“Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Нарийнсухайтын орд газар 800 орчим сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний батлагдсан нөөцтэй. Техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаагаар нийт хүчин чадал нь жилд 33.5 сая тонн гэж тогтоогджээ. Энэ ордод 2015 оны байдлаар нийт ашигт малтмалын 68 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 16 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 6 компани нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг.
Нарийнсухайтын орд газраас Шивээхүрэнгийн боомтоор дамжин БНХАУ-ын хилийн Сэхэ боомт хүрдэг хүнд даацын авто замын боомтын нэвтрүүлэх хүчин чадал жилд 10-12 сая тонн бөгөөд өнгөрсөн онд тус боомтоор нийт 11.9 сая тонн нүүрс экспортолж, гаалийн мэдүүлгийн дүнгээр 310.9 сая ам.долларын орлого олсон байна. Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас шалтгаалан нүүрсний экспортын өнөөгийн түвшинг нэмэгдүүлэх боломжгүй байгаа төдийгүй тээврийн зардал, логистикийн олон шат дамжлагаас шалтгаалж уул уурхайн бүтээгдэхүүн хямд үнээр борлуулагдаж байгаа аж.
Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж экспортлох шинэ гарц нээгдэж, манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурах тооцоог холбогдох албаныхан хийжээ.
Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 1-ний хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замын талаар авах арга хэмжээний тухай 232 дугаар тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхэ боомтын зориулалттай 13 км төмөр зам барихаар шийдвэрлэжээ. Тус төслийн хөрөнгө оруулагчдаас Гашуунсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн асуудал шийдэгтэл төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх сонирхолгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн аж. Иймд Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замын суурь бүтцийг 1435 мм-ийн царигтайгаар барьж байгуулахаар төсөл санаачлагчид төсөл боловсруулсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ.
Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.