй. Гэхдээ генсекээ бас эхний тавдаа багтаахгүй гэсэн дүрэм байхгүй. Өөрөөр хэлбэл, АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сонгуулиас өмнө болох ҮЗХ-гоор жинхэлчихвэл ирэх сонгуулиар жагсаалтын эхний тав дотор баталгаатай эрэмбэлэгдэх болов уу. Мөн АН-аас жагсаалтад орохоор нэрлэгдэж буй улстөрчдийг хэвлэлүүд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Н.Батбаяр, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөр гэж таамаглан бичиж байгаа. Ер нь бол АН-ын жагсаалтын эхний 10 нэр дэвшигчийг фракц бүрээс хоёр, хоёр хүн гээд гаргаад ирж болох юм. Ингэж тооцвол саяхан МоАН нэртэй шинэ фракц байгуулсан УИХ-ын гишүүн Г.Батхүү ч бас жагсаалтад багтах гэж хичээх биз. Эмэгтэйчүүдийн хувьд эхний аравт нэгээс хоёр хүн оруулах байх. Энэ тохиолдолд МоАН-ын Ц.Оюунгэрэл, МоАХ-ын Л.Эрдэнэчимэг, “Шонхор”-ын С.Одонтуяа нар жагсаалтад бичигдэх өндөр магадлалтай. АН-ын хувьд энэхүү жагсаалт ихээхэн өөрчлөгдөх магадлалтай байгаа бөгөөд намуудын нэгдлээс хамаарах юм. Хэрэв ИЗНН-тай нэгдвэл С.Оюун, МҮАН-тай нэгдвэл М.Энхсайхан гээд жагсаалтын эхний 10-т орох өрсөлдөгчийн тоо өснө үү гэхээс буурахгүй.
МАН
МАН-ын дарга М.Энхболд “Намдаа нэг суудал бэлэглэн, тойрогт нэр дэвшинэ” гэж ярьсан тухай мэдээлэл бий. Тэрээр төрөлх Төв аймгийнхаа зүг жолоо залсан тохиолдолд намын даргаа орлон жагсаалтыг тэргүүлэх хүн нь генсек Ж.Мөнхбат байх магадлалтай. Гэхдээ түүнийг ч бас Архангай руу явж магадгүй гэсэн яриа бий. Харин энэ ярианаас илүүтэй бодит байдал, эрсдэлгүй зэрэг хүчин зүйлс нь Ж.Мөнхбатыг жагсаалтад бичүүлэх биз.
2016 оны сонгуульд сөрөг хүчнээр оролцох тус намын хувьд жагсаалтад дээгүүр бичигдэх хүнээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт зүй ёсоор нэрлэгдэнэ. Нам доторх нэр хүнд, намын төлөө дөрвөн жил тасралтгүй дуугарч, сайн мууг нь, гол ачааг нь нуруундаа үүрсэн нь түүнийг жагсаалтын эхээр бичигдэхэд хангалттай нөлөө үзүүлнэ.
Харин эдгээрийн араас гурван удаа тойргоос сонгогдсон, бас эмэгтэй гэдэг давуу тал нь Д.Оюунхорол гишүүнийг оруулж болох юм. МАН-ын хувьд жагсаалт гаргахад хялбар болж байгаа бас нэгэн хүчин зүйлс нь олон удаа сонгогдсон гишүүн олонтой. Жишээ нь, тойргоос дөрвөн удаа УИХ-д гараад ирчихсэн Су.Батболд энэ удаад жагсаалтад бараг л орох болов уу. Тэр тусмаа намын дарга М.Энхболд нь Төв аймагт нэр дэвшинэ гэвэл тойрог суллах үүднээс Су.Батболдын хувьд жагсаалтын эхний 10-т хангалттай багтах биз. МАН-ын жагсаалтад багтах бас нэгэн хүн нь 2012 оны сонгуульд жагсаалтаар сонгогдсон ч УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан У.Хүрэлсүх байх магадлалтай. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулиар хувь улстөрчийнхөө рейтингийг хангалттай хэмжээнд өсгөсөн Б.Бат-Эрдэнэ ч жагсаалтад орох нь тодорхой болсон гэх. МАН-ын жагсаалтыг цааш хөөвөл Ё.Отгонбаяр, Г.Занданшатар гэх нэрс сонсогдож байна лээ. Эмэгтэйчүүдийн квот гэвэл НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа жагсаалтын дээгүүр бичигдэх магадлалтай. Мөн НАМЗХ-ноос ч жагсаалтын эхний аравт, үгүй ядахдаа 11-т нэг хүн оруулах болов уу.
МАХН
Яаж ч жагсаалт гаргаж мэдэх нам бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тэргүүлж буй МАХН. Хэрэв түүнд сонгуульд нэр дэвших хуулийн боломж олдвол тэр жагсаалтыг тэргүүлэх нь ойлгомжтой. Үгүй бол жагсаалтыг тэргүүлэх дараагийн хүнийг МАХН дотроос хайвал Ж.Сүхбаатар байх магадлалтай. Өдгөө генсекийн үүрэг гүйцэтгэж байгаа, МАН-ын генсект өрсөлдөж явсан улстөрчийн хувьд багагүй эрсдэл хийж МАХН-ыг сонгосон түүнд цаад тохироо байгаа нь тодорхой.
Мэдээж нэг хүн жагсаалтад хоёр дахиа бичигдэнэ гэвэл МАХН-ын жагсаалтыг одоогийн УИХ-ын гишүүдээс бүрдүүлж мэдэх л юм. Ч.Улаан, Ц.Оюунбаатар гээд л. Үгүй бол жагсаалтад энэ удаад орох боломж МАХН-ын УИХ дахь гишүүдээс Л.Цог, Д.Тэрбишдагва хоёрт л бий.
МАХН-ын жагсаалтын сургийг цааш тандвал Э.Эрдэнэжамъяан, Э.Батшугар гээд залуус, эмэгтэйчүүдээс Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан Н.Удвал гээд орж ирэх боломжтой. Мөн Д.Сэржбүдээ, Б.Тулга гэсэн нэрс ч дуулдаж байна лээ.
Г.Балжинням